Сансар судлалын үзэсгэлэн нээгджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Сансар судлалын үзэсгэлэн нээгджээ

Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ойн баярын хурал өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. Баярын хурлын өмнө “Сансар судлал-Монгол оронд” нэртэй иж бүрдэл үзэсгэлэнгийн нээлт болсон юм. Үзэсгэлэнд гэрэл зураг, марк, сийлбэр, сансар огторгуйтай холбоотой зурагт хуудас бусад эд зүйлс дэлгэгджээ.

Үзэсгэлэнгийн нээлтэнд БХ-ын сайд Л.Болд, МОНЦАМЭ агентлагийн захирал Т.Баасансүрэн, Монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын хошой баатар, сансрын нисгэгч В.А.Жанибеков, В.В.Коваленок, В.А Ляхов нар оролцсон. Түүнчлэн Монголын үндэсний музейн сан хөмрөгт байдаг сансар огторгуйтай холбоотой зураг, зурагт хуудас, Монгол хүн сансарт ниссэнтэй холбоотойгоор нийгдэж байсан “Болор” архи, “Сансар” жигнэмэг, чихэр тэргүүтэн дэлгэгдсэн байсан. Соёлын төвийн заалыг тэр чигт нь дүүргэсэн энэхүү үзэсгэлэнгийн голлох үзмэр нь марк байлаа. Энэ үеэр марк цуглуулагч Д.Мишээл “Интеркосмос” сэдэвтэй таван самбар маркаа үзэгчдийн хүртээл болгосон бол марк цуглуулагч Д.Ганбат Зөвлөлт Монголын хамтарсан нислэгийг харуулсан маркууд олны сонирхолыг татаж байсан. Түүний сансрын нисгэгчдийн гарын үсэгтэй дугтуй болон, “Союз 6” хөлөгт тамгалсан дугтуй тэргүүтнийг сонирхох хүн олон байлаа. Түүнчлэн Ц.Нэргүйгийн цуглуулганаас бүрдсэн 400 гаруй тэмдэг хүмүүсийн харааг булаахгүй байж чадаагүй.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж