Каддафийг өмөөрсөн Берлускони шүүмжлэлд өртжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Каддафийг өмөөрсөн Берлускони шүүмжлэлд өртжээ

Италийн ерөнхий сайд Силвьио Берлускони Ливийн удирдагч Муаммар Каддафийн хувьд байдал хүндэрч байгааг хараад “сэтгэл зовниж байна” гэж хэлснээс болж, улс төрийн том маргаан дэгдээж, сөрөг хүчний хүчтэй шүүмжлэлд өртсөн байна.

Сөрөг хүчний удирдагч Пьерлуижи Берсани Италийн гүйцэтгэх засаглалын нэр хүндийг дэлхий дахинд “унагасан үг хэллээ” гэж шүүмжилсэн байна.
Берлускони “Каддафийн хувьд миний сэтгэл зовниж, харамсаж байна. Ливид болж буй үйл явдлыг хараад хувь хүний хувьд харамсаж байна” гэж өөрийн намын гишүүдтэй уулзах үеэр ярьсан ажээ.
НҮБ-аас Ливийн талаар гаргасан тогтоолын заалтыг хэрэгжүүлэхээр Итали улс олон улсын цэргийн хүчинд өөрийн цэргийн 7 бааз, 8 ширхэг сөнөөгч-бөмбөгдөгч онгоцоо оролцуулж байгаа юм байна.

Италийн онгоцнууд Ливийг  буудахгүй, харин агаарын онцгой бүсийг хамгаалахад оролцох юм гэж Берлускони мэдээлсэн байна.
Итали улс 2008 онд Ливи улстай “Найрамдал, хамтын ажиллагаа, холбоотны Гэрээ” байгуулж, гарын үсэг зурсан ажээ. Саяхан хүртэл Берлускони, Каддафи хоёр элэгсэг дотно харилцаатай байсан бөгөөд Ливийн удирдагч гэхэд л сүүлийн үед хоёр удаа Италид айлчлан иржээ.
Хоёр орон худалдааны салбарт олон төрлийн гэрээ хэлэлцээр байгуулж,  газрын тос, эрчим хүч, байгалийн хий, барилга, дэд бүтэцийн салбарт худалдааны жилийн хэмжээ  40 тэрбум долларт хүрчээ.
Итали улс цэргийн салбарт Ливи улстай хамтран ажиллах гэрээ хэлцэл байгуулснаас гадна Ливийн тал Итали руу гарах цагаачдын үйл ажиллагаанд хориг хяналт тавьж байх үүрэг хүлээсэн байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж