
Өвөрхангай аймаг тэр дундаа Өлзийт сумын нутаг цас ихтэй, сүүлийн өдрүүдэд гурван удаа дараалж цас орсноос хот айлын үүднээс эхлээд өвдгөөр татсан цасан хунгар байсан ч Ц.Дондовхүү гуайн бод, бог нийлсэн 800 гаруй толгой мал бүрэн мэнд байж, сандарч тэвдсэн зүйлгүй тавтай сайхан хаваржиж байлаа.
Гэрийн эзэн малчин хэлэхдээ “ Өнгөрсөн жилийн цас зуд бидэнд их сургамж өгсөн. Тиймээс ч бүх малчид энэ өвөлд сайн бэлдэж, хадлан тэжээлээ сайтар бэлтгэсэн. Малын олныг биш харин чанарыг чухалчилах нь зөв юм гэдгийг малчид одооноос ойлгож байна” хэмээсэн юм. Харин нэмэж цас орж хүйтрэхгүйгээр энэ цас нь хайлчихвал ч мал борог өвс идээд зунтай эсэн мэнд золгочихноо гэх үгс малчдын амнаас унаж байв. Ерөнхийлөгч малчдын дээрхи байдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд “Засгийн газраас малчдыг, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг, сумын хөгжлийг дэмжих хөтөлбөр хангалттай олныг хэрэгжүүлж байгаа. Гагцхүү эдгээр нь хариуцлагатай, үр дүнтэй байх хэрэгтэй” гэсэн бөгөөд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн “Сумын хөгжлийг дэмжих хөрөнгө нэг суманд тухайн сумын хүн амаас хамаараад дунджаар 35-50 сая төгрөг оногдож байгаа. Энэ мөнгөөр хамтрал бүлэг, хоршооллын хэлбэрээр ажиллаж буй иргэдийг дэмжих бодлого баримталж байгаа. Хамтран ажиллаж байгаа хүмүүс илүү хариуцлагатай байдаг учраас мөнгөний зарцуулалт үр дүнтэй байдаг” хэмээн тодорхойлсон юм.
Монгол улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, ЗГ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Ерөнхийлөгчийн зөвлөх Эрхэмбаяр, ОБЕГ-ын дарга Амгаланбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Золжаргал, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ариун сан, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны газрын дарга Аюуш, Авто замын газрын дарга Энхтөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөх Даваацэрэн, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Батзаяа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Нэргүй болон төвийн хэвлэл мэдээллийн ажилтнууд дагалдан явсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод ажиллахдаа Хүүхэд залуучуудын паркийн ногоон байгууламжтай танилцаж, орой нь иргэдтэй уулзалт хийсэн юм. Тэрбээр төмөр туулай жилийн мэндийг уулзалтанд ирсэн иргэдэд хүргээд бүрэн эрхийнхээ хүрээнд боловсруулан ажиллаж буй бодлогын зорилтоо танилцууллаа. Тухайлвал улс орны аюулгүй байдалд анхаарах, иргэний эрхийг хангах, шударга ёсыг тогтоох, байгаль орчноо хамгаалан сэргээх, Монгол ёс заншил, уламжлалаа хадгалан сахихад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа гэсэн бөгөөд эдгээр бодлоготойгоо уялдуулж томоохон улс орнуудын анхаарал Монгол руу хандаж байгаа энэ эгзэгтэй үед аюулгүй байдлынхаа асуудлуудыг тэргүүн чухал түвшинд тавьж шийдэх нь чухал, иргэн байж байгаад төр бий болсон, ард түмний үргэлжлэл төр учраас бид үйлчлэх ёстой, шударга ёстой холбогдоогүй нийгмийн баялаг гэж байдаггүй, шударга ёс бол төрийн албан хаагчдын биш нийт ард түмний эрмэлзлэл байх ёстой, байгалийн өнгө төрх, зан аягтай зохицож мөн амьдралынхаа энэ хэв маягийг өөрчилж оролцохгүй бол бидний багадаа айдаг байсан атомын цөмийн зэвсэг шиг байдалд хойч үе маань орох нь, Монголчуудын тоо цөөхөн учраас улс орон, амьдралаа аваад явчих чадалтай, цогтой, золбоолог Монгол эр хүн цөөхөн байна. Үүнд онцгой анхаарч хууль дүрмэндээ өөрчлөлт оруулах, хүүхэд залуусаа хөгжүүлэх шаардлагатай. Хүүхдүүдээ эхлээд Монгол хүн болгоё, дараа нь сайн мэдлэгтэй эрдэмтэй хүн болгоё, үүний тулд дунд сургуулийн хичээлийн прогррамд оруулах уламжлалт зан заншлын тухай гурван асуудлыг би үргэлж шахаж байгаа гэх зэргээр илтгэлдээ онцлон дурьдлаа.
Дараа нь иргэд Ерөнхийлөгчөөс хүссэн асуултаа асууж холбогдох хүмүүсээс хариултаа сонссон юм. Иргэдийн санал хүсэлтийг товч сийрүүлвэл,
Ахмад сэтгүүлч С.Мөнхдалай:
-Манай аймаг улсын өмнө их гавъяатай. Энэ жил 80 жил тохиож байгаатай холбогдуулаад туган дээр нь одон зүүлгэчих юмсан гэх яриа олон нийтийн дунд нэлээн байдаг юм. үүнийг та нэг бодоод үзчихээрэй
Арвайхээр сумын Ахмадын хорооны дарга М.Сэрээнэн:
-Төр засгийг байгуулсан ахмадууд, түмэн олныгоо харж хандаж төрийн шагнал, хишиг урамшуулаа хайрлаж байгаарай. Ахмадуудын дунд гомдол санал их байдаг юм шүү. Хувьсгалыг байгуулсан улсууд хүртэл ямар нэг гавъяа шагналгүй сэтгэл дундуурхан явж байна.
Арвайхээр сумын 2-р багийн өндөр настан Баасандорж:
-Таны илтгэлтэй холбогдуулж гурван санал хэлье. Үндэсний аюулгүй байдал Монгол улсад алдагдаж байна. Яагаад гэвэл архи уудаг хүн тоо томшгүй болж үүнээс гарсан хэрэг төвөг цадигаа алдлаа. Шударга ёс өнөөдрийн нийгэмд байхгүй болжээ. Яаж байна гэвэл хэн нэгэн хүн ажилд оръё оо гэхэд нас, зүс, өндөр нам заачихаад авдаггүй. Мөнгө төгрөгтэй нь болохоор мэргэжилгүй байсан ч ажилд орж байна. Ёс заншил байхгүй болсон. Наад зах нь бидний мэнд мэдэж байгаагаас л илэрхий байна. Сайн байна уу гэдэг байсан бол юу байна гэдэг болж. Хариуд нь юмгүй гэдэг. Энэ асуудалд онцгой анхаарна уу?
Баянгол сумын малчин Ганзориг:
-Ерөнхийлөгч хүн амаа дэндүү цөөхөн гэж байна. Бид цөөхөндөө биш сэтгэлийн тэнхээгүй, зориггүй, арчаагүйдээ ийм байдалд байгаа юм. Монголчууд хэзээ юм хийж сурах юм бэ?, хэзээ бүтээх юм. Манай төр эцэг нь үхчихсэн, эхийгээ зулгаасан хэдэн толгой томтой хүүхдүүд шиг л байна. Сүүлийн үед хуралдаандаа суудаг гишүүн байхаа больж. Гэтэл хичээл тасласан хүүхдээс цагаар нь тооцоод мөнгө аваад байна шүү дээ. Авилгыг таслана гэж байна. Авилга хаана байдаг вэ? Ядарсан айл, амьдрал дорой хүнд хэзээ ч авилгал байдаггүй. Авилгал үеийн үе, түүхийн түүхэнд дандаа түшмэл, эрх мэдэлтнүүдийг дунд байдаг.
Энэ мэтчилэн 30 орчим иргэн амаар, 200 гаруй иргэн бичгээр санал хүсэлтээ уламжилж, нийгмийн халамжийн тэтгэлгүүдийн тухай лавлахаас гадна Оюутолгой, Тавантолгойн уул уурхай, байгаль цаг уурын бэрхшээл зэрэг асуудлаар тодруулга авсан юм. Иргэдийн асуултанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариулахдаа “Ерөнхийлөгчийн шинэ жил, цагаан сараар архи хэрэглэхгүй байя гэж хэлсэн саналыг манай ард түмэн хуулиас илүү хүлээж авсан явдалд би их талархаж байгаа. Хуулийг ч тэгэж хэрэгжүүлж хүн бүр ярьдаггүй шүү дээ. Цаашдаа архидан согтуурах тухай хуульд өөрчлөлт оруулж, бие биенээ архиар шахдаг явдлыг гэмт хэрэг гэж үздэг болно. Төрийн албан хаагчдын хүрээнд архи хэрэглэх явдлыг тас хориглоно. Архи бол үнэхээр үндэсний гамшиг болж байгаа.
Шагналтай холбоотой асуулт ирсэн байна. Ер нь шагналын нүдийг олно гэдэг чухал зүйл юм шиг байгаа юм. Тиймээс шагналын зарчимд өөрчлөлт оруулах саналыг УИХ-д оруулна. Энэ хуулинд шагналыг үнэгүйдүүлэх, нэр хүндийг унагах зүйл байхгүй” гэсэн бөгөөд сонгуулийн тухай хууль, оюутны цалин тэтгэмжтэй холбоотой өөрийн байр сууриа дэлгэрэнгүй илэрхийлсэн юм. Тэрбээр “ мөнгөгүйдээ биш хариуцлагагүйдээ ажил урагшлахгүй байна” гэсэн ба төрөөс өгч буй тэтгэлгийг “бэлэн мөнгө тарааж байгаа нь төр засгийн буруу биш тэр мөнгийг үлдэцтэй зүйлд зарцуулж чадахгүй байгаа ард түмний буруу юм” гэлээ.
Мөн Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандигаас асуусан 67 асуулт ирсэн ба сайд “Олон хүүхэдтэй эхчүүдтэй холбоотой асуулт маш их ирсэн байна. МУ-ын аюлгүй байдлын гол хүчин зүйл нь хүнээ өсгөх асуудал байдаг. Ийм учраас төрийн залгамж бодлогын хүрээнд одонтой эхчүүдийн талаар хууль гарч хэрэгжих шатандаа явж байгаа. Судалгаа тооцоо гарсан. хуучин өгдөг уламжлалаараа 3 сарын 8-ны өмнө хуучин одон авч байсан эхчүүд маань одонгоо аваад явна. Шинээр одон авах эхэд тодорхой хугацаа шаардлагатай байгаа. Яагаад гэвэл одон авах тухай шийдвэр шат шатандаа гараад эцэст нь МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг гарна. Эх үрсийн баярын үеэр шийдэгдэх байх. Үрчилж авсан хүүхдээ 3 нас хүртэл өсгөсөн, өвөөгөөрөө овоглосон ч тэр эхийн хүүхдүүдийн тоонд ам бүлээрээ орж байгаа бол тоонд орно. Харин өргөж авсан хүүхэд 0-3 насандаа нас барсан бол орохгүй юм. Тэтгэврийн тухай асуулт олон байна. Тэтгэврийн олон тогтолцоот хуулийг гаргаж байгаа. Бүх хүнийг тэтгэвэрт хамруулах, ирээдүйн баталгааг нь бий болгох асуудлыг үүнд багтаана” гэсэн. Түүнд ирсэн асуултанд эх орны шинэчилсэн бүртгэлийн асуултууд олон байсан тул хаягаа тодорхой бичсэн хүмүүсийн асуултанд нэг бүрчлэн хариулаад буцааж явуулахаа амлалаа.
Түүнчлэн иргэдийн асуултанд УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ариунсан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Золжаргал нар хариулт өгсөн юм.
МУ-ын Ерөнхийлөгч манай аймгаас Баянхонгор аймаг руу хөдлөв.