Тэд өнөөдөр шүүхийн танхимд уулзана

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Тэд өнөөдөр шүүхийн танхимд уулзана

Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа өнөөдөр шүүхийн танхимд гэм буруутай эсэхээ тогтоолгоно. Түүнийг шүүх, цагдаагийн үүд сахихад хүргэсэн гол шалтгаан нь өөрийнх нь удирдлага дор ажиллаж байсан Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатыг тагнаж чагнасан гэх дуулиан юм. Энэ хэргийн талаар Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газрынхан Ч.Сангарагчааг Гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчин, Э.Амарбатын өрөөнд 15 хоног чагнах төхөөрөмж суурилуулсныг тогтоосон хэмээж байгаа. Жил дамнан олны анхааралд өртөөд буй энэ хэргийн дараа тухайн үед АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан  Э.Амарбат албан тушаалаасаа буурч, өдгөө тус газарт мөрдөн байцаагчаар ажиллаж байгааг сануулах нь зөв байх. Ямартай ч өнөөдөр шүүхийн танхимд нүүр тулан уулзах гэж буй шүүгдэгч Ч.Сангарагчаа, хохирогч Э.Амарбат нар өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гаригт ээлж дараалан хавтаст хэргээ уншиж, танилцсан байна.

АТГ-ын дарга Ч.Сангарагчаа…Энэ эрхмийн шүүгчдэгчээр оролцох хурал өнөөдрийн гол сенсаац байх нь гарцаагүй. Ч.Сангарагчаа чухам яагаад шүүхийн танхимд очих болов, түүний шүүхэд дуудагдах болсон нэг бус шалтгаан юу байв. Энэ асуултын эргэн тойронд хариулт хайцгаая.

Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах албанаас АТГ-ын дарга Ч.Сангарагчааг Гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчин, өөрийн ажилтнаа тагнаж чагнасан гэх  хэрэгт сэжигтнээр татан шалгаад,  нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзэн,  прокурорын хяналтаар дамжуулан  шүүхэд  шилжүүлсэн байдаг. Түүнд үүсгэсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн  87 дугаар зүйлд нууцыг  хадгалах, хамгаалах журам зөрчих, төрийн нууцад хамаарах объект, үйл ажиллагааг итгэмжлэн хариуцсан  албан тушаалтан, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заажээ. Гэхдээ Ч.Сангарагчаагийн хувьд төрийн нууцад хамаарч буй энэ хэрэг нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй гэж үзсэнийг энд тодотгох хэрэгтэй байх. Хэрэв түүнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79, 80-аар зүйлчилсэн бол тагнуул хийх, эх орноосоо урвах зорилго сэдэлтэй байсан гэж үзэх магадлалтай байсан юм.

Өнөөдөр болох Шүүх хуралд зөвхөн Ч.Сангарагчаа дарга шүүгдэгчээр оролцохгүй. Түүний удирдлага дор ажиллаж буй АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга, ахлах комиссар Ө.Алтангадас нарыг ч давхар шүүнэ. Зарим албаны эх сурвалжийн мэдээлснээр Ө.Алтангадас нь мөрдөн байцаалтын явцад “Би  зөвхөн даргынхаа өгсөн үүргийн дагуу ажилласан” хэмээн мэдүүлсэн байдаг. Түүнийг  Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийнхэн өнгөрсөн зун буюу долдугаар сарын 20-ны өдөр баривчлан,  Ганцхудагт 14 хоног саатуулж байсан. Тухайн үед ТЕГ-ын зүгээс Ө.Алтангадасыг баривчилсан үйл явдал нь “хууль зөрчөөгүй” гэсэн тайлбар өгч байсан бол Ч.Сангарагчаа “АТГ-ын даргын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг нэгжлэг хийхийг хориглоно гэж хуульд заасан байдаг. Харин АТГ-ын албан хаагчийг гэмт хэргийн газар дээр гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилж болдог. Гэтэл Ө.Алтангадасыг Мөрдөн шалгах албаны  дарга асан Э.Амарбаттай холбоотой асуудлаар байцаалт авъя гэж дуудсан мөртлөө шууд цагдан хорь­сон нь хууль зөрчсөн үйлдэл” хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Түүнээс гадна өнөөдөр болох хурлаар Ч.Сангарагчааг нэг бус үйлдлийнх нь улмаас шүүх гэж байгаа нь хамгийн ноцтой асуудал болж байгаа юм. Тэр өнөөдөр ажилтнаа тагнаж чагнасан гэдгээс гадна төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан гэх хэрэгт сэжигтнээр татагдсаныхаа хувьд давхар шүүгдэнэ. Төсвийн мөнгө шамшигдуулсан гэх хэргийнхээ талаар Ч.Сангарагчаа “Хууль зөрчөөгүй” хэмээн хэвлэлд мэдэгдэж байсан бол ТЕГ-аас хэргийг шалгах үеэр Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийг зөрчсөн нь тогтоогдсон боловч мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж, шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхгүй, дуудсан цагт ирэхгүй байгаа тул бүрэн эрхийг нь түтгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорт гаргаж байсан юм. Үүний дараа УИХ-аас АТГ-ын даргын бүрэн эрхийг түтгэлзүүлэх шаардлагагүй гэж үзээд, харин хэргийг нь үргэлжлүүлэн шалгах үүрэг өгснөөр Ч.Сангарагчаагийн гэх тодотголтой хэрэг өнөөдөр л шүүхээр хэлэлцэгдэх гэж байна.

Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болох анхан шатны шүүх хуралд шүүгдэгчээр оролцох АТГ-ын дарга Ч.Сангарагчааг гавьяат хуульч Ж.Оюунцэцэг өмгөөлөх бол Э.Амарбатын өмгөөлөгчийн нэр тодорхой биш байна. Гэхдээ нэг байгууллагад ажилдаг, цагтаа удирдаж, удирдуулж явсан дарга, цэрэг хоёр өнөөдөр ажлын байрандаа бус шүүхийн танхимд уулзана.

Ч.Сангарагчаад холбогдох хэргийн товч мэдээлэл:

2010.06.21:
АТГ-ын дарга Ч.Сангарагчаа Гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчин, тус газрын Гүйцэтгэх албаны дарга, ахлах комиссар Ө.Алтангадас, дэд дарга Д.Сундуйсүрэн нартай бүлэглэж, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан нарын ажлын өрөөнд чагнах төхөөрөмж суурилуулсныг Тагнуулын илрүүлэв.

2010.07.18: 
Тагнуулын Ерөнхий газраас төрийн нууц задруулсан, Гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчсөн хэргээр Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаад эрүүгийн хэрэг үүсгэв.

2010.08.15: Төсвийн мөнгө зүй бусаар зарцуулсан буюу Эрүүгийн хуулийн 133-аар зүйлчилсэн хэрэгт  Прокуророрын дэргэдэх Мөрдөн байцаах алба Ч.Сангарагчааг сэжигтнээр татав.

2010.08.13:
Тагнуулын ерөнхий газраас ажилтнаа тагнаж, чагнасан гэх хэрэгт АТГ-ын Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадасыг сэжигтнээр татан, баривчилж, Ганцхудаг дахь урьдчилан саатуулах төвд хорив. Түүнийг баривчилснаас хойш  14 хоногийн дараа сулласан юм.

2010.10.28: 
Тагнуулын ерөнхий газраас Улсын Ерөнхий прокурорын газарт хандан “АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын бүрэн эрхийг түтгэлзүүлж өгнө үү" гэсэн хүсэлт тавив.

2010.11.10:  Улсын Ерөнхий прокурорын газраас УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хандан  АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай хүсэлт тавьсны дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, эрхийг нь түтгэлзүүлэхээс татгалзсан хариулт өгчээ.

2010.11.01:  Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд  Ч.Сангарагчаагийн төсвийн мөнгө зүй бусаар зарцуулсан гэх хэргийг прокурорын хяналтад шилжүүлж, харин тагнаж чагнасан хэргийг нь  нийслэлийн Прокурорын газраас  Тагнуулын Ерөнхий газрын нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.

2011.12.08:
Хяналтын прокурор Ё.Сагсай АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн төсвийн мөнгө зүй бусаар зарцуулсан гэх хэргийг Тагнаж, чагнасан хэрэгтэй нь нэгтгэв.

2011.01.11: АТГ-ын дарга Ч.Сангарагчаад холбогдох  хоёр  хавтаст хэргийг  прокурорын хяналтаас Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүллээ.

2011.03.20 /Өнөөдөр/:
Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд  Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт холбогдох хэргийг хэлэлцэнэ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж