Э.Зоригт: Намын их хурал ”нэгдэхгүй” л гэвэл нэгдэхгүй шүү дээ

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Э.Зоригт: Намын их хурал ”нэгдэхгүй” л гэвэл нэгдэхгүй шүү дээ

Монголын ногоон нам /МНН/ энэ сарын 26-нд буюу ирэх бямба гаригт Их хурлаа хийж, ИЗН-тай нэгдэх эсэхээ эцэслэн шийдэхээр болж буй. Хоёр нам нэгдсэнээр улстөрийн гуравдагч хүчин “төрж” Монголын парламентад хүчтэй сөрөг хүчин бий болох нөхцөл бүрдэнэ гэж МНН-ынхан тайлбарлаж байгаа юм. Иймд бид МНН-ын Гадаад харилцаа эрхэлсэн дарга Э.Зоригтоос дараах асуултад хариулт авлаа.

-МНН ИЗН-тай нэгдэх болсон шалтгаан юу вэ. Хэдий үеэс намын удирдлагууд анх хоёр намыг нэгтгэх асуудлыг хөндсөн юм бол?

-Монголын парламентад өнөөдөр хүчтэй сөрөг хүчин алга. Энэ нь нь цаад агуулгаараа улстөрд хүчтэй гуравдагч хүчний орон зайг шаардаж байна. МНН-ын дарга УИХ-ын гишүүн Д.Энхбат, ИЗН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун, бие даагч гишүүн З.Алтай нар яаж ч ажиллаад хүч хүрэхгүй байна шүү дээ, өнөөдөр. Эдгээр гурван гишүүн парламентад цөөнхөд ордог  учраас бүлэг алга. Гэтэл УИХ дахь хоёр намын бүлэг хамаг тохироогоо бүлгийн хуралдаан дээрээ хийчихдэг,  гурван гишүүн зөвхөн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох л бололцоо байна. Үүнийг дагаад Монголын нийгэмд тулгамдсан чухал асуудлыг эерэгээр шийдвэрлэж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн нь Монголын улстөрд хүчтэй гуравдагч хүчний орон зай чухал болохыг харуулж байгаа. Энэ ч үүднээс МНН нь ИЗН-тай нэгдэх асуудлаа жилийн өмнөөс анх ярьсан. Энэ хооронд манай нам таван ч удаа Бага хурлаа хийж, нэгдэх асуудлыг авч хэлэлцсэн байдаг.

-МНН хэчнээн гишүүнтэй вэ. Тэднээс хэд нь энэ удаагийн Их хуралд оролцох юм?
-3200 гаруй гишүүнтэй, үүнээс 350-400 орчмыг нь Их хуралд оролцуулна. Орон нутгаас ирэх гишүүдийн тоо тодорхойгүй учраас хуралд оролцох гишүүдийн тоо нэлээд хэлбэлзэлтэй байна.

-Танай намын гишүүн О.Бум-Ялагч, Д.Балсандорж нар ИЗН-тай нэгдэхийг эсэргүүцсээр байгаа. Их хурлын үеэр үймээн гаргах юм биш байгаа даа, тэдэнтэй ойлголцолд хүрсэн үү?
-Их хурал Төрийн ордонд болно. Ямарваа нэг үймээн самуун, маргаантай зүйл гарахгүй гэж бодож байна. О.Бум-Ялагч, Д.Балсандорж нар бол манай намын Бага хурлын болоод Их хурлын гишүүн. Тийм учраас тэдэнд Их хуралд оролцох урилга илгээнэ.

-Танай намын хэсэг гишүүд Д.Энхбат даргыг шүүхэд өгчихөөд байгаа. Намын гишүүдийн нэр хүндэд халдсан гэдэг үндэслэлээр. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Хууль бусаар зарласан Онц их хуралд Д.Энхбат даргыг очоод, байр сууриа илэрхийлэх гэхэд нь биед нь халдсан л байсан. Гар, хурууг нь мушгих зэргээр. Нарийн харвал ноцтой зүйлүүд бий. Гэхээ энэ талаар Д.Энхбат дарга гомдол гаргаж, янз бүр болоогүй шүү дээ.

-МНН 2008 оны сонгуульд оролцохдоо Иргэний эвсэл холбоотой нэгдэж, орж байсан. Гэрээнд заасны дагуу танайх ИЗН-тай нэгдэх бололцоогүй юм биш үү. 2012 оны сүүлээр Иргэний эвсэл холбоотой байгуулсан гэрээ дуусах байсан гэх мэдээлэл цацагдах боллоо. Нөгөө талаас МНН ИЗН-тай нэгдэх болсноо Иргэний эвслийнхэнд дуулгаагүй гэх яриа ч дуулдах юм?

-МНН нь ИЗН-тай нэгдэх саналтай байгаагаа өнгөрсөн оны аравдугаар сард Иргэний эвслийнхэнд дуулгасан. Эвслийн дарга н.Даваа 14 хоногийн дараа хариу мэдэгдье гэсэн. Гурван ч удаа уулзаж ярилцсан. Эцэст нь тэд “Бид та бүхэнтэй нэгдэхгүй. ИЗН-тай нэгдэх асуудлыг манай эвсэл дэмжихгүй” гэсэн. Тийм учраас нэгдэх асуудлаа МНН-ынхан Иргэний эвсэл холбооныхонд мэдэгдээгүй гэдэг мэдээлэл ташаа гэж ойлгох хэрэгтэй.

-МНН, ИЗН-уудын баримтал­даг бодлого өөр. Хоёр нам нэгдэхээр аль талын бодлогыг түлхүү баримтлах вэ?

-ИЗН-ын дарга С.Оюун “МНН-тай нэгдвэл  ногоон эдийн засгийг хөгжүүлэх бодлогыг баримтална” гэдгээ мэдэгдчихсэн.

-Танай намыг Их хурлаа хийх өдөр ИЗН-ын Их хурал мөн болно. Хэрвээ хоёр намын гишүүд Их хурлаараа “Нэгдэх шаардлагагүй” гэсэн шийдвэр гаргавал яах вэ?

-Тэгвэл нэгдэхгүй л гэсэн үг шүү дээ.

-МНН-ын хувьд Сонгуулийн тогтолцооноос аль нь боломжийн хувилбар гэж харж байгаа вэ?

-Пропорцианаль тогтолцоо байх ёстой гэж бодож байгаа. Гэхдээ хэвлэлүүдээр гарч байгаа мэдээллээр УИХ дахь хоёр намын бүлэг жижиг 76-гаар явахаар хоорондоо тохирчихсон бололтой. Ингэсэн байвал бид эсэргүүцнэ. Шаардлагатай гэж үзвэл жагсаал цуглаан хийж ч болно. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай болжээ гэдэг нь өнгөрсөн 2008 онд болсон долдугаар сарын 1-ний үйл явдал бэлэхнээ харуулсан. Түүнийг нь мэдсээр байж, эрх баригчид өөрсдөө дахин сонгогдохын тулд жижиг 76 тойргоор сонгууль явахыг илүүд үзэж байгаа бол хэцүү л байна. Тэд сонгуулийг шударга явуулахыг хүсэхгүй байна. Энэ л хамгийн том асуудал үүсгэж байна даа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж