Цахим үнэмлэхэд иргэний бүх мэдээлэл байршуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Цахим үнэмлэхэд иргэний бүх мэдээлэл байршуулна

Иргэний шинэчилсэн бүртгэл, “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт сард 21 мянган төгрөг олгох үед иргэний бүртгэлийн газруудад лавлагаа авах, зөрчил арилгуулах зэргээр урт дараарлал үүсгэж, иргэдэд ихээхэн чирэгдэл учирч байна. Сүхбаатар аймгийн хувьд ч дээр байдал давтагдаж байгаатай холбоотойгоор Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбатаас цөөн хэдэн асуултад хариулт авлаа.
 
-Улсын бүртгэлийн хэлтсээс ойрд хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар сонирхуулбал?
-Манай бүртгэлийн хэлтэс өнгөрсөн оноос иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг аймгийн хэмжээнд хэмжээнд зохион байгуулж  дууссан.  Одоо хамрагдсан хүмүүс мөнгө төгрөгөө авах асуудал яригдаж байна. Манай аймгийн хэмжээнд 54800 хүн хамрагдсанаас 11 мянга гаруй нь иргэн бичиг баримтын  зөрчилтөй байгаа. Эдгээр зөрчил дутагдлыг арилгаад одоо 2500-гаад хүний зөрчил арилаагүй байна. Энэ асуудлыг шийдвэрлэж зөрчлийг шуурхай арилгах тал дээр бид ажиллаж байна. Хэдийгээр эдгээр зөрчил дутагдлыг арилгахад манай байгууллагаас нэлээд идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа боловч тухайн иргэн өөрөө ирж зөрчлөө арилгуулахгүй бол манай байгууллага ямар зөрчилтөй байна вэ гэдгийг нь мэдэхгүй шүү дээ. Тухайлбал иргэн овог нэрээ өөрчилсөн байлаа гэхэд өөрийн биеэр ирж хэдэн онд овгоо солиулсан, урьд нь ямар овогтой байж байгаад одоо ямар овогтой болсон юм бэ гэх мэтээр өөрсдөө ирж мэдээлэл өгч зөрчлөө арилгуулах шаардлагатай. Бидний зүгээс орон нутагт байгаа ажилтнууддаа зөрчилтэй байгаа хүмүүсийн нэрсийг явуулсан. Иймээс зөрчилтэй байгаад иргэд өөрийн биеэр очиж  орон нутагт байгаа манай хүмүүстэй уулзах хэрэгтэй. Хамгийн гол нь өөрийн биеэр ирж л зөрчлөө арилгуулах хэрэгтэй шүү гэдгийг иргэддээ дахин дахин хэлмээр байна даа. Манай хэлтсийн зүгээс бол ойрын хугацаанд дээрх 2500 зөрчлөөс ядаж 2000-ийг нь ч болтугай арилгах зорилго тавиад ажиллаж байна.

-Иргэний шинэчилсэн бүртгэл гэлтгүй ер нь бүртгэлтэй холбоотой иргэдийн зүгээс гарч байгаа нийтлэг дутагдал?
-Нийтлэг дутагдал гэх  юм бол бүр анх 1988 онд мэдээллийн үндсэн санд бүртгэл шивэлт хийж ажиллаж байсан тухайн үеийн хүмүүсийн алдаа, одоо манай ажилчдын алдаа, иргэдээс өөрсдөөс нь шалтгаалсан алдаа гээд маш олон хүчин зүйлээс шалтгаалсан алдаа дутагдал их байнаа. Овог нэрээ солиуллаа гэхэд л хуулийн дагуу хийгээгүй өөрсдөө дур мэдэг солисон тохиолдол маш их байна. Мөн регистерийн дугаарын  бүртгэл дээр манай байгууллагад ажиллаж байсан тухайн үеийн ажилтнуудын алдаа их гарч ирж иргэд болон бидний ажилд маш их хүндрэл учруулж байна.

-Бичиг баримт, лавлагаа гээд л сүүлийн үед хүмүүс иргэний бүртгэл мэдээллийн хэлтсийн үүдэнд дугаарлаж байгаа харагдах юм. Хүмүүс маш их цаг хугацаа алдан байж бичиг баримтаа бүрдүүлэх юм. Гэтэл танай хэлтсийн ажилчдын хайхрамжгүй ч юмуу санамсаргүй алдаанаас болж эргээд төдий хэмжээний цаг хугацаа алдах болдог. Тэгэхээр ажилдаа хариуцлага алдсан ажилчиддаа эргээд ямар хариуцлага тооцдог вэ?
-Тийм л дээ. Өнөөдөр ажиллаж байгаа манай бүртгэгчдийг хүмүүс алдаа гаргаж байна гэсэн гомдол гаргадаг. Ялангуяа шинэчилсэн бүртгэл хийж байхад их ажиглагдаж байна. Тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн үг үсгийн алдаа гэдэг ч юмуу ямар нэгэн алдаа нь одоо манай энэ бүртгэгч нарын  алдаа мэтээр иргэдэд ойлгогдоод байдаг. Одоо ажиллаж байгаа манай 13 бүртгэгчийн хувьд тийм айхавтар хүнд зөрчил дутагдал гарсан тохиолдол одоогоор байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Харин ч бид өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн алдааг засч залруулаад явж байгаа. Ер нь бол үсгийн алдаа 1-2 хоногийн дотор засагдана. Регистрийн дугаарын зөрчлийн хувьд манай ерөнхий газар давхар хянана, архивт бүртгэнэ хянана гээд жаахан удааширдаг тал бий. Үүнээс болж иргэд маань биднийг хүнд суртал гаргалаа гээд байдаг. Ер нь бол бид хүнд сурталтайдаа биш хуулийнхаа дагуу л бүртгэл үнэн зөв байх ёстой гэсэн зүйлийг л хатуу баримталдаг. Манайхаас өгч байгаа мэдээлэл л буруу очих юм бол тухайн иргэний бүх мэдээлэл хуурмаг болноо гэдгийг манай иргэд ойлгох хэрэгтэй. Бид чинь дээрээ бас 3 давхар газраар хянуулдаг учраас ажилдаа хариуцлагатай хандах зайлшгүй шаардлагатай болдог л доо. Үндсэн мэдээллийн зөрчлийг бол бид 2000-3000  хүнийхийг нийлүүлж байгаад нэг удаад явуулж 7 хоногийн дотор арилгуулдаг, харин үг үсгийн алдааны хувьд нэг хоногийн дотор л арилгаж байгаа. Энэ зөрчлүүдийг арилгасны дараагаар бид иргэний цахим үнэмлэх гэдэг шинэ үнэмлэх гаргах бэлтгэл ажлын хүрээнд зөрчил дутагдлыг маш хурдан хугацаанд арилгах шаардлагатай болж байна. Эдгээр зөрчлүүдийг арилгаад дуусчихвал энэ намраас эхэлж цахим үнэмлэхтэй болох ажил маань эхлэнэ.

-Цахим  үнэмлэхний талаар тодруулахгүй юу?
-Тухайн иргэний бүх мэдээлэл л байрлана гэсэн үг шүү дээ. Иргэний мэдээлэл байршаад 10 жилийн дараа гэхэд хэрэглээ болох зүйл л дээ. Нийгмийн даатгал, татвар, эд хөрөнгийн мэдээлэл зэрэг бүх л мэдээллийг татаж аваад 10 жилийн дотор тухайн иргэний талаар нэгдсэн мэдээлэлтэй болно гэсэн үг шүү дээ. Тухайлбал Эрдэнэбат гэдэг хүн 10 жилийн дараа цахим мэдээллээр татвараа төлж үү, нийгмийн даатгалаа төлж байж уу гэдэг ч юмуу машин барьж яваад зөрчил гаргалаа гэхэд одоо бол цагдаа торгож байгаа бол цахим үнэмлэхтэй болсноор камераар хараад л торгуулийг нь шууд цахим үнэмлэхэд нь суулгаж өгөөд авчих жишээтэй. Ийм л нэгдсэн мэдээлэлтэй болох эхний алхам хийгдэж байна. Одоо манайхтай тагнуул, цагдаа, хилийн цэргээс  чиглэл чиглэлээр нь  мэдээллээ авч байна. Цаашдаа нийгмийн даатгал, татвар гэх мэт байгууллагуудаас авч эхлэнэ. Ийм л том ажлыг эхлүүлэх гээд сууж байна.

-Цаашдаа бидний одоо хэрэглэж байгаа иргэний үнэмлэх маань шинэчлэгдэнэ гэж ойлгож болох уу?
-Тийм. Эхний ээлжинд үнэ төлбөргүй шинэчилж өгнө.

-Иргэний бүртгэлийн хэлтэс өдөрт ер нь хичнээн хүнд үйлчилдэг вэ? Нэлээд их ачаалалтай байх шиг?
-Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгчийн зарлиг гарч эхийн одон авах гэсэн 1000 хүнд лавлагаа өгсөн байгаа юм. Тэгэхээр бид өдөрт 200-250 хүнд үйлчилж байна гэсэн үг. Зөвхөн лавлагаа нь шүү дээ. Бусад зөрчил дутагдлыг оруулах юм бол нэлээд их тоо гарах байх. Бидний хувьд байнга уртасгасан цагаар, амралтын өдрүүдэд ч мөн ажиллана шүү дээ. Ер нь өнгөрсөн жилээс бидний ачаалал эрс нэмэгдсэн.

С.Одгэрэл

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж