Лигийн шинэ “цэрэг” аваргуудыг сөхрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Лигийн шинэ “цэрэг” аваргуудыг сөхрүүлэв

Монголын сагсан бөмбөгийн холбооны Nissan премьер лигийн тоглолтууд тун сонирхолтой, өрсөлдөөнтэй үргэлжилж байна. Лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд шувтарч буй энэ үед Спортын төв ордны А зааланд өчигдөр уламжлал ёсоор гурван тоглолт боллоо.

Өчигдрийн эхний тоглолт “Энержи Ресурс” компанийн  “Харцага” болон ШУТИС-ийн “Акулууд” багийн хооронд болж, 99:86 харьцаатай “Харцага”-ын ялалтаар өндөрлөсөн. Тоглолтын туршид илүүрхэж байсан “Харцага”-аас Ц.Мэргэн  18 оноо, дөрвөн удаагийн самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлсэн бол Б.Түмэнжаргал 17, Н.Цолмонхүү 16, Б.Нэмэхбаяр 13 оноогоор багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулжээ. Харин “Аварга загаснууд”-ын бүрэлдэхүүнд Ц.Ганболд 27 оноо, долоон удаа самбараас бөмбөг авсан үзүүлэлтээр багаа манлайлсан байна. Ингэснээр “Харцага” 11 хожил, хоёр хожигдолтой, нийт 24 оноогоор лигийн хүснэгтийн хоёрдугаарт бичигдээд байгаа бол ШУТИС-ийн баг 16 оноотой долдугаарт бичигдээд байна.

Харин өчигдрийн хоёр дахь тоглолт “TLG-13” болон ХҮДС-ийн “Ирвэс” багийн хооронд өрнөсөн. 79:70 харьцаатай “TLG-13” багийн ялалтаар өндөрлөсөн энэ тоглолтод тус багаас Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар нар дабл-дабл хийсэн. Г.Цэнгүүнбаяр 20 оноо, 11 удаагийн самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлсэн бол Э.Цэрэнбаатар 12 оноо авч, 17 удаа самбараас бөмбөг авчээ. Харин “Ирвэс”-ээс Э.Дорж-Арилд, н.Бямбадорж нар тус бүр 19 оноогоор багаа манлайлсан байна.

Өчигдрийн хамгийн сүүлийн тоглолт энэ өдрийн сор болсон тоглолт байлаа. Лигийн гурван удаагийн аварга “Хасын хүлгүүд” болон лигт шинээр хөл тавьсан “Милл хаус” компанийн “Ав-Атар” багийн хооронд болсон тоглолт үзэгчдийг суудлаас нь өндийлгөсөн, ширүүн тэмцэл дунд өрнөсөн юм. “Ав-Атар” багийн ахлагч Ш.Сэдбазар энэ тоглолтод багаа манлайлж, ялалтад хөтөлснөөр баг нь үндсэн цагт 92:90 харьцаатай ялалт байгуулсан. Тэрбээр тоглолтын туршид нийт 28 оноо, 13 удаа самбараас бөмбөг авчээ. Мөн “Ав-Атар”-аас С.Өрнүүнбилэг 16, Лекс 14, Кларенс Жеффри 13 оноо авсан байна. Харин өнгөрсөн жилийн аварга “Хасын хүлгүүд” багаас О.Ууганбаяр 25 оноогоор багаа тэргүүлжээ. "Хүлгүүд" ийнхүү улирлын анхны ялагдлаа хүлээсэн нь энэ байлаа.

Nissan премьер лигийн хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолтууд маргааш болно. Харин баасан гаригаас эхлэн сүүлийн буюу гуравдугаар тойргийн тоглолтууд эхэлнэ.

Nissan премьер лигийн II тойрог:

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж