”Тэмүүлэл” тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

”Тэмүүлэл” тэмцээн болно

БСШУЯ-ны харьяа мэргэжлийн сургалттай Биеийн тамир ,спортын дунд сургуулийн нэрэмжит өсвөрийн боксчдын аварга шалгаруулах “Тэмүүлэл” тэмцээн энэ сарын 23-27-ны хооронд Спортын төв ордонд зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү тэмцээн нь хоёрдахь жилдээ болох гэж буй нь энэ бөгөөд зорилгын хувьд өсвөрийн боксчдын бэлтгэл, ур чадварын түвшинг дээшлүүлэх, шилдэг авьяаслаг тамирчдыг нээн тодруулах, багш-дасгалжуулагчид харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, боксын спортыг сурталчлахад оршдог байна.

Одоогоор тус тэмцээнд БСШУЯ-ны харьяа мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн тамирчин-сурагчид, “Алдар”, “Хүч”, “Сүлд”, “Хилчин” спорт хороо, нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, “Ширэн бээлий”, “Алтан бээлий”, “Хангайтан”, “Шижир алт”, “Ко”, “Хөдөлгөөнт бай”, “Red Bulls” клубууд болон “Шавь цогцолбор” сургуулийн тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Түүнчлэн ОХУ,  БНХАУ-ын баг тамирчид ирж оролцох аж. Харин тэмцээнийг дараах жингээр зохион байгуулах юм байна. Тодруулбал, 1997-1998 онд төрсөн эрэгтэй тамирчид 36кг, 38кг, 40кг, 42кг, 44кг эмэгтэй тамирчин 46кг жингийн ангиллаар 1,5 минутаар 3 үе тулалдана. 1995-1996 онд төрсөн эрэгтэй тамирчин 42кг, 44кг, 46кг, 48кг, 50кг, 52кг, 54кг, 57кг, 60кг, 64кг эмэгтэй  тамирчин 50кг, 54кг гэсэн ангиллаар 2 минутаар 3 үе тулалдана. 1993-1994 онд төрсөн эрэгтэй тамирчин 46кг, 48кг, 52кг, 56кг, 60кг, 66кг жингийн ангиллаар 3 минутаар 3 үе тулалдан аваргуудыг шалгаруулах ажээ.

Ингэхдээ дээрхи жин тус бүрт эхний гурван байр эзэлсэн тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль өргөмжлөл, үнэ бүхий дурсгалын зүйлээр шагнах гэнэ. Багийн дүнг олимпийн системээр дүгнэж цом алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнан урамшуулах юм байна. Түүнчлэн “Өсөх ирээдүйтэй боксчин”, “Техниктэй боксчин”, “Дайчин боксчин”-г тус тус шалгаруулж,  хамгийн шилдэг шүүгчийг шалгаруулах гэнэ.

Тэмцээнд оролцогчдын техникийн зөвлөгөөнийг маргааш хийхээр болжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж