
Суралцагчид цахилгааны болон барилгын мэргэжил эзэмших аж. Тус аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн албанд 170 гаруй иргэн бүртгүүлжээ. Тэднээс шалгалт авч, тэнцсэн хүмүүсийг судлахад дийлэнх нь дундаж насныхан байлаа. Тодорхой мэргэжил эзэмшсэн, эзэмшээгүй, дундаж насныхны хувьд ажлын байр олно гэдэг “шүдний өвчин” болоод байгаа. Гэтэл нутаг оронд нь Оюутолгойд ажиллах боломж өөрөө “хүрэлцэн ирсэн” нь аз тохиосон явдал боллоо гэдгийг ч иргэд нуулгүй ярьж байна.
Тухайлбал, Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн Б.Цэцэгсайхан “Оюутолгой төслийн хөтөлбөрөөр, тэдний хөрөнгөөр мэргэжлийн ажилтан бэлтгэх сургалтад хамрагдсандаа баяртай байна. Тэр тусмаа 24-өөс дээш насныханд зориулсан болохоор манай аймгаас олон иргэн мэргэжилтэй болох боломжтой болж байна. Би сувилагч мэргэжилтэй боловч хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хамт олны дунд орж ажиллах сонирхол бас байна. Тиймээс ирээдүйтэй сайхан ажил зохион байгуулсан “Оюутолгой” ХК-ийнханд баярлалаа гэж хэлье” хэмээсэн юм. Мөн Дэлгэрцогт сумын иргэн Н.Загдсүрэн “Бүтээн байгуулалт өрнөж байгаа цаг үед барилгын өргөн мэргэжил эзэмшихээр суралцаж байна. Ажлын байртай болно. Цаашдын ирээдүйгээ сайхнаар төсөөлж байгаа” гэж ярилаа. Тэдэнтэй ярилцаж байхад заавал Оюутолгойд ажиллана гэхээсээ илүү уг хөтөлбөрт хамрагдаж мэргэжилтэй болсноор хаана ч гологдохгүй мэдлэг чадвар эзэмшиж, болж өгвөл нутаг орондоо ажиллах боломж олж авлаа гэцгээж байсан юм. Одоогоор ажил идэвхтэй хайж байгаа орон нутгийн иргэдэд насны хязгаар зааж ажилд авахгүй байх нь гол бэрхшээл байдаг ажээ. Тиймээс ч өдий насандаа сургалтад сууж, мэргэжил эзэмших нь цагийг үр ашигтай өнгөрүүлээд зогсохгүй эзэмшсэн мэргэжлээрээ шалгуулж, сургалтад хамрагдсан сертификатаа үзүүлэхэд ажил заавал олдоно гэдэгт бүрэн итгэлтэй байгаа нь харагдаж байлаа. Хамгийн гол нь ажил, амьдралын туршлага, тогтвортой байдлын хувьд хамгийн найдвартай ажиллах хүч бол дундаж насныхан юм шүү гэдгийг тэд хэлэхийг хүсч байв. Энэ талаар Сайнцагаан сумын иргэн М.Туул ярихдаа “Насны хязгаар заагаагүй хамгийн том боломж гэж би үзсэн. Одоо аливаа сургалт, ажлын байранд нас заагаад бидний үеийнхнийг ялгаварлаж байна. Уг нь хамгийн сайн төлөвшсөн үеийнхэн бол яах аргагүй дундаж насныхан мөн шүү дээ. Мөн мэргэжлийн сургалтаас гадна англи хэл, компьютерийн хичээл зааж байгаа нь бүр ч олзуурхууштай. Би Оюутолгой төслийн сургалтын хөтөлбөрт хамрагдан суралцсанаар хөдөлмөрийн биржид бүртгүүлнэ. Биржид бүртгүүлэхдээ юу сурсан, хийж чаддаг болсон тухайгаа бүгдийг нь бичиж өгнө. Энэ бүхэн миний давуу талууд байх болно” гэсэн юм. Түүнчлэн Луус сумын иргэн, 52 настай Б.Дэжидсүрэн “Би цахилгаанчны мэргэжил сонгон суралцаж байна. Хаана ч хэрэгцээтэйгээрээ энэ мэргэжил давуу талтай. Би аравдугаар ангиа төгссөнөөс хойш тодорхой мэргэжил эзэмшиж чадалгүй өдий хүрсэн. Харин 50 гарсан хойноо мэргэжилтэй болно гэж төсөөлж байсангүй. Ийм урам зориг бэлэглэсэн Оюутолгой төслийнхөнд баярлаж байна. Миний хүү удахгүй уулын баяжуулалтын инженерийн мэргэжлээр сургуулиа төгсөөд ирнэ. Хүүтэйгээ хамт манай суманд удахгүй нээгдэх Оюут-Овоогийн уурхайд ажиллах бодолтой байгаа” гэв. Дундговь аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв ийнхүү хөл хөдөлгөөн ихтэй байна. Тэнд ажлын байртай болох, амьдралаа дээшлүүлнэ гэсэн итгэл дүүрэн хүмүүс өнгөлөг харагдаж, тэдний дунд ирээдүйн тухай сайхан яриа өрнөж байлаа. “Загас бэлэглэх бус, загас барих аргыг нь зааж өгөх” мөнгөөр үнэлшгүй буяны үрийг Оюутолгой төслийн сургалтын хөтөлбөр тэнд “тарьсан” байлаа. Өнгөрсөн жилийн зуданд малаа барсандаа урвайж, банкны өр толгойг нь өвтгөж байсан нь саяхан ч, “Яагаад байшин барин амьдарч болохгүй гэж. Амьдралын түр зуурын бэрхшээлийг ажлын үр шимээрээ давна” гэсэн итгэл дүүрэн, бяр амтагдсан дундаж насныхан “ном үзэж” байна, тэнд. Мөн “Дунд сургуулиа төгсөөд, олон хэлтэй орчуулагч болохоор зорьж нийслэлийн нэгэн хувийн сургуульд амьдралынхаа бүхэл бүтэн таван жилийг зориулсан ч ажлын байр олоогүй, ажил хайсаар яваад арван жилийг хий дэмий өнгөрөөлөө. Одоо больё. Насаараа хийх, гарт үлдэх мэргэжилтэй болъё” гэсэн 30 гаруй насныхан ч цөөнгүй байна.
Суралцагчид заалгаж байгаа хичээл, орчин нөхцөлдөө сэтгэл хангалуун байлаа. Сургалтын хөтөлбөр, гарын авлагыг нь ч бэлтгээд өгчихөж. Арван сар суралцах хугацаандаа сар бүр 108 мянган төгрөгийн тэтгэлэг, байр, хоолны зардалд 70 мянган төгрөг авдаг “цалинтай оюутнууд” болжээ, тэд. Үүний цаана 10 сар суралцах хугацаанд нь суралцагч тус бүрт ногдож буй 600 мянган төгрөгийн хувьсах зардлыг мөн л Оюутолгой төслөөс бүрэн хариуцаж байна. Ийм зардал гаргасны дараа Оюутолгой төслийнхөн “шавь нар”-аа ажилд авахгүй байх нь юу л бол. Бүгдийг нь ажилд авахгүй байсан ч бэлэн зардал, сайхан орчинд боломжийн мэргэжил эзэмшсэн тэд эзэмшсэн мэргэжилтэй, тархиндаа хоногшсон мэдлэгтэй болж амьдралаа залгуулах нэгэн үнэт зүйлтэй болж хоцорсон болохоор алзахгүй ээ. Хэн хаанаас хэзээ ирж, үнэгүй сургалтад хамруулан мэргэжлийн үнэмлэхтэй болгоод буцах билээ. Энэ бол “Оюутолгой” ХК-ийн хишиг, эх нутгийн минь баялгийн буян гэж тэд нэгэн дуугаар хэлж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж иргэдээ ажилтай, айл өрх бүрийг орлоготой болгохыг зорьж байна. Ялангуяа өрх бүрийг үйлдвэрлэгч болгож, ажил олгогч бүр нэгээс дээш ажлын байр бий болгох, залуучууд, 40-өөс дээш насныхан, цэргийн алба хаагчдыг ажлын байраар хангах зэрэг тодорхой хүмүүс рүү чиглэсэн бодлого нь энэ жилийн ажлын нэг зорилт юм. Жилийн ажлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороонд хэдэн хүн ажилтай болсон, удирдлага, зохион байгуулалтын ямар арга хэмжээ авсан зэргийг голлон авч үзэж байгууллага, албан тушаалтны ажлыг дүгнэх болно гэдгээ ч Засгийн газрын тэргүүн мэдэгдэж байсан. Мөн манай улсад хэрэгжиж буй аливаа төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн дүнд ажлын хэдэн байр бий болж байгааг ч нарийвчлан үзэх юм. Энэ талаар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг удирдан зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих Үндэсний хорооны анхдугаар хурлын үеэр мөн ярьж байв. Жилийн ажлын хүрээнд уул уурхай, эрдэс баялаг, эрчим хүч, зам, барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөр болон холбогдох тендерийн баримт бичигт үндэсний ажиллах хүчнийг бэлтгэж, ажлын байраар хангахыг тусгайлан заах, хэрэгжилтэд хяналт тавих, энэ талаар мэдээллийн сан байгуулж ажиллахаар төлөвлөжээ. Мөн үндэсний ажиллах хүчнийг бэлтгэх урт хугацааны төлөвлөгөө боловсруулж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулиудад элсэгчдийг ажил олгогчийн захиалга, санхүүжилтээр сургах тогтолцоонд шилжих, томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжийн дэргэд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, сургалтын дадлагын бааз байгуулах, тэдгээрт татварын хөнгөлөлт үзүүлэхийг гол зорилгоо болгоод байна. Оюутолгой төслийг хэрэгжүүлэгчид Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй үйл ажиллагаагаа уялдуулан ажилласнаар хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн харилцааны шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн түншлэлийн арга, механизмыг боловсронгуй болгож хөгжүүлэх чиглэлээр төртэй хамтран ажиллаж чадаж байгаа нь бас нэгэн давуу тал юм.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин