4 сая ам.долларын нөхөн олговорт 4 тэрбум ам.доллар

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

4 сая ам.долларын нөхөн олговорт 4 тэрбум ам.доллар

Ерөнхийлөгч асан Н.Энх­баярын онцгой гэмээр улс төрийн тэмцэл туулай жилийг тохиолдуулан  “Үнэнээр  яв­бал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэх монгол хэлцийг батлах гэнэ.  Түүний үхэр тэрэг нь туулай гүйцэх эсэхийг мэдэхгүй ч өөрөө л ингэж мэдэгдсэн.  Үнэхээр ч өдөр алгасахгүй шахам өгч буй түүний ярилцлага  олон шинэ сэдвийг хөндсөөр байна.  

Ерөнхийлөгчийн сон­гуульд ялагдсандаа ша­ралх­сан мэдэгдлээс эхлээд дол­дугаар сарын 1-ний тухай  сэртхийм тайлбар нэлээд шуу­гиан тарьсан билээ. Харин да­раагийн сэдэв нь  Таван­толгой. Уг ордоос монголчууд хэр хэмжээний ашиг олж болох түүний өвөрмөц гаргалгаа анхаарал татлаа. Түүний  “Би Тавантолгойг 100 хувь ард түмэндээ өгье гэж байгаа юм” хэмээх популист тайлбар хү­мүүст  таалагдаж байна гэж жигтэйхэн.  Тэр Ерөнхийлөгч байх үеэсээ л  энэ санаагаа илэр­хийлж байсан гэнэ. Одоогийн  Ерөнхий сайд ч түүнийг дэмжиж өөрийнхөө хувийг төрд хүлээлгэж өгсөн юм байх.  Зөвхөн Ерөнхий сайд ч бус Тавантолгойн лицензийг хамтран эзэмшиж байсан  томчууд  ард түмэнд  гэнэтийн  их өглөг  өгсөн хэмээн өнөөг хүртэл гайхуулж л байгаа.  Харин  Н.Энхбаярын хувьд тэдний өглөг хангалттай санаг­дахгүй байгаа гэнэ.   Түүнийхээр бол  лиценз эзэм­шигчид “өрөм”-ийг  хамж ав­чихаад “ху­сам”-ыг нь төрд өгсөн аж.  Амтай болгоноос гар ч л байджин­ үнэд оруулахаар мэ­рийж эхэллээ.   Энэ тухайгаа  “Тавантолгойг дутуу авсныг нь мэдээд би бүрэн бүтэн авах ёс­той гэж шаардаж шахахад урдаас юу гэж тайлбарласан гээч. “Тавантолгойд тодорхой ажил хийж, хөрөнгө мөнгө зарсан учраас түүнд нь тэнцүүлэн тооцож тодорхой хэсгийг нь үлдээсэн” гэж тайлбарлахыг оролдсон. Би ч зэмлэсэн, буруушаасан, 100 хувь буцааж ав гэж шаардсан.

Гэвч Ерөнхийлөгчийн үүрэг даалгавар бүрэн биелээгүй. Ерөн­хийлөгчийн даалгавар бол даалгавар байх ёстой. Түүнийг биелүүлэх ёстой. Энэ бол Н.Энхбаярын даалгавар биш Төрийн тэргүүний даалгавар байсан” хэмээлээ.  

Тиймээ, тэр  үед ийм яриа гараагүй биш гарсан. Лиценз эзэмшигчдэд үлдсэн  Ухаа худагийн нүүрсний ордыг Тавантолгойн хувьд “алмаз” нь гэдгийг уул уурхайн салбарын мэргэжилтнүүд төдийгүй иргэний хөдөлгөөнийхөн ч хэлж  л байсан. Гэвч асуудал Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үед шийдэгдсэн. Уг нь Ерөнхийлөгч Н.Энхбаяр саарал ордонд Тавантолгойн ордыг бүхэлд нь Монголын ард түмний өмч болгохын тулд “сэтгэл муутай” Засгийн газрынхантай толхилцож суусан юм байх. Даанч гүйцэтгэх эрх мэдэл Засгийн газрынх учраас тэд өөрсдийн хүссэнээр шийдсэн гэнэ. Иргэн Н.Энхбаярын энэ мэдүүлгийн цаана бас тоо баримт бий.

Тавантолгойн  лицензийг бүхэлд нь эзэмшиж байсан үндэсний груп­пууд тэр үед дөрвөн сая ам.долларын хөрөнгө зарцуулсан байх магадлалтай гэнэ. Гэтэл тэдний санаатайгаар салгаж авсан Ухаа худагийн ордыг ашиглаж, Хонконгийн хөрөнгийн бирж  дээр  IPO   гаргахад дөрвөн тэрбум ам.долларын үнэд хүрсэн.  Н.Энхбаяр үүнд “Дөрвөн сая ам.долларын ажил хийснийхээ төлөө дөрвөн тэрбум ам.долларын ордоор нөхөн олговор хийсэн болж таарч байна шүү дээ. Бараг нэг мянга дахин илүү “нөхөн олговор” олгожээ дээ” гэдэг онош тавьлаа. Энэ бол Н.Энхбаярын улс төрд амжилт олох хамгийн өндөр магадлалтай эсэргүүцлийн өнцөг.  Бас болоогүй ээ,  “Үүнийг нийтэд нь Монголын ард түмэнд өмчлүүлбэл монгол хүн бүрт дунджаар 1300 ам.доллар буюу нөгөө сонгуулиар амлаад байсан хүн бүрт нэг сая 500 мянган төгрөг өгөх амлалт чинь биелэхээр байгаа юм биш үү. Ингээд бод доо. Ийм шударга бус юм байхад хүмүүс бухимдах уу, үгүй юу” гэсэн өөрийнхөө байр суурийг өдөр бүр хэвлэлээр давтаад байвал өнөөгийн улс төрд Н.Энхбаяраас илүү оноо авах улстөрч олдохгүй нь ойлгомжтой.  Өнгөц харахад Тавантолгой руу хандсан мэт энэ гашуун үг угтаа бол “Петровис”  руу тавьсан сум юм.  “Петровис”-оор оролдоно гэдэг С.Баяраар оролдож байна гэсэн үг.  Мэдээж энд MCS –ийн эрх ашиг бас хөндөгдөнө.  Тэгэхээр Н.Энхбаяр том дайны эхлэлийг тавьж орхилоо.  Одоо л дарийн утаа үнэртэнэ. Одоо л эрх ашгийн зөрчилдөөн  гэж юу байдгийг харуулна. Учир нь энэ дайны хохирогч нь С.Баяр  Н.Энхбаяр  хоёрын аль нь ч биш.  Харин бизнес эрхлэгчид байх болно…   
 “Тавантолгойн компани жилдээ 300 сая ам.долларын ашигтай ажиллана гэж бодъё. Хэрэв 100 хувь ард түмний өмч, эзэмшилд очих юм бол жил бүр Монгол Улсын иргэн бүр эндээс 100-125 ам.долларын ногдол ашиг авна. Одоо эрх мэдэлтнүүдийн яриад байгаа 10 хувь нь ард түмэнд очвол нэг хүн ердөө 10-12 ам.долларын ногдол ашиг хүртэнэ гэсэн үг. Тэгвэл 12-15 ам.долларын ногдол ашиг авах уу, эсвэл 100-125 ам.доллар авах уу гэдгийг ард түмнээс асууя. Ард түмнийг ингэж төөрөгдүүлж болохгүй” гэх дараагийн гүжирмэг дайралт.   Хүүе, энэ чинь Н.Энхбаярын 2012 оны мөрийн хөтөлбөр явж байгаа юм биш үү.  Жаахан болхидуу санагдавч хөрсөнд   яаж буухыг нь хараарай. Ангасан талд хур буухын адил шингээж авах вий.   Магадгүй энэ асуудлаар  нэрээ хараахан баталгаажуулж амжаагүй байгаа МАХН-ыг Монголын улс төрд дархална гэсэн үг. Бас өстөн С.Баяр руугаа  улс төр болон  санхүүгийн  дэмжлэг үзүүлдэг  нөхөд рүү нь  хоёр жигүүрээр дайрах нь.   Тиймээ, энэ бол  Н.Энхбаярын  зөв өнцөг юм. Тэр дажгүй юм бариад авч, эрийн хугархай.  

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж