Хандивыг хүртэл хянах уу

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Хандивыг хүртэл хянах уу

Японд газар хөдөлж   цунами дэгдэхтэй зэрэгцээд манайхан хүртэл бужигнаад эхэлсэн. Ялангуяа ар гэ­рийнхнээс нь хэн нэгэн Японд байж таарсан хүмүүс айж сандраад сүйд болсон. Манай сайд дарга нараас авахуулаад энгийн иргэд хүртэл Монгол дахь Японы Элчин сайдын яаманд хандаж эмгэнэл илэр­хийлсэн билээ. Үүний хажуугаар дөнгөж маргааш нь Хөвсгөл аймгийн Засаг дарга орон нутагтаа тус улсаас буцалтгүй тусламж авахаар гэрээнд гарын үсэг зураад харайлгаж байлаа. Зарим нь тэдэнд өгч байхад өөр нэг хэсэг зөрж ороод л тусламж гуйж байх жишээтэй. Дээрээс нь зурагтын суваг, сайтуудаар манайхан хоо­рондоо баа­хан хэрэлдсэн. Монгол пара­докс өнөөдөр ч ингэж үр­гэлжилсээр байна.

Арил­жааны банк, архины үйлд­вэр, үүрэн телефоны үйл­чилгээ эрхэлдэг компаниуд гээд бизнесийн салбарынхан ч Японы гамшгийг хажуу­гаараа өнгөрүүлсэнгүй. Хан­див өгч, гол нь үүгээрээ дамжуулж маркетинг хийхээ мартаагүй. Бараг л байгуул­лага болгон хандивын данс нээсэн. “Манайх руу л хан­диваа хийгээрэй” хэмээн сур­талчилж, хоорондоо өрсөлдөх нь холгүй юм болов. Хамгийн гол нь цугларсан  мөнгө нь яг хэнд очихыг өгч байгаа, авч байгаа аль нь ч сайн мэдэхгүй байсан байх. Сэтгэл хөөрлөөр л сүржигнээд байснаас бус гэр орноо урсгаад орох оронгүй болчихсон, олон хоног хэлэн дээрээ юм тавиагүй хэдэн япон хүнд “Улаанбаатарын дугаар хорооны иргэнээс явуул­сан сэтгэлийн дэм шүү” гэж очсоныг хэн нь ч тай­лагнасангүй. Шалихгүй зүйлийн араас сүртэй юм бэ, хүрэх ёстой эзэндээ хүрч л байгаа биз гэж зэмлэх хүн гарах л байх. Гэвч манай зарим сайн эрчүүд хандивын хайрцаг бариад залилан хийж явсныг цагдаа нар саяхан барьж авчээ. Үүнийг сонсоод  хандивын аянд хүр­тэл хяналт хэрэгтэй болс­ныг санасан хэрэг л дээ. Тэд япончуудаар бамбай  хийж овоо хэдэн төгрөг олсон дуул­да­на билээ. Баригдаагүй хэ­дэн ч хүн хайрцаг су­гавчлаад өнөөдөр гадуур алхаж явааг мэдэхгүй. Чухал нь япон­чуудын сонорт л энэ бүхэн битгий хүрчихээсэй дээ. Хэрвээ мэдвэл ч булай болно доо. “Анхнаасаа дарга нар нь хүртэл долигнож гүйгээд байсан. Мөнгө босгох гээд л зохион байгуулалттайгаар ийм арга хэрэглэсэн байна, энэ монголчууд. Даанч уралдаад л хандив гэж хашгичаад байсан юм.” гээд  буруу хараад хэвт­чих вий дээ. Тэгвэл ч “тус биш ус” болох байх даа.                  

Н.Мөнхтөвшин


                                              Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж