Дөрөвдүгээр сар гартал цаг агаар дулаарахгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сар гартал цаг агаар дулаарахгүй

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр төвийн бүсийн нутгаар цасан шуурга шуурч, зарим аймгийн автозамыг хаахад хүрсэн билээ. Хаврын урь орсон ч орон нутагт цас ихээр унаж, цаг агаар тавгүйтэж байгаатай холбоотойгоор Ус, цаг уурын хүрээлэнгийн Урьдчилан сэргийлэх секторын цаг уурын инженер Ц.Загираас мэдээлэл авлаа.

-Ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй байх шинжтэй байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Өнгөрсөн долоо хоногт нийт нутгаар бага зэргийн цас орж, хүйтэн, шуургатай байлаа. Цаашид говийн, баруун болон төвийн аймгийн нутгаар цас орж,  шуурах, зарим нутгаар шөнөдөө 30 хэм хүртэл  хүйтрэх төлөвтэй байгаа.  Ихэнх нутгаар 12 см хүртэл зузаантай цас орсон байна. Ер нь ирэх өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч цас орох төлөвтэй байгааг иргэд тэр дундаа малчдад онцгойлон анхааруулж байна.

-Тэгэхээр дөрөвдүгээр сар хүртэл дулаарахгүй гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Энэ жил хэдийгээр цас багатай байсан ч хүйтний эрч сулрах болоогүй.  Дулааны улирлаа дагаад хүйтний эрч 30 хэмээс бага байгаа. Уулархаг тал нутгаар салхитай байгаа учраас хүйтний эрч чанга, төвийн бүсийн нутаг нь харьцангуй дулаан байна.  Дөрөвдүгээр сарын 1 хүртэл Хангайн бүсийн голын сав газраар 33 градус хүртэл хүйтэрнэ гэсэн урьдчилсан мэдээ байна. Харин зүүн аймгийн нутгаар цас орж, шуурах төлөвтэй байна.

-Хаваржилт хүндрэх болов уу гэдэгт малчид санаа зовж байна. Ирэх улирлын мэдээ гарсан байгаа юу?
-Бид цаг агаарын мэдээгээ улирлаар гаргадаг. Ирэх улирлын мэдээг одоохондоо хараахан гаргах болоогүй байна. Тиймээс ирэх сарын болон хаваржилтын талаарх мэдээллийг хараахан өгөх боломжгүй байна. Гэхдээ энэ жил цас ихтэй байсан ч харьцангуй дулаахан өвөл болсон. Тиймээс хаваржилт харьцангүй гайгүй байх болов уу гэж бодож байна. Одоогийн байдлаар хамгийн цастай нутаг Увс аймгийн Малчин, Хяргас сумд байна.

Ш.Чимэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж