Д.Баасан ламыг хордуулсан гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Д.Баасан ламыг хордуулсан гэв

Талийгаач Д.Баасан ламын эхнэр, түүнтэй хамтран зүтгэж  байсан нөхөд нь өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Д.Баасан ламын үхэл зохион  байгуулалттай, улс төрийн шинж чанартай аллага  байсан хэмээн мэдэгдсэн юм. Түүний эхнэрийн хэлснээр Д.Баасан лам өвчний улмаас бус хордож нас барсан гэж үзэж буй гэнэ. Талийгаачийн төлөө буян ном хурах 49 хоног нь өчигдөр дууссан байна. Тиймээс 50 дахь хоног дээр нь мэдээлэл хийж буйгаа тайлбарлалаа. Хурлын үеэр түүний эхнэрээс зарим асуултад хариулт авлаа.

-Талийгаачийн эрүүл мэндийн байдал ямар байсан бэ?
-Ямар ч архаг хууч өвчингүй. Эрүүл саруул байсан хүн шүү дээ. Ардчилал, эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцэж явсан ханиа зуурдаар алдлаа.

-Задлан шинжилгээнд оруулсан биз дээ. Хор өгсөн гэдгийг нотлох ямар баримт байна вэ?
-Хань маань суугаагаараа нас барсан. Бие нь гэнэт муудаад  эмнэлгийн тусламж дуудахад цусны эргэлт нь зогссон байсан хэрнээ зүрх  нь цохилж байсан. Задлан шинжилгээнд оруулсан. Анхны шинжилгээгээр хүчтэй хордолт, нойр булчирхайн цус харвалт гэж гарсан юм. Харин сүүлд нь  ганцхан зүрх нь зогссон гэх оноштой болсон байна лээ.

-Хордсон байх   шинж тэмдэг та бүхэнд ажиглагдсан уу. Та  нас барах үед нь хамт байсан уу?
-Би тухайн үед өөр газар байсан. Талийгаач маань гэртээ, хоёр хүүхэдтэйгээ байсан юм. Нас барсны дараа гарын хурууны бүх хумс нь хар болсон. Бас нүүрэн дээр нь хуруугаар чанга дарсан мэт толбонууд бие нь хөрөх үед гарч ирсэн. Үүнийг оршуулгад оролцсон 200-300 хүн гэрчилнэ. Ямар ч өвчин хуучгүй хүн гэнэт нас барсан нь хүн болгоны гайхшралыг төрүүлж байна. Яах аргагүй хордуулсан  байхаас өөр аргагүй.

-Ямар хороор хордуулсан  талаар  таамаг  бий юу?
-Бид үүнийг шалгуулж тогтоох болно. Олон баримт бий. Ямар ч гэсэн үнэргүй, амтгүй, ургамлын гаралтай хор болов уу гэж таамаглаж байна. Энэ нь бухимдах, стрессд орох үед хүчтэй илэрдэг байх магадлалтай. Талийгаач маань 25-наас хойш нэг л тайван бус байсан. Хор гэдэг аажмаар ирдэг зүйл юм байна. Эртнээс зохион байгуулалттай хийсэн хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа гэв.

Тэрбээр цааш нь ярихдаа  Талийгаач Д.Баасан ламын нэгдүгээрт тавигдах эрхэм зорилго нь  МАН-ыг өвлүүлэх, хоёрдугаарт, бурханы шашныг түгээн дэлгэрүүлэх, лам нарын мэдлэг, ёс зүйг дээшлүүлэх байсан. Үүний төлөө  20 жил тэмцсэнийнхээ төлөө насан туршдаа хэлмэгдэж, дорд үзэгдэж, эцэст нь хорлогдлоо гэсэн юм. Тиймээс хор хаанаас ямар замаар ирсэн талаар тодорхой баримтуудыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаар болжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж