Завханчууд дуулалт жүжгээ амилууллаа

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Завханчууд дуулалт жүжгээ амилууллаа

“Гэгээн муза 2010” буюу драмын урлагийн шилдгийг шалгаруулах найм дахь удаагийн шалгаруулалт үргэлжилж байна. Тус наадмын хөгжимт жүжгийн төрөлд төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн зохиолч Л.Ванган агсны нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид “Учиртай гурван толгой” хэмээх бүтээлээрээ өрсөлдөж байгаа билээ. Завхан аймгийн театр анх 2004 онд “Гэгээн муза” наадамд  оролцож байсан юм.
“Гэгээн муза” наадам нь хот хөдөөгийн театрын уран бүтээлчид хамтран ажиллах, харилцан суралцах сайхан боломжийг олгодгоороо давуу талтай юм. Энэ жил “Гэгээн муза” наадамд драмын урлагийн чиглэлээр энэ онд тавигдсан 20 гаруй уран бүтээлээс сорчилж 10 уран бүтээлийн 55 уран бүтээлч өрсөлдөж байгаа юм. Шилдэгт нэр дэвшин өрсөлдөнө гэдэг бол тухайн бүтээлийн болон уран бүтээлчийн хувьд ч нэр төрийн хэрэг юм. Шалгаруулалтыг мэргэжлийн төвшинд өндөр үнэлэгдсэн шүүгчид явуулж, үнэлгээ өгдөг учраас уран бүтээлчид өөрсдийгөө аль төвшинд яваагаа үнэлүүлж дүгнүүлэх бололцоотой нь бас нэг боломжийг өгдөг байна.
Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт драмын театрын захирал н.Доржготов өчигдөр тайзнаа амилсан “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн өмнө “Төв орон нутгийн мэргэжлийн театруудын дунд зохион явуулдаг энэхүү нэр хүндтэй наадамд манай театрын хамт олон дөрөв дэх удаагаа шалгаран ирж эцсийн шалгаруулалтад өрсөлдөж байгаа юм. “Гэгээн муза” наадам маань жилээс жилд өргөжин тэлж олон төрөл, жанруудтай болж байгаад орон нутгийн уран бүтээлч бид баяртай байдаг. Энэ театрын уран бүтээлийн урын санг баяжуулах мөн олон төрөл хэлбэр дээр өрсөлдөх өргөн боломжийг нээж өгч байгаад талархалтай байна. Энэхүү наадмыг санаачлан зохион байгуулагч Драмын жүжигчдийн мэргэжлийн төв, Улсын драмын эрдмийн театр, БСШУЯ-ны хамт олонд нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс энэ сайхан арга хэмжээг жил бүр зохион байгуулж байгаад баярлаж байна. Өнгөрсөн онд манай театр төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Ванган гуайн 90 насны ойг улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлсэн юм” хэмээн өгүүлсэн юм.
 “Гэгээн муза 2010” буюу драмын урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулах найм дахь удаагийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд ерөнхий шүүгчээр Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, соёлын тэргүүний ажилтан Ч.Найдандорж,  шүүгчдийн бүрэлдэхүүнд Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Сугар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, гавьяат жүжигчин С.Сарантуяа, төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, ардын уран зохиолч Д.Урианхай, урлаг судлалын шинжлэх ухааны доктор, профессор Ц.Эрдэнэцог, урлаг судлалын ухааны доктор, дэд профессор, театр судлаач, соёлын тэргүүний ажилтан Н.Батсайхан нар ажиллаж байгаа юм.
Мөн энэ жил уламжлал ёсоор БСШУЯ  “Оны шилдэг залуу уран бүтээлч”-ийг шалгаруулан шагналаа гардуулна. 

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж