
2011 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоохдоо нэн тэргүүнд олон нийтийн хүсэн хүлээж байгаа нийгмийн өмнө тулгамдсан асуудлуудыг зохицуулахад чиглэсэн болон хуулиар тогтоосон хугацаатай хууль тогтоомжийн төслүүдийг оруулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл тогтов.
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл хэлэлцэх асуудлын дараалалд туссан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Эрүүл мэндийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн ажлын хэсгүүдийг чуулган эхлэхээс өмнө хуралдаж асуудлаа бэлтгэх, намын бүлгүүд дөрөвдүгээр сарын 4-нд хуралдаанаа эхлүүлж чуулганы бэлтгэл хангах үүрэг чиглэлийг Байнгын хороодын дарга, Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн ахлагч нарт өгөв.
Мөн хуралдаанаар 2011 оны Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганыг 2011 оны дөрөвдүгээр сарын 5-ны 11.30 цагт нээх шийдвэр гаргалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.