Өнөөдөр Дэлхийн ойн өдөр

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Дэлхийн ойн өдөр

Жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг Дэлхийн ойн өдөр болгон зарлаж ой хамгаалах талаар улс орон бүр тодорхой арга хэмжээг зохион байгуулдаг. Түүнчлэн энэ жилийг НҮБ-ээс Олон улсын ойн жил болгон зарласан тул энэхүү өдрийг өмнөх жилүүдээс илүү онцгойлон үзэж байгаа аж.

Дэлхийн банкнаас гаргасан тооцооноос үзэхэд дэлхийн ой модны нөөцийн бараг тал хувь нь сүүлийн 30 жилд устжээ. Манай орны ойн бүс нь мөнх цэвдгийн хэмжээ хадгалах, говь цөлийн түрэлтийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зэрэг ач холбогдолтой. Харамсалтай нь хүний зохисгүй үйл ажиллагаа, хортон шавьж, хууль бус мод бэлтгэл, түймрээс шалтгаалан манай оронд ойн эзлэх талбай хорогдсоор 1950 оныхоос бараг хоёр дахин багасчээ. Заган ойг хасвал нийт нутгийн 6.7 хувийг эзэлж байна. 1970-аад оноос загийг говийн төв суурин газрын түлшинд их хэмжээгээр бэлтгэснээр 125 мянган га газрын заган ой бүрэн устаж, 370 мянган га газрын га байгалийн нөхөн сэргээлтийн чадвараа алдан, мөн 500-гаад мянган га газрын заган ойн экологийн үүрэг буурч, элсний нүүлт хөдөлгөөн ихэвхжсээр, цөлжилт түрэх бас нэгэн шалтгаан болж байна.

Мод нь тухайн экосистемийнхээ уушги учир байгалийн аялал жуулчлал, амралт сувилал хөгжүүлэх гол нөөц юм. Ой модны экологийн ач холбогдол нь ус цуглуулах, усыг жигд барьж хуваарилах, тунадасыг нэмэх зэргээр усны горимыг зохицуулдаг. Хүний зүй бус ашиглалтаас үүдэн ой мод багассанаар хөрсний давхарга нимгэрч, ус барих чадвар, үржил шим буурч, ус гүехэн нэвчиж байна. Улмаар аадар борооны дараа гол мөрөн үерлэхэд хүргэж, эргээд хурдан хатаж хуурайших болжээ.  Монгол орны ойн нөөцийн хомсдлын гол шалтгаан нь хууль бус мод бэлтгэл, түймэр, хортон шавьжийн хөнөөл гэнэ.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж