
-Тусгаар тогтнол. Энэ үг Монгол хүн бүрийн сэтгэлд эх орон, эх нутгаа гэсэн эх оронч үзлийг төрүүлдэг. Ер нь тусгаар тогтнол бидэнд ямар үнэ цэнээр олдсон юм бэ?
-Монгол үндэстэн Чингис хааны үед бүрэлдсэн. Үндэстэн бүрэлдэхийн нэг шинж нь төр юм. Гэхдээ бие даасан төр шүү дээ. Өөрөөр хэлбэл бие даасан төрт улсыг тусгаар тогтносон улс гэж нэрлэж байгаа юм. Тусгаар тогтнолоо зарлан тунхагласан орон хэнээс, юуг ч асуулгүй бодлогоо тодорхойлдог. Бас бүрэн эрхт улс гэж бий. Бүрэн эрхт улс гэдэг санаа нь тусгаар тогтносон гэдэгтэй ойролцоо утгатай. Энэ нь бие даасан бодлого боловсруулж хэрэгжүүлдэг. Жишээ нь 1921 оны хувьсгалын үед хуучнаар ЗХУ-тай Монгол Ардын намынхан, Засгийн газар холбогдож, Монголын автономитын үед Бээжин, Петербургаас юу ч асуухгүй өөрийнхөө асуудлыг өөрөө шийднэ гэж тохирсон байдаг. Энэ нь улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг илтгэж байгаа юм.
-МАХН уугуул нэрээ сэргээн Ардын нам болсон. Тусгаар тогтнолоо тунхаглан зарлахад улс төрийн ууган хүчин болох Ардын нам ямар нөлөө үзүүлэв. Ардын намын өнгөрсөн 90 жилийн түүхээс ярихгүй юу?
-Эх орноо хамгаалан тэмцэх гэдэг бол тусгаар улс байгуулах тэмцэлтэй үндсэндээ адил зүйл. Иймээс 1921 оны хувьсгалыг удирдан манлайлсан, ялсан, манай нам байгуулагдсан тэр цаг үеийг тохиолдуулан гуравдугаар сарын 1-нийг “Эх орончдын өдөр” гэж нэрлэсэн юм. Манай улсын тусгаар тогтнол маш их үнээр олдсон. Хүчирхэг гүрнүүдийн сонирхлын хайч, ялангуяа Монголыг тусгаар орон байлгах уу, үгүй юү гэдэг Орос, Хятадын сонирхлоос үүдэн бид тусгаар тогтнолынхоо төлөө уран нарийн аргаар идэвхтэй тэмцэл хийх шаардлагатай болсон. Хятадын цэргийн харгис эрхтэн 1919 онд Монголын автономыг устгасан. Ингэснээр Монгол Улс сөнөх, Монгол үндэстэн байхгүй болохын ирмэгт тулгарсан удаатай. Ийм үед Монгол Ардын нам байгуулагдаж, ардын хувьсгалыг хийсэн юм. Энэхүү хувьсгалыг хийхэд нэг талаас Хятадын түрэмгийлэгч, нөгөө талаас Барон Унгерн тэргүүтэй цагаан цэргийн талхилалтын эсрэг тэмцэж байж тусгаар тогтнолоо олж авсан. Гэвч тусгаар тогтнолоо хадгалан бэхжүүлэхэд саад гарсан. Учир нь Монгол Ардын нам үндэсний ардчилсан үзэл санааг баримталж байсан нам. Гэвч баримталж байгаа үзэл баримтлалыг нь сольж марксизм, ленинизм рүү оруулах гэсэн Коминтерний шахалттай тулгарсан л даа. Хэрэв тэдний шахалт шаардлагыг хүлээж аваагүй байсан бол улсын тусгаар тогтнол байхгүй болох байсан юм. Тиймээс зарим шаардлагыг нь хүлээн авч, заримыг нь эсэргүүцсний дүнд бид тусгаар тогтнолоо баталгаажуулсан.
-Монгол Улсын тусгаар тогтнолыг Ялтын хэлэлцээрээр их гүрнүүд хүлээн зөвшөөрсөн байдаг шүү дээ?
-Коминтерн болон Оросын коммунист большевикуудын нам алдаагаа ухаарч, Монголын тусгаар тогтнолыг гадаад ертөнцөд хүлээн зөвшөөрүүлэх нь зүйтэй хэмээн 1945 онд Ялтын гэрээг батлахдаа тохиролцсон. Үүний үр дүнд манай улс статусаа олж авсан юм. Харин дараа нь хуучнаар ЗХУ, Хятадын Гадаад явдлын яамдуудын гэрээ хэлэлцээр хүчин төгөлдөр болж, Монгол Улс тусгаар улс байх хэрэгтэй юм уу, үгүй юү гэдэг санал асуулга явуулах эсэхийг асууж байлаа. Ингээд иргэдийнхээ дунд санал асуулга явуул, хүн амын 99 хувь нь тусгаар тогтнолынхоо төлөө саналаа өгч, баталгаажуулсан түүхтэй. Мөн 1939 он, 1945 оны чөлөөлөх дайн тусгаар тогтнолоо бататгах, хамгаалахын төлөөх тэмцэл байв. Харин одоо тусгаар тогтнол хамгаалах нь өнөөгийн бидний үүрэг.
-Тусгаар тогтнол Монгол Ардын намын 90 жилийн түүхтэй салшгүй холбоотой. Шилжилтийн үеийг ч бид ардаа орхилоо. Монгол Улс эдийн засгийн хөгжлийн гараанд ирлээ гэж Ардын намын дарга С.Батболд хэлж байсан. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Шилжилтийн үе дууссан гэдгийг хэн ч хэлж чадахгүй. Харин социализм байгуулж байгаа улс орнууд ардчилсан өөрчлөлтхийж буйгаа шилжилт гэж яриад байгаа юм. Манай намын дарга “Ардчилал, өөрчлөлт улс оронд эхэлснээс хойш 20 жил боллоо. Бид шилжилтийн үе гэсэн сэтгэлгээгээр 20 жил явлаа. Одоо шилжилтийн үе гэж бодож, сэтгэж болохгүй нь. Харин бүтээн байгуулалтыг өрнүүлье. Ингэснээр шилжилтийн сэтгэлгээ дуусах ёстой” гэсэн.
-Ардын нам XXVI их хурлаараа шинэчлэлийг эхлүүлнэ хэмээн уриалж байсан. Харин таныхаар шинэчлэл гэж чухам юуг хэлээд байгаа юм. Шинэчлэгдэхийн тулд Ардын нам юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Нам өөрийнхөө шинэчлэлийг улс орны өмнө тулгарч байгаа зорилтуудтай холбож, бодлогоо тодорхой болгох ёстой. Мөн намын дотоод ардчилал, ухуулга сурталчилгаа болон боловсон хүчин гээд бүгдийг нь шинэ цаг үетэй нийцүүлэх нь шинэчлэлийн нэгээхэн хэсэг юм.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин