Улаан цамцтанууд ба цусан тангарагтнууд

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Улаан цамцтанууд ба цусан тангарагтнууд

Тайландын хаврын синдром үргэлжилж байна. Тус улсын Ерөнхий сайд асан Таксин Чинаватыг дэмжигсэд гэх “улаан цамцтанууд” өчигдөр парламентын ордон руугаа дайрчээ. Айж балмагдсан парламентын гишүүд ордныг орхиход хүрэв. Харин жагсагчид парламентын ордонд Засгийн газрын болон парламентын гишүүдээс нэг нь ч байхгүй байгааг мэдэн ордноос буцаж гарсан байна. Тэдний шаардлага их энгийн. Засгийн газрыг огцрохыг л шаардаж байгаа. Нэг сар үргэлжилж буй уг жагсаалд асар их хөрөнгө хаяж байгаа нь илт. Зохион байгуулагчид нь бүтэн сарын турш тэднийг хооллох, ундлах зардлыг дааж байгаа. Тиймээс тэд тэмцлээ цуцалтгүй үргэлжлүүлсээр байна. Тайландын жагсаалын загвар болох нэгэн тэмцэл манайд улсад эхлээд удаагүй байна.
Гурав хоногийн өмнөөс Амлалт нэхэх ард түмний холбоо тэргүүтэй жагсагчид Сүхбаатарын талбайг “нөмөрсөн”. Шаардлага нь бас л энгийн. Тэд УИХ-ыг огцрохыг шаардаж байгаа. Нийслэлийн бүх дүүрэг, 21 аймгаас ирсэн төлөөлөгчдийг хооллох, ундлах үүргийг дээрх холбооныхон хүлээж байгаа. Асар их хөрөнгө шүү. Дэлхийн өнцөг булан бүрт жагсаал, цуглаан болж л байдаг. Гэхдээ манай хоёр оронд өрнөж буй жагсаалууд олон зүйлээр ижил. Хүнээр бол өвчний ижил шинж тэмдэгтэй, нэг оноштой. Хэн нэгэн эрх мэдлээ эгүүлэн олж авах шуналт хүсэлдээ залуусыг ашигладаг үзэгдэл манай хоёр оронд л байна уу гэлтэй.
Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чинават алс холын Черногор улсаас өөрийнхөө эрх мэдлийг эгүүлэн олж авах бузар зорилгодоо залуусыг ашиглан, турхирсаар байна. Залуусын ихэнх нь орон нутгийнх. Харин тэднийг “тэжээх” хөрөнгө нь хаанаас гарч буй нь тодорхойгүй. Манай улсын жагсагчдын хоол, хүнсийг ч мөн хэн “дааж” буй нь мэдэгдэхгүй. Лав л хэд, хэдэн холбоо нэгдээд ч жагсагчдыг “тэжээх” мөнгийг гаргаж чадахгүй юм байна гэж нэр бүхий нэг намын тэргүүн саяхан ярилцлагадаа дурьдаад авна лээ.
Тайландын экс Ерөнхий сайд залуусыг зүгээр ч нэг жагсаасангүй. Бүр цусыг нь харахыг хүссэн. Улаан цамц өмссөн олон зуун жагсагч цусаа цуглуулан Парламентын ордны болон өнөөгийн Ерөнхий сайдын гэрийнх нь үүдэнд асгаж, Таксины сэтгэлийг амраав. Харин манайд. “Эцсээ хүртэл чармайн зүтгэхээ андгайлж байна” хэмээгээд зарим хөдөлгөөн, эвслийн тэргүүн гэх залуус хурууныхаа өндгийг эсгэж цусан тангараг тавьсан. Тэд чамгүй боловсролтой л хүмүүс. Гэтэл Тайландын жагсагчдын нэрийн хуудас болсон улаан өнгөөр Монгол Улсын залуусыг вирустүүлэх сонирхол хэнд байна вэ. Улаан, улаан, бас улаан өнгө зонхилоод байгаа нь аюултай санагдана. Бас цус үнэртээд байгаа нь аймшигтай.

Өчигдөр Тайландын жагсагчид Парламентын ордон руугаа дайрч орсныхоо дараа “Бид одоо хэлэлцээр хийхгүй. Тайландын түүхэн дэх цоо шинэ хуудсыг нээхийн төлөө тэмцэх болно” гэж мэдэгдэв. Манай цусан тангарагтнууд УИХ-д шаардлага хүргүүлсэн байгаа. Хариуг нь 72 цагийн дараа буюу өнөөдөр авах учиртай. Харин УИХ-ын зүгээс өгөх хариу тэдний “таалал”-д нийцэхгүй бол тэмцлээ үргэлжлүүлнэ гэсэн. Тэмцлийн дараагийн алхмуудыг хийнэ гэдгээ жагсаалын “нээлт”-ийн үеэр мэдэгдээд авна лээ. Жагсагчид анхандаа МАХН-ын 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр амалсан 1.5 сая төгрөгийг яаравчлан өг гэсэн шаардлага тавина гэцгээж байсан. Гэвч энэ асуудлыг Засгийн газар шийдэж орхив. Жагсаалын өмнөхөн Засгийн газар 1.5 саяыг олгохоор болсныг бүгд мэднэ. Нэгэнт жагсаал зарлагдчихсан, орон нутгаас “шувууд” нисээд ирчихсэн учир хийхээс аргагүйд хүрсэн нь ойлгомжтой. Тиймээс УИХ-ыг тарах шаардлагыг өмнөө барин жагсав. Харин УИХ юуны учир тарах ёстой вэ гэсэн шалтгаан нь бүдэг. Ард түмэнд УИХ-ын гишүүдийн зүгээс хийж буй олон зүйл таалагддаггүй нь үнэн. Гэхдээ 76 “цэцэн”-ийг тараачихвал байдал бүр хяналтгүй болно гэдгийг юунаас ч илүү ойлгодог. Бас хууль бусаар Засгийн эрхийг авч болохгүй гэдгийг мэддэг.

Таксин Чинават Тайландад авлига цэцэглүүлж байсныхаа төлөө ямар ч хариуцлага үүрээгүй. Жирийн иргэдэд их сонсогдовч авлигын загалмайлсан эцэг гэх түүний хувьд дэндүү багадмаар хэмжээний хөрөнгөө хураалгаад л салсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл тэр эрх мэдэл мөрөөдсөөр… Түүний эцсийн зорилго, чин хүсэл нь эрх мэдлээ олж авахад оршино. Таксин өөрөө л Засгийн эрхэнд гарвал ард иргэд нь жаргана гэсэн молиго үмхүүлэн уран цэцэн үгсээр уярааж буй нэгэн. Харин үүнд нь залуус “хошгирч” буй нь тун харамсалтай.
Сүхбаатарын талбайд шаардлага тавиад байгаа жагсагчид руу өчигдөр үүрээр халдсан хэрэг гарлаа. Зүй бус хэрэг мөн үү гэвэл мөн. Хүний аминд халдах гэж байна шүү дээ. Гэхдээ олон талаас нь эргэцүүлж, мэдээ мэдээллийг нь хэд дахин уншихад зохион байгуулалттай хийсэн гэх хар төрнө…  Улаан цамцатнуудын монгол хувилбар болох цусан тангарагтнуудын тэмцэл үргэлжилсээр байна. Харин цусан тангарагтнууд улаан цамцтануудаас илүү ухаан зарж, Төрийн ордон руугаа дайрах болхи арга хэрэглэхгүй гэдэгт итгэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж