Мянган хүнд хэрэглэх цусны нөөц бий

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Мянган хүнд хэрэглэх цусны нөөц бий

Манай улсын хэмжээнд цусны нөөц хэр байгаа талаар Цусны төвийн Үндсэн үйл ажиллагааны албаны дарга Н.Халиунаас тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар танай төв хичнээн хэмжээний цусны нөөцтэй байгаа вэ?

-Манай төвийн хувьд 1000 нэгжийн цусан бүтээгдэхүүний нөөц байна. Мөн 480 нэгж буюу уут улаан эсийн бэлдмэл байна. Энэ бол хангалттай нөөц гэж ойлгож болно.

-Өдөрт дунджаар хэдэн донор цус нийлүүлдэг вэ?

-60-90 донор цус нийлүүлэхэд л хангалттай гэж үздэг. Өчигдрийн хувьд 62 донор цус нийлүүлснээс 15 эмнэлэг манайхаас цус, цусан бүтээгдэхүүн авсан байна. Жилд буюу өнгөрсөн 2010 онд нийслэлийн хэмжээнд 16 мянган донор цус нийлүүлж, 40 гаруй төрийн болон хувийн эмнэлгүүдэд 10 гаруй нэр төрлийн цус, цусан бүтээгдэхүүн нийлүүлсэн байгаа.

-Өнөөдрийн хувьд хичнээн хүн цус нийлүүлсэн бэ?

-Өнөөдрийн байдлаар суурин буюу тогтмол 30 донор цусаа нийлүүлээд байна. Мөн Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс өдөр тутмын цусны хэрэглээг хэвийн төвшинд байлгах үүднээс Төмөр замын дээд сургуульд дээр явуулын өдөрлөг зохион байгуулж, 63 оюутан цусаа хандивласан. Одоо эдгээр цусан бүтээгдэхүүнд шинжилгээ хийж, нөөцөд бэлтгэнэ.

-Их хэмжээний цус хэрэгтэй буюу халдварт өвчин олноор гарсан, том хэмжээний осол аваарын үед хэрэглэх хэмжээний нөөц манайд бий юу?

-Өдөрт 60-90 донор гэдэг хангалттай нөөц. Одоогоор 1000 гаруй хүнд хэрэглэх хэмжээний нөөц манайд бий.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж