“Архигүй Монгол” аян өрнүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

“Архигүй Монгол” аян өрнүүлнэ

Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Шижирбаатараар ахлуулсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хурал энэ сарын 17-нд болж өнгөрлөө. Аймгийн Цагдаа, шүүх, прокурор, шүүхийн шинжилгээний алба, хүүхдийн хэлтэс, боловсрол соёлын газрын дарга нараар багаа бүрдүүлсэн уг зөвлөл  иргэд, хүүхдийг гэмт хэрэгт уруу татагдах, холбогдохоос урьдчилан сэргийлэх, ухуулга сурталчилгаа хийх, бодлогын шинжтэй заавар зөвлөгөөг өгч ажилладаг билээ.
Тэгвэл энэ удаагийн хурлаар 2011 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.
Өнгөрсөн жил зарим сумдад хийгдсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” ихээхэн үр дүнтэй болж иргэдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд энэ жил ч мөн адил энэхүү арга хэмжээг Онгон, Дарьганга, Наран сумд болон хилийн отрядуудад зохион байгуулах, сүүлийн хэдэн жилийн турш орхигдоод байсан “АСК” тэмцээнийг төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд зохион байгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар зөвлөлийн гишүүд Телевизийн шууд нэвтрүүлгээр иргэдтэй нээлттэй ярилцах, ГХУСА-д олон нийтийг оролцуулж, олноор нь хамруулах үүднээс тэднийг урамшуулж өдөрт тодорхой хэмжээний урамшуулал олгон эргүүл ажиллуулах  зэрэг нэр бүхий 16 ажлыг хийхээр төлөвлөн гишүүд хэлэлцлээ.
Энэ үеэр гишүүдээс тавьж байсан асуудлууд нь иргэдийг гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох, сурталчлан таниулах ажил хангалтгүй байгаагаас хувь хүн, албан байгууллагад шалгалтаар очиход урьдчилан сэргийлэх хуулийн талаар ямар ч мэдлэггүй, яг юуг шалгуулах талаараа мэддэггүй учраас эхлээд хуулийн талаарх мэдлэгийг тодорхой хэмжээнд өгч байж дараа нь хянаж шалгах ажлаа явуулбал оновчтой хэмээн үзэж байлаа.
Мөн “Архигүй Монгол” аяныг аль болох хурдан эхлүүлж, энэ аяны хүрээнд архи согтууруулах ундаа зарж борлуулах эрхтэй аж ахуйн нэгжүүдийг хянаж шалгах ажлыг хийх зүйтэй гэлээ. Учир нь Баруун-Урт хотын хэмжээнд 63 аж ахуйн нэгж, дэлгүүр архи согтууруулах ундаа зарж борлуулдаг бөгөөд түрүүчээсээ эхлээд нэгдүгээр сараас эхлэн лицензийн хугацаа нь дууссан байгаа аж. Энэхүү лиценз нь дууссан нөхцөлд эргээд авахад Улсын бүртгэлийн шинэчилсэн хуулиар  10 сая төгрөгийн хураамж төлөхөөр болсон  боловч одоогоор нэг ч аж ахуйн нэгж лицензээ сунгуулаагүй байгаа учраас маш их зөрчил илэрнэ гэдгийг хэлж байсан юм.

Түүнчлэн хорих ангид тодорхой хугацаанд ял эдлээд гарсан хүмүүс эргээд нийгэмших нөхцөл боломж нь хангалтгүй байдаг учраас буцаад гэмт хэрэгт холбогдох магадлал өндөр байдаг аж. Иймээс эдгээр иргэдийг түр ажлын байраар хангахад Баруун-Урт хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийг уриалах, татан оролцуулах зэрэг ажлыг хийх саналыг ч мөн дэвшүүлж байлаа. Мөн Баруун-Урт хотод зөвшөөрөлтөй РС тоглоомын газар 3 байдаг ч хүүхдүүдээс ирсэн мэдээллээр одоогийн байдлаар 7 газар РС тоглоом ажиллуулж хүүхдүүд донтож байгаа учраас эдгээр газруудыг илрүүлж үйл ажиллагааг нь зогсоох ажлыг хийхээр тогтлоо.

Сүүлийн үед дунд сургуулийн сурагчид тэр дундаа охидууд архидан согтуурч танхайрах,  гэмт хэрэгт холбогдох явдал ихээр гарах болсон, мөн ямар ч зөвшөөрөлгүй шашны байгууллагууд олноор орж ирж хүүхдийг сургалт, спорт зэрэг янз бүрийн аргаар уруу татан орой үдшийн цагаар олноор нь цуглааж байгаа явдалд хяналт шалгалт хийж арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзлээ. Мөн ойрын хугацаанд” Цайрт Менираль”, “Дөрвөлж”,”Талын гал” зэрэг газруудад шалгалт оруулахаар боллоо.

“Архигүй Монгол” аяны хүрээнд хамгийн сайн зохион байгуулсан сумд болон аж ахуйн нэгжийг өндөр хэмжээний мөнгөн  шагналаар шагнах зүйтэй хэмээн үзэж гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.
Дээрх ажлуудыг 2011 онд хийгдэх ажлын төлөвлөгөөндөө нэмж тусган ажил хэрэг болгохоор төлөвлөн гишүүд нь санал нэгдсэн юм.
Үүний дараагаар 2011 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах төсвийг хэлэлцэн баталлаа.

С.Одгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж