Ч.Амарболд нарт холбогдох хэрэг сонгуулийн хөзөр боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Ч.Амарболд нарт холбогдох хэрэг сонгуулийн хөзөр боллоо

Ч.Амарболдын өмгөөлөгч О.АЛТАНГЭРЭЛ:

Ч.АМАРБОЛД НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ИРЭХ СОНГУУЛИЙН ТОМ ХӨЗӨР БОЛЛОО

Долдугаар сарын 1-ний үймээний үеэр хүний амь нас хохирсон билээ. Энэ хэрэгт тухайн үед ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэж байсан хошууч генерал Ч.Амарболдыг холбогдуулан шалгаж байгаа. Гэтэл саяхан  тэр үед онц байдал зарласан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр түүний нэрийг дурьдан ноцтой мэдэгдэл хийж, улмаар уг хэрэгт өөрөө гэрчээр дуудагдаад байна. Энэ цаг мөчид Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл үйлчлүүлэгчээ төлөөлж юу хэлэх нь сонирхолтой байлаа. 

-Долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгч асан Н.Энх­баярыг гэрчээр татаж, тухайн үед Ерөнхий сайд, МАХН-ын дарга асан С.Баяр, ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авах тухай прокурорын шийд­вэр гарсан. Үүнтэй холбоотойгоор хэр­гийг шал­гах явц, нөхцөл байдалд ямар өөрчлөлт гарах бол?

-“Мөрдөн байцаалтын ажил дууслаа. Хэрэгт холбогдох 25 хавтаст хэрэг нь 27 болсон, үүнтэйгээ танилц” гэсний дагуу бид танилцаж байсан. Гэтэл хавтаст хэрэгтэй танил­цах ажлыг гэнэт зогсоосон. Энэ нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын телевизээр ярь­сан зүйлстэй холбоотой юм билээ. Одоо чухам ямар ажиллагаа явуулж байгаа, хэнийг дуудан, тайлбар авч байгаа талаар огт мэдээлэлгүй байна.

-Хавтаст хэрэгтэй танил­цаж байхад дунд нь ингэж гэнэт зогсоож болдог уу?

-Нэмэлт мөрдөн бай­цаалтын ажиллагаанд шаард­лагатай гэж үзвэл зогсоож болно л доо.

-Н.Энхбаярын ярьсан зүйлийг олон нийт ерөнхийд нь мэдэж байгаа байх. Харин түүний яриа хэргийг илрүүлэх явцад хэрхэн нөлөөлөх бол. Тэрбээр гэ­нэт цочир мэдэгдэл хийж, түү­нийг нь прокурорын газ­рынхан цочмог шүүрч аваад мөрдөн байцаалтын явцад өөрчлөлт оруулсан нь хачирхалтай юм?

-Үүнийг бид ч бас гайхаж байна. Мөрдөн байцаах ажил­лагаа дууссан гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Дараа нь зүйлчлэлийг өөрчлөөд дахин сэргээсэн. Тэгснээ заавал Н.Энхбаярыг телевизээр ярьсных нь дараа гэнэт буцааж, гэрчүүд дуудан шалгах болсон. Энэ бол мөрдөн байцаалтыг анхнаасаа л хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэдгийг харуулж байна.

-Таны  үйлчлүүлэгч Ч.Амар­болд генералын албан үүргээ биелүүлсэн тэр нөхцөл байдал, долдугаар сарын 1-нд түүнд хэн, хэрхэн тушаал өгч байсан талаар Н.Энхбаяр тодорхой ярьсан. Түүний энэ ярианд Ч.Амарболд генерал ямар тайлбар өгөх байсан бол. Та түүнийг төлөөлж тайлбар өгч чадах уу?

-Цагдаагийн байгууллага тухайн үед яаж ажилласан, үүргээ хэрхэн биелүүлснийг хэд хэдэн хүчин зүйлээс харж болно. Юуны өмнө тэр аймшигтай галдан шатаалт, дээрэм тонуул, эмх замбараагүй байдлыг цагдаагийн байгууллага л таслан зогсоосон нь гарцаагүй үнэн. Хүмүүс юмыг их амархан мартаж байна. Тухайн үед нийгэм үнэхээр том үймээнийг тасалж, хүнд хэцүүг даван гарлаа, энэ бол цагдаагийн байгууллагын хүч хөдөлмөр гэж ярьцгааж байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр тэгсхийгээд тараад явчих байсан хэдэн хүнийг онц байдал зарлан цагдаагийн хүчээр тараалаа гэж ярих боллоо. Н.Энхбаяр онц байдал зарласан. Дараа нь УИХ хэлэлцээд “Энэ шийдвэр зөв байжээ” гэж үзсэн. Ингээд Ерөнхийлөгч, УИХ Онц байдал зарласныг зөв гэж үзсэн хэрнээ одоо зөв байсан эсэхэд ач холбогдол өгч дахин ярих болсныг гайхаж л байна. Цагдаагийн байгууллагыг олон жил удирдсан туршлагатай хүний хувьд энэ талаар Ч.Амарболд генерал өөрөө л тайлбар өгөх байх даа.

-Ер нь Ч.Амарболд генерал Н.Энхбаяр, С.Баяр нарын хэнийх нь тушаалаар ажилласан юм бэ?

– Монгол Улсын Ерөнхийлөгч онц байдал зарлах зарлиг гаргасан. Үүний дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хэрхэн ажиллах тухай үүрэг өгсөн. Тэр үүргийн дагуу л миний үйлчлүүлэгч ажилласан гэдэг нь хөдөлшгүй тогтоогдсон зүйл шүү дээ. Надад прокурорын тогтоол нь байна. Энэ тогтоолд “…Онц байдлын тухай хуулийн хүрээнд ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболдод Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэхүү ажлыг зохион байгуулахдаа байлдааны зориулалттай галт зэвсэг хэрэглэх буюу хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл бүрдүүлж болохгүй талаар үүрэг өгсөн байна. Хошууч генерал Ч.Амарболд дээрх үүргийн дагуу Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа О.Зоригт, Нийслэлийн цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн дарга байсан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар, Эргүүл, хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт байлдааны сум бүхий галт зэвсэг хэрэглэж болохгүй талаар үүрэг өгсөн байна…” гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл, прокурор үүнийг шалгаж тогтоогоод тогтоол гаргасан байна шүү дээ. Түүнээс биш би хэлж байгаа юм биш. Ерөөсөө энэ хэргийн мөрдөн байцаалтыг эхлэхдээ л хэрэг шалгах харьяаллыг буруу шийдсэн. Аливаа хэргийг шалгаж эхлэхдээ л аль байгууллага мөрдөх вэ гэдэг харьяаллыг тогтоодог. Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба, цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газрын аль нь мөрдөх вэ гэж.

-Харин энэ хэргийн хувьд?

-Энэ хэргийг анхнаасаа л зөвхөн Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгах үүрэг өгсөн. Өөрөөр хэлбэл, тус алба цагдаагийн албан тушаалтанд холбогдох хэргийг л мөрддөг. Тэгэхээр “Энэ хэргийг цагдаа нар хийсэн байх ёстой” гэсэн чиг баримжаатай байжээ гэж үзэж болохоор байгаа юм. Дээр нь Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга, дэд дарга нар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Цагдаа галт зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдсон…”, “Цагдаа байлдааны зориулалттай сумаар буудсаныг тогтоосон…” гэсэн мэдээлэл удаа дараа өгч байсан. Уг нь өөрсдөө “Мөрдөн байцаалтын нууц учраас ярьж болохгүй” гэдэг мөртлөө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан.  Энэ нь олон нийтийн сэтгэл зүйд “Цагдаа галт зэвсэг хэрэглэсэн нь гарцаагүй үнэн юм байна” гэсэн ойлголт төрүүлсэн. Нэгэнт л мэдээлэл өгч байгаа юм бол “Хэн буудсан нь мэдэгддэггүй сумны хошуу, хонгио олон бий. Бид хэнийх болохыг нь тогтоож чадаагүй” гээд үнэнээ хэлчих хэрэгтэй шүү дээ. Хавтаст хэргийн хуудасны дугаараараа тэмдэглэгээтэй, энэ талаарх баримтууд, шинжээчийн дүгнэлтийн хуулбар бидэнд байж л байна. Анхнаасаа бүх ажиллагааг  “Зөвхөн цагдаа буудсан” гэсэн хатуу байр сууриар явуулж, ямар ч аргаар болов батлах гэж оролдон хэт нэг талыг барьсан нь хавтаст хэргээс тодорхой харагддаг. Гэтэл үүний цаана зөндөө сэжиг, таамгийг шалгалгүй үлдээсэн.

-Тухайлбал?

-Тэр олон хонгионуудын эзэн хаана байна вэ? Цагдаагийн бууных биш гэдэг нь тогтоогдсон. Нэгэнт үүнийг дээрх дарга нар эхэлж ярьсан учраас та бид хоёр ярьж байна. Дээрх асуултын хариуг хэлж өгөөч гэсэн хүсэлт тавихаар “Та нар хэрэгтэй танилцахаараа ойлгоно. Хавтаст хэрэгт бүх зүйл байгаа” гэсэн хариулт өгч байсан. Бид 25 хавтаст хэрэгтэй танилцсан. Тэнд тэр цагдаа энэ хүнийг  ингэж буудаад, амь насыг нь хохироосон гэсэн зүйл огт байгаагүй. Одоо бас нэг сонин юм гарч ирж байгаа.

-Юу тэр вэ?

-“Цагдаа нарын хэрэг” гээд байгаа тэр хэргийг түдгэлзүүлчихсэн. Одоо зөвхөн Ч.Амарболд нарт холбогдох хэрэг л гэж бий. Тэднийг “Хүний амь нас хохирсонд та нарын албан үүргээ урвуулан ашигласан нь холбоотой байна” гэсэн үндэслэлээр яллах гээд байгаа. Гэтэл “Хүний амь нас хохирсон нь цагдаагийн буруугаас болжээ” гэдгийг шүүх эхлээд тогтоох ёстой. Шүүхээс тийм шийдвэр гараагүй байхад тэр хэргийг нь нотолж чадахгүй, тогтоогдохгүй болохоор нь түдгэлзүүлчихээд зөвхөн энэ хүмүүсийг буруутгах гэж оролдож байгаа нь хууль бус үйлдэл юм.

-Хэрэв Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгахгүй бол өөр аль байгууллага шалгах байсан юм бэ?

-Хамтарсан ажлын хэсэг гарган шалгаж болох байсан. Цагдаа, тагнуул, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба. Шалгалтын явцад тэдний аль нэг рүү шилжүүлж болно шүү дээ.

-Монголд урьд нь гарч байгаагүй олон хүнийг хамарсан энэхүү онц ноцтой хэргийг хашир туршлагатай, шударга мөрдөгчид мөрдөж байгаа гэдэгт та итгэлтэй байна уу. Тэднийг ямар нэг шалгуураар сонгосон болов уу?

-Энд ямар ч сонголт байгаагүй байх. Мөрдөн байцаах алба цомхон бүрэлдэхүүнтэй. Урьд нь ийм том хэмжээний хэрэг мөрдөж байгаагүй л болов уу. Тэд хуулийн хүрээнд үүргээ биелүүлж байгаа байлгүй дээ.

-Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Таван хүний амь нас хохироосон хэргийн тухай ярьж байна. Үүнийг улс төртэй холбох хэрэггүй” хэмээсэн нь сонирхол татлаа. Таныхаар энэ хэргийг улс төрөөс ангид авч үзэх боломжтой гэж үү?

-Өмгөөлөгч хүний хувьд би нэг зүйлийг баттай хэлнэ. Энэ бол улс төрийн хэрэг. Тэгээд ч Д.Дорлигжав прокурор “Таван хүн буудуулж нас барсан хэрэг” гэж яриад байгаа юм. Үнэндээ энд таван хүний амь насны тухай ярьж байгаа боловч тэдний нэг нь шатсан барилга дотор, гүн согтолттойгоор, угаартаж нас барсан нь тогтоогдсон. Тэр хүн хэний буруугаас нас барав. Бид телевизээр харж байсан. “Молотовын коктейль” гэгчийг шидэж, нүүрээ алчуураар тагласан тэр хүмүүс байрыг ша­таасан. Талийгаачийн хувьд угаар­таж нас барсан учраас энэ хэрэгт хамаагүй. Сэжигтэй байдлаар буу­дуулж нас барсан дөрвөн хүний асуудал бий. Тэднийг хэн буудсаныг тогтоох ёстой гэдэг дээр бид санал нэг байгаа. Ерөөсөө эсэргүүцсэн зүйл байхгүй. Хамгийн гол нь зөвхөн нэг сэжиг таамгийг баримталж, улс төрийн зорилгоор, заавал цагдаа буруутай байх ёстой, баримтгүй ч бай хамаагүй тэднийг буруутгая гэсэн зарчмаар шалгасан. Үүнээс болоод маш олон сэжиг таамгийг шалгахгүй үлдээсэн. Үүнд л шүүмжлэлтэй хандаж байна. Д.Дорлигжав прокурор МҮОНТ-ээр ярихдаа “Би маш олон  хавтастай энэ хэргийг уншиж судалсан” хэмээн ярьж байна билээ. Хэрэв тэр олон хавтаст хэргийг үнэхээр уншиж судалсан бол хэдэн хүний амь настай холбоотой хэрэг вэ гэдгийг мэдмээр л юм.

-Та тэр угаартаж нас барсан хүний талаар хэр мэдэх вэ?

-Үнэндээ тэр хүний талаар юу ч мэдэхгүй. Өмгөөлөгч хүний хувьд авсан мэдээллийнхээ л хүрээнд мэднэ үү гэхээс хавтаст хэрэгт тэр талийгаач холбогдолгүй.

-Гэхдээ нийгэмд таван хүн гэдгээр яриад хэвшсэн болохоор тавуулаа буудуулж нас барсан мэтээр ойлгож байгаа. Тэгвэл муугаар бодоход, ял шийтгэл хүлээхэд хүрвэл амь нас нь хохирсон хүний тоо дөрөв үү, тав уу гэдэг нь ялын хэмжээнд нөлөөлөх үү?

-Хүний амь насыг тоогоор хэмжихгүй л дээ. Ялын хэмжээнд ч нөлөөлөхгүй. Гэхдээ шударга зарчмын үүднээс хандах хэрэгтэй. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэл­сэнчлэн долдугаар сарын 1-ний хэргийн талаар ял асуугаад байгаа О.Магнай гэгч нөхөр биднийг телевизээр харсаар байтал тэр залуучуудыг  Сүхбаатарын тал­байгаас намын байр руу дагуулж очоод өөрөө хамгаалалтын олсон доо­гуур шурган “Дайрцгаая, орц­гооё” гэж байсан шүү дээ. Тэр бичлэг нь ч байгаа. Дараа нь жагсаал, цуглаан хяналтаа алдсан. Намын байр шатсан. Байшин, тэнд байсан иргэд, компанийн өмч хөрөнгийн хэргийг ярихаа больё. Гэтэл тэнд нас барсан хүний амь хэнтэй холбоотой вэ. Тэр байшин шатаагүй бол тэнд хүн үхэх байсан уу. Гэмт хэрэгт шалтгаант холбоо гэж байдаг. Жагсаал болоогүй бол байшин шатахгүй. Байшин шатаагүй бол тэр хүн үхэхгүй байсан юм биш үү гэдгийг бодох л ёстой. Яагаад тухайн үед уг хэрэгт шалгагдаж, хоригдож байсан хүмүүс одоо хамгийн гэм зэмгүй нь болоод дандаа ял асууж байдаг болчихов. Бидний нүдэн дээр хулгай дээрэм хийж, намын байрны эд хөрөнгийг зөөн, галдан шатааж байсан хүмүүсийг яагаад цагаатгав. Энэ шударга бус байдал л биднийг гайхшруулж байна.

-Тэр ч байтугай Өр­шөөлийн хууль баталсан. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Миний үйлчлүүлэгч болон энэ хүмүүст холбогдох хэргийг Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон Дараа нь буцаагаад сэргээсэн. Сэргээхдээ цэргийн гэмт хэрэг гэж зүйлчлэлийг өөрчилсөн. Энэхүү зүйлчлэлийн талаар Мон­голын эрүүгийн эрх зүйд дээгүүрт тооцогддог эрдэмтэн С.Нарангэрэл “Энэ бол яагаад ч цэргийн гэмт хэрэг биш” гэдгийг хэлж байсан шүү дээ. Бид хууль зүйн талаас нь олонтаа судалж байсан. Цэргийн гэмт хэрэг гэдэг бол ерөөсөө цэргийн алба хаах журмын эсрэг л гэмт хэрэг юм. Үүнд цагдаагийн байгууллагын асуудал хамаарахгүй. Дээр нь энэ хэргийн зүйлчлэл болон эрүүгийн эрх зүйн талаар мэргэшсэн хэд хэдэн эрдэмтэнтэй уулзаж санал солилцсон. Нэг нь ч цэргийн гэмт хэрэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс бид энэ талаар хэлэлцүүлэг зохион байгуулах, судалгаа шинжилгээг лавшруулан хийх санаатай байна.

-Энэ хэргийг Монголдоо, энүүхэн хүрээндээ шалгахад улс төрийн нөлөөлөлд орчихоод байгаа бол гадны, хөндлөнгийн байгууллагаар шалгуулж бол­доггүй юм болов уу?

-Зарим хүн Гаагийн шүүхэд хандана гэсэн утгатай мэдээлэл өгч байна билээ. Яг үнэндээ ингэтлээ улстөржин заавал хэн нэгнийг хүчээр буруутгах гэсэн ийм хүнд нөхцөлд хэргийн бодит үнэнийг нийгэмд ойлгуулах гэж зовж байхаар Гаагийн шүүхэд  хандсан нь дээр юм байна л даа. Ядахдаа хавтаст хэрэгт байгаа баримтыг хууль зүйн талаас нь эрүүл нүдээр хараад бодит үнэнийг хэлээд өгнө. Тэдэнд энд хэн эрх барих вэ, улстөржиж байна вэ гэдэг нь хамаагүй болохоор үнэн зөвөөр шийдэх байх л даа.

Уг нь эрх зүйн зохицуулалт талаасаа бол бид дотооддоо л энэ асуудлаа шийдэх ёстой, Олон улсын Эрүүгийн шүүхэд очих, тэдний харьяаллын маргаан ч биш.
Н.Энхбаяр гэрчийн мэдүүлэг, С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар тайлбар өгснөөр юу өөрчлөгдөх юм бэ. Танд ямар хүлээлт байна вэ?

-Ямар тайлбар өгөх бол гэдэг талаар таамаглал алга.  Гол нь үүнээс шалтгаалаад улс төрийн хувьд ямар нэгэн өөрчлөлт гардаггүй л юм бол хэргийн хувь заяанд хэрхэн нөлөөлөхийг урьдчилж хэлэх боломжгүй байна. Би хэлсэн шүү дээ. Энэ хэрэг эрүүгийн биш улс төрийн хэрэг болчихсон. Тэр тусмаа 2012 сонгуулийн маш том хөзөр болчихоод байна. Үйл явцыг ажиглаж байхад хэргийн мөрдөн байцаалт нь хэвлэл мэдээлэлтэйгээ хамт байна. Мөрдөгдөж, шалгагдаж байгаа хүмүүс рүүгээ удаан хугацааны туршид хэвлэлийнхнийг тодорхой давтамжтайгаар дагуулаад дайрч байгаа энэ явцаас харахад тэгж л дүгнэхээс өөр арга алга.

-Таны үйлчлүүлэгч Ч.Амарболд генерал өнөөдөр сэтгэл зүйн болоод эрүүл мэндийн хувьд ямар байдалтай байна?

-Амарболд генералын хувьд одоог хүртэл энэ хэргийн үнэн зөвийг олно гэдэгт итгэл алдраагүй. Гэхдээ Монголын нийгэмд гарч байсан онц ноцтой хэргүүд, томоохон гамшиг осол болгоны түрүүнд мэдлэг, чадвараа дайчлан зүтгэж явсан хүн шүү дээ. Авдрантын хоригдлуудыг баривчлахад буутай оргодлуудын эсрэг сөрөөд орж байсан, Ми-8 осолдоход үед штаб удирдаж явсан, нийгмийг цочроосон олон онц жигшүүрт хэрэг дээр ажлын хэсгийг ахалж нойр хоолгүй ажиллаж явсан, Монголын төрд хийсэн юмтай хүн. Тиймээс өөрийнх нь холбогдсон хэргийг чин шударгаар шүүнэ гэдэгт итгэлтэй л байгаа.

-Гэхдээ улс төрийн холбоотой хэрэг болгон замхардаг гэдгийг ч бас мэдэж байгаа байх?

-Тийм л дээ. Бид зөвхөн хуулиа судлаад энэ заалтын дагуу ингэж шийдэгдэх ёстой гэцгээж байсан бол сүүлдээ үүнд итгэхээ ч болилоо. Монголын улс төр зөвхөн хуульд хайрцаглагдахаа больчихсон юм байна.

-Та урьд нь улс төрийн холбог­долтой хэрэг өмгөөлж байсан уу?

-Өнгөрсөн хугацаанд Монголын нийгэмд гарч байсан улс төрийн шалтгаантай олон хэрэгт их, бага хэмжээгээр оролцож явсан гэж хэлж болно. Гэхдээ энэ хэрэгтэй зүйрлэхийн аргагүй л дээ.

-Яагаад?

-Хэрэг гарснаас хойш энэ талаар ямар нэг хэмжээгээр мэдээлээгүй нэг ч долоо хоног байсангүй. Энэ хэргээр шийтгэгдэж, хоригдоод гарч ирсэн хүмүүс нь хүртэл эргэж дайрч, улс төрийн ашиг хонжоо хайж байна. Үүгээрээ бусад хэрэгтэй харьцуулахааргүй юм л даа.

-Нэмэлт тайлбар, гэрчийн мэдүүлэг өгөх хүмүүсээс тухайн үед ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Ц.Мөнх-Оргил яагаад одоо хүртэл ам нээхгүй байна вэ. Салбарын сайд нь байсны хувьд яагаад цагдаагийн байгууллагынхаа төлөө дуугарч болдоггүй юм бол гэдэг бас сонин. Энэ талаар танд болон таны үйлчлүүлэгчид хүлээлт байдаг уу?

-Тухайн үед Ц.Мөнх-Оргил зөвхөн ХЗДХ-ийн сайд байгаагүй. Онц байдлын штабын дарга байсан. Миний үйлчлүүлэгч Ч.Амарболд генерал тэр штабын гишүүн. Тэгэхээр штаб ахалж байсан хүний хувьд маш олон тайлбар өгөх байсан байх. Одоо өгөх ч байх гэж хүлээж байна.

-Та дээр олон сэжиг, таамгийг шалгалгүй орхилоо гэж хэлсэн. Тухайлбал зайлшгүй шалгавал зохих ямар, сэжиг, таамгийг хэлж болох вэ?

-Үймээний үед цагдаад хандаж иргэдээс “Хурц гэрэлтэй гялалзсан хар машин буудаад байна”,“Буутай хүмүүс яваад байна”, “Өөдөөс буудлаа”, “Эрчим хүчний сүлжээ дэлбэлэх гэж байна” гэхчлэн маш олон мэдээлэл ирж байсан байдаг. Тэр бүхнийг бид цуглуулж жагсаалт гарган Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Мөрдөн байцаах албанд “Энэ бүхнийг шалгаж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. Тогтоосон, мөрдсөн гэсэн хариу өгдөг байсан. Өнөөх машин ч байхгүй, олох талаар ч дорвитой ажил хийгээгүй, бусад сэжиг таамгийг ч олигтой шалгаагүй. Зөвхөн цагдаа буруутай байх ёстой гэсэн чиглэлээр ажилласан хойно яаж ч олох билээ дээ. Жишээ нь долдугаар сарын 1-ний өдрийн 17 цаг 03 минутад “Гамма” агентлагийн зурагчны авсан зурагт жагсагчдын дунд ил хэвтэж байгаа АКМ бууны магазины эзнийг олоогүй, энэ зургийн талаар ямар нэг арга хэмжээ аваагүй. Эргэн тойрон дахь хүмүүсийнх нь нүүр царай тодоос тод байхад шүү дээ. Энэ магазин өөр буунд таарахгүй. Цагдаа нарт яг тэр үед АКМ байтугай гар буу ч байгаагүй. Телевизээр Ю-Жи маркийн хийн буу л харуулаад байдаг юм. Гэтэл “Гамма”-гийн авсан гэрэл зураг дээрх буу хэнийх болохыг тогтоогоогүй л байна. Ер нь тодруулах зайлшгүй шаардлагатай зүйл олон бий. Санаагаар болдог бол Тангарагтны шүүхийн өмнө мэтгэлцдэг шиг тийм л боломж олддог бол маш хэрэгтэй байна. Яг одоогийн байдлаар бол миний үйлчлүүлэгч ял авах ямар ч үндэслэл байхгүй гэдгийг баттай хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж