Барилдахаасаа таахалзахын үлгэрээ гэж

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Барилдахаасаа таахалзахын үлгэрээ гэж

“Ирэх тав зургадугаар сарыг нийслэл дүүргийн удирдлагууд гэр хороололд ажиллах сар болгон зарласан байна. Энэ шийдвэрээ хо­тын дарга Г.Мөнхбаяр хоёр хоногийн өмнө болсон нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр зарлалаа”гэсэн мэдээг өчигдөр өглөө олж уншлаа. Хотын даргын энэ шийдвэр үнэхээр нүдээ олсон зөв ажил болох нь дээ. Нийслэлийн бараг л 60-70 хувь нь гэр хороолол байдаг. Тиймээс энэ их төвлөрөлтэй танилцана гэж байгаа нь зөв зүйтэй алхам. Харин хоёрхон сарын дотор танилцаж амжих эсэх нь эргэлзээтэй асуудал. Зарим дүүргүүдээр орохгүй байвал амжаагүй л гэж ойлгох нь байна. Гэхдээ яая гэхэв гэр хорооллынхон бид чинь чамлахаар чанга атга гэдэг үгийг санаад л сууж байхаас. Яах вэ, зах зухаас нь болох нь ээ танилцаж л байвал болох нь тэр.  Нэгдүгээр асуудал. Ер нь манай дүүрэг, хотын удирдлагууд гэнэт ухаарсан юм шиг гэр хороолол руу юунд тэмүүлэв. Эсвэл гэр хороолол байдаг гэдгийг мэддэггүй байсан юм болов уу. Ер нь дарга нар дөрвөн есийн хүйтэн ид тачигнасан өвлийн хүйтэнд гэр  хо­роо­лолтой танилцахгүй яасан юм бол. Гандангийн дэн­жийн угаадастай гудамж, Морингийн давааны унаагүй ард түмэн, Сонгинохайрхан дүүргийн цахилгаангүй айлуу­даас авахуулаад олон асуу­дал энэ хотод байгаа гэдгийг өнөөдөр мэдсэн юм биш биз дээ, хотын даргаа. Хоёр­дугаар асуудал. Нэг бай­­гууллагын ажилтан өөрийн­хөө эрхлэх ажлын хү­­рээнд хийх ёстой ажлаа л хийдэг. Тэр гомдоллодоггүй, цухалддаггүй, бас ийм ажил хийнэ гэж зарлан тун­хаг­ладаггүй. Хотын дарга Г.Мөнхбаярт ч эрхлэх аж­лынх нь хүрээнд хийдэг ажил байгаа. Гэтэл тэр ажлаа хийхээсээ өмнө л олон нийтэд зарлан тунхаглаад сүр болох юм аа. Ер нь хотын дарга аа та зүгээр л ажлаа хий л дээ. Угаасаа гэр хороололтой танилцах нь таны л ажил. Өөр хэнийх ч биш шүү. Бүр үүрэг чинь шүү дээ. Танай мэргэжилтнүүд чинь лав нэг ажил хийхээсээ өмнө ажил дээгүүрээ цацаад л сүржигнээд байдаггүй нь ойлгомжтой. Ажил хийж байна ч гэж онгирч сагсуураад хүнээ алддаггүй байх. Харин та гэр хорооллоор явах болсноо юун сүртэй зарладаг юм бэ дээ. Барилдахаасаа таахалзахын үлгэрээ гэж…

Б.ЭНХМӨНХ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж