
Хорих 445 дугаар анги бол жирийн дэглэмтэй, бүсийн хорих анги. Иймээс ч бусад аймаг орон нутгаас жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээж ирэхээс гадна чанга, онцгой дэглэмд хоригдож байсан ялтнууд дэглэм буурч ирдэг гэнэ. Нэг өрөөндөө 8-10 хүн амьдардаг байна. УИХ-ын гишүүний зүгээс ялтнуудаас хоригдсон шалтгааныг асууж, харилцан ярилцаж байсан. Тухайлбал 20 хүрч яваа залуу гэхэд дээд сургуулийн оюутан болоод удаагүй байхдаа хүнтэй зодолдон, нэг мөрөнд нь гэмтэл учруулсан нь шүүх эмнэлгийн магадлалаар хөнгөн гэж гарчээ. Гэсэн хэдий ч эрүүгийн хуулийн 181, танхайрах гэсэн зүйл ангиар зүйлчилж, гурван жил таван сар хорих ял өгсөн байна. Мөн хүний эд зүйл булаагаад 300 мянган төгрөгний хохирол учруулсан, хохирлоо бүрэн төлсөн байхад давтан хэрэг гээд арван жил хорих ял оноосон зэргээс харахад ялын бодлогыг өөрчлөх шаардлага байгааг бодит байдал харуулж байна.
Зарим ялтнууд ч тохирсон ялаа аваагүй гэж үздэг хэмээн төрийн түшээтэй санал бодлоо солилцож байсан юм. Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн хувьд өнгөрсөн 2010 онд эрүүгийн 247 гэмт хэрэгт 339 хүнд ял шийтгүүлжээ. Гэмт хэргийн хувиар нь авч үзвэл бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх болон танхайрах гэмт хэрэг өндөр үзүүлэлттэй гарсан байна.