
Өнөөдөр УИХ-ын гишүүн, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар Дархан-Уул аймгийн Ахмадын хороогоор зочилж, тэдний өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа. Дархан-Уул аймгийн хэмжээнд нийтдээ 6350 ахмад амьдардагийн 5000 гаруй нь Дархан суманд аж төрдөг байна. Аймгийн ахмадын хороо одоогоос гурван жилийн өмнө өөрийн гэсэн байртай болж, үйл ажиллагаагаа эрчимжүүлжээ. Ахмадууд долоо хоногийн гурван гаригт нийтийн бүжигтэй байдаг бол тэгш тоотой гаригуудад аймгийн ахмадын хороон дээрээ сондгой тоотой өдрүүдэд сумын ахмадын хороон дээр хийн дасгалыг цуглан хийдэг гэнэ. Зав чөлөө гарвал эндээ ирж, шатар даам тоглохын зэрэгцээ ахмадын номын сангаар ч идэвхитэй үйлчлүүлдэг болсон. Гишүүнтэй уулзах үеэр аймгийн ахмадуудад тулгамдаад байгаа хоёр том асуудал байгааг ахмадын хорооны дарга Д.Энхтайван хэлэв. Энэ бол ахмадууд нийтийн тээврийн үйлчилгээг үнэ төлбөргүй авч чаддаггүй, харин нөгөө нь манай аймгийн 6350 ахмадад зориулсан нөхөн сэргээх сувилал байхгүй явдал юм байна. Дээрх асуудлыг өөрийн бололцоогоороо шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг тэд тавьсан юм. Мөн Зулзагын голд газар аван, өөрсдөө ногоо тариалж, арай хямд өртөгтэй хүнсний ногоог хэрэглэх бодолтой байгаа тухайгаа ч танилцуулсан юм. Үүний дараагаар Дархан сумын 13 дугаар багийн ахмадын холбооны байраар орж сонирхлоо. Энэ багт 250 гаруй ахмад байдаг гэнэ. Дархан сумын 16 багийн 10 багийнх нь ахмадын холбоо өөрийн гэсэн чөлөөт цаг өнгөрүүлэх байртай болсон бол үлдсэн зургаан багийг байртай болгох хүсэлт ч мөн ахмадуудад байна.
М.Дэлгэржаргал