Нутгийн зөвлөл Засаг даргатайгаа хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Нутгийн зөвлөл Засаг даргатайгаа хамтран ажиллана

Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутгийн зөвлөл удирдлагаа саяхан шинэчилж, даргаараа “Уянга хийцийн гэр” ХХК-ийн захирал Д.Сүхээг сонгож, Удирдах зөвлөлийн 25 гишүүнийг тодруулсан байна.  Нутгийн зөвлөлийн шинэ удирдлага анхдугаар хуралдаанаа уржигдар хийсэн бөгөөд дүрмээ шинэчлэх, энэ онд хийх ажлынхаа  талаар  ярилцжээ. Хуралдаанд тус сумын Засаг дарга А.Ишдорж оролцож, нутгийн зөвлөлөө дэмжиж хамтран ажиллахаа мэдэгдсэн байна. Засаг дарга нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийг хүсээд эхний ээлжинд “Тошиба” брэндийн нотебүүкийг ажлын хэрэгцээнд хандивлалаа.  Тэрбээр  нийслэлд ажиллаж, амьдарч буй нутгийн хөгшдийг Бат-Өлзийдөө амраах, нутгийн зөвлөлийг бэхжүүлэх материаллаг баазтай болгох, хөрөнгийн эх үүсвэр олох зорилгоор малжуулахад туслахаа амлалаа. Засаг дарга А.Ишдорж нутгийн зөвлөлийнхнөөс  их дээд сургууль төгсөх залуусыг ажлын байртай болгох талаар идэвхтэй ажиллахыг хичээнгүйлэн хүсч буйгаа хэлсэн юм. Нутгийн зөвлөлийн удирдлагаа энэ онд нэлээд ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд Засаг даргатайгаа хамтран ажиллахаар болов. Үзэсгэлэнт байгальтай, аялал жуулчлалын гол бүсэд ордог тус сумынхан вэбсайттай болж, нутаг орноо танилцуулахын зэрэгцээ нутгийнхантайгаа харилцах, өвөг дээдсийн сургааль, нутаг орны байгалийн зохицлын талаар хойч үедээ үлдээх зорилгоор ажиллах аж. Нутгийн зөвлөлийнхөнтэй холбогдох, хамтран ажиллах, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох, гишүүнээр бүртгүүлэхийг  хүссэн хэн бүхэн  batulziinz@yahoo.com  хаягаар хандаж болох юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж