Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Монгол бол сансрын хоёрхон нисгэгчтэй. Тэдний нэг нь Майдар­жавын Ганзориг. Монгол хүнийг сансарт нисгэх судалгааны багийнхан анх 1000 гаруй хүнийг шалгаруулж  30-ыг, дараа нь дөрөв, эцэст нь хоёр хүнийг сонгосон гэдэг. Одоогоос 30 жилийн өмнөх энэ баярт үйл явдлын гол баатрын нэг нь М.Ганзориг байв. Дулааны автоматикийн ин­же­нер мэргэжилтэй хэдий ч түү­нийг тэр үеийн Зөвлөлт  /ОХУ/-ийн мэргэжилтнүүд санамсаргүй сон­госон гэвэл худлаа. Мэдлэг чадвар, биеийн хөгжил, эрүүл мэнд гээд бүх зүйлээрээ “ОК” байсан хэрэг. Тунаж үлдсэн Монголын хоёр нисгэгчийн нэг нь л сансрын тойрог замаар аялах учиртай байв. Ж.Гүррагчаатай тэр 1977 онд анх танилцаж байжээ.  “Шигшүүрт” үлдсэнээсээ хойш ч тэд бүх бэлтгэл, сургуулилтад үргэлж хамт байсан болохоор яах аргагүй анд болцгоосон гэдэг. Нислэг болохоос долоо хоногийн өмнө ЗХУ-ын Сан­сарын хотхонд очиж байрласан тэднээс эцсийн мөчид сансарт нисэх эрхийг Ж.Гүррагчаа өвөртөлсөн юм. Гэсэн ч андыгаа азтай, аюултай энэ үйл хэрэгт оролцох болсонд хамгийн их дог­долж, дэргэд нь байсан нь С.Ган­зориг билээ. Хэдийгээр сан­сарт нисэх хувь дутсан ч тэр бол Ю.А.Гагарины нэрэмжит сансрын нисэгчдийн сургуулийг дүүргэсэн, “Союз-39”  хөлөг, Салют станцын санс­рын нисгэгч хүн. Тийм ч учраас 30 гаруй жил Монголын сансар суд­лалын салбарт тасралтгүй хүчин зүт­гэж байна. М.Ганзориг 1990 оноос одоог хүртэл Информатикийн хүрээ­лэнгийн захирлаар ажиллаж бай­гаа юм. Монгол хүн сансарт нис­сэний 30 жилийн ойн хүрээнд ур­жигдар түүний амжилтыг төрөөс үнэлж Хөдөлмөрийн баатар цол олгож,”Алтан соёомбо” тэмдэг, “Сүх­баатарын одон”-гоор шагнав. Хаанаа ч алдаа гаргасан юм, “Улсын баатар” хэмээн шагналыг нь бяцхан андуурч зарласанд тэрбээр жаахан гоморхсоныг эс тооцвол маш их баярлаж байсан. Түүнд шагнал гардуулах үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ М.Ганзориг бол шинжлэх ухаанд өөрийгөө зориулсан, гайхалтай даруу хүн” хэмээн онцолсон. Үнэхээр тэр бол өөрийнхөө нэрийг өөрчлөхөөс авахуулаад олон зүйлээ сансарт зориулсан “Сансрын хүн”. Арын сайхан хангай нутагт төрсөн тэрбээр уг нь Ганхуяг гэдэг нэртэй байж. Харин сансрын  нислэгийн бэлтгэлийн үеэр оросууд нэрийг нь дуудахад хэцүү байсан учраас Ганзориг болгон өөрчилсөн гэдэг.

Н.МӨНХТӨВШИН

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж