Хөгжлийн банкны дүрмийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны дүрмийг баталлаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн баасан гаригт хуралдаж, Хөгжлийн банкны тухай хуулийг УИХ-аас баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээны талаар хэлэлцлээ.

Хөгжлийн банк байгуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар 2010 онд гаргасан. Хөгжлийн банк нь Засгийн газраас  тодорхойлсон хөгжлийн тэргүүлэх чиглэлд багтсан салбаруудад санхүүгийн зуучлалын ажил, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байхаар төлөвлөж байгаа. Тиймээс Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газрын тогтоол гаргахаар санал нэгджээ.

Мөн өдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны дүрэм, бүтэц, зохион байгуулалтыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Харин Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/-ийн бүрэлдэхүүнийг энэ лхагва гаригт хуралдах ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.

Хөгжлийн банкинд нь актив пассивийн удирдлагын, зээлийн, эрсдлийн удирдлагын, хяналтын болон захиргааны асуудал хариуцсан үндсэн таван нэгжтэй байх нь зүйтэй гэж үзжээ. Тус банк Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл хөтөлбөрийн дагуу хөгжлийн санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж дэд бүтэц, үйлдвэржилтийг дэмжиж ажиллах юм. Мөн Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх зэрэгт Засгийн газрын хөрөнгө оруулалтыг хөгжлийн санхүүгийн мэргэжлийн байгууллага болох Хөгжлийн банкаар дамжуулах нь үр дүнтэй гэж Засгийн газар тооцож байгаа.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж