Гэрэл зургийн уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Гэрэл зургийн уралдаан зарлалаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төвөөс ITB, JATA, KOTFA, WTM, ITF зэрэг аялал жуулчлалын томоохон үзэсгэлэн, арга хэмжээнд Монгол орныг сурталчлах, таниулах зорилгоор ашиглах уран сайхны гэрэл зургийг шалгаруулах уралдааныг зохион байгуулах гэж байна.

Тус уралдаан “Монголоо нээцгээе” сэдвийн хүрээнд явагдах тул Монголын нүүдлийн ахуй соёл , Монгол хүн, Монголын тал нутаг, хөх тэнгэр, үзэсгэлэнт байгаль, дөрвөн улирал, адал явдалт, эко, тусгай сонирхлын аялал жуулчлал, Монголын ховор ан амьтан, ургамал, Монголын түүх, соёлын өв харуулсан байх хэрэгтэй юм байна. Мөн уралдаанд оролцох гэрэл зургуудад нэр өгсөн байх шаардлагатай бөгөөд зураг авсан газар, он сар, 30-50 үгтэй зургийн тайлбар, зураг авсан хүний овог нэр, холбоо барих мэйл хаяг, гар утасны дугаараа хавсаргах хэрэгтэй ажээ. Нэг оролцогч гурав хүртэлх заавал босоо плантай олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, арга хэмжээнд ашиглах шаардлагыг хангахуйц зургийн илэрхийлэл ойлгомжтой бүтээлээрээ өрсөлдөх нь ээ. Өрсөлдөх гэрэл зургууд нь 300 dpi нарийвчлалтай ба хэмжээ нь 20 х 30 см-ээс багагүй, JPEG эсвэл GIF файлын формат байх ёстой гэнэ.

Уралдаанд ирсэн бүтээлүүдийг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төв болон мэргэжлийн фото зурагчдаас бүрдсэн комисс шалгаруулна. Шилдэг 20 бүтээлийг  www.mongoliatourism.gov.mn веб сайтад зургаан сарын турш байрлуулж фото зургийн агентлаг, зурагчинг сурталчилах болно. Уралдаанд ирүүлсэн эх зураг, негативийг цаашид зохиогчийн нэрийн хамт аялал жуулчлалын гадаад дотоод сурталчилгаанд ашиглах бөгөөд зохиогчид буцааж олгохгүй.

Тэргүүн байр эзэлсэн гэрэл зургийн хоёр сая төгрөгөөр урамшуулах бол хоёрдугаар байрт нэг сая төгрөг, гуравдугаар байрт 500 мянган төгрөгөөр урамшуулан шагнах ажээ.

Уралдаанд оролцох гэрэл зургийн ирэх сарын 25-наас арваннэгдүгээр сарын  30 хүртэл marketing@mongolia-tourism.mn хаягаар хүлээж авах юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж