Хойд Солонгос “Улаан од” үйлдлийн систем бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос “Улаан од” үйлдлийн систем бүтээжээ

Хойд Солонгост суралцаж байгаа өөрийгөө Михайл гэж нэрлэсэн нэгэн Орос блогчин Пхенъяны гудамжнаас таван ам.доллааар худалдан авсан үйлдлийн системээ интернетэд тавьсан байна гэж “BBC“ агентлаг мэдээллээ. Уг үйлдлийн системийг хөрш Өмнөд Солонгосын Засгийн газрын институт судалж үзээд хэрэглэгчийн үйл ажиллагааг хянах зорилготой үйлдлийн систем байна гэсэн дүгнэлт өгсөн. Хойд Солонгост маш цөөхөн хүн компьютер эзэмшиж, интернетэд холбогддог. “Энэ үйлдлийн систем нь Хойд Солонгос өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хянах зорилготой бүтээгдсэн байна. Ашиглаж болох программ бага учир Улаан одыг Хойд Солонгост ашиглахад хүнд байх болно” гэж Өмнөд Солонгосын Шинжлэх ухаан, технологийн бодлогын хүрээлэн мэдэгджээ.

Уг үйлдлийн систем нь Хойд Солонгосын “Жюче” хэмээх өөртөө найдаж, бие даах философитой холбоотой. Улаан од үйлдлийн систем ачаалж эхлэхэд Солонгос ардын дуу явдаг ба тус улсыг үндэслэгч Ким Ил Сунгийн төрсөн өдрөөс эхэлж календараа тоолдог тул 2010 он тус календараар 99 дүгээр он болж тоологддог байна. Тус үйлдлийн систем нь “Linux” дээр суурилсан хэдий ч “Microsoft”-ын нөлөө ихтэй бөгөөд “Office” маягийн хэрэглээний програмтай. Үйлдлийн системийг суурилуулахад 15 орчим минут болдог бөгөөд зөвхөн Солонгос хэл дээр л ашиглаж болно. “Pigeon” гэдэг мейлын системтэй бөгөөд вэб браузартаа “Mozilla Firefox” ашигладаг ба Хойд Солонгосын засгийн газрын вэб хуудсыг нүүр хуудас болгосон байдаг байна.

АНУ нээлттэй эхийн код ашиглахыг цөөн хэдэн улсад хориглодогын нэг нь Хойд Солонгос. Өмнөд Солонгосын хүрээлэнгийн тайланд Хойд солонгос кибер цэргийн баг байгуулан Өмнөд Солонгос болон АНУ-ын зарим вэб сайтуудруу довтолдог гэж бичсэн. Өнгөсөн оны долоодугаар сард Өмнөд Солонгосын вэб сайтууд давалгаалсан кибер довтолгоонд өртсөн юм. Тэр үеэр АНУ-ын Пентагон, Цагаан ордны вэб хуудсууд халдлагад мөн өртсөн. Эдгээр халдлагын цаана Хойд Солонгос байсан байж болзошгүй гэж тайланд дурдсан байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж