Газраа худалдчих, байр өгье

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Газраа худалдчих, байр өгье

Монголын Мянганы сорилтын сангийн Хөрөн­гийн эрхийн төслөөс зарласан “Өөдлөх амьдрал өмчилсөн газраас” нийтлэл­ийн уралдааны нэгдүгээр байрт шалгарсан бүтээлийг хүр­гэж байна.

Манайх зундаа аймгийн төвийн баруун дэнжид зус­­ланд гардаг байлаа. Хашаандаа багахан талбайд өөрс­дийн хэрэгцээний жаа­хан ногоо тарина. Хэрлэн голдоо ойр болохоор газрын хөрс, үржил шимийн тухайд ярилт байхгүй. Тийм атал хорооны бүх айл ногоо тарих нь үгүй, тарьдаг нь цөөн. За тэгээд зун, намрын завсарт тарьсан жаахан ногоогоо урт гартнуудаас хамгаалах гэж бөөн юм бол­но. Ер нь л буу шийдэм барихаас наагуурхан юм болно шүү.

Манай хашаанаас чанх зүүн тийш Энхжаргалын гэдэг айл байдаг байлаа. Холбооны инженер энэ хүнд улсаас хоёр ч удаа тохилог орон сууц өгөхөд нь “бид хувийн хашаа байшинтай улс” гээд аваагүй юм гэдэг. Газрынхаа үр шимээр амь­дарч, хүүхдүүдээ ажилд сургана гээд 1986 онд гол бараадан, энд нүүж иржээ. Өөрсдөө ногоо тарина, өрөө­л­ийг ч энэ ажилд “уруу татна”. Хэдэн жилийн өмнө энэ айлын хашаагаар ороход талбай нь үнэхээр багадаад байх шиг санагдсан.

Саяхны өдөр тэднийх­ийг зорилоо. Эхнэр нь уриал­гахан угтаж, дотогш оров. Сайхан том, саруулхан хүлэмж барьжээ. Охин Ун­дар­маа нь аавын бие жаахан чилээрхүү гээд ирээд байх нь таарав. “Бидний хүүхэд нас тоглохыг мэдэхгүй өнгөрсөн. Ногоогоо тарьж арчлах гээд завгүй байдаг байлаа. Хожим ажил, сургууль гээд аав, ээжийнхээ дэргэдээс холд­жээ. Эднийхээ дэргэд ир­сэн нь сурч мэдэх зүйл яасан ч их юм бэ, алхам тутамдаа суралцаж байна. Ер нь холдож болохгүй юм байна” гэсээр бидний яриа өрнөв. Хэрлэн сумын захирагчийн албанаас 10 ба­гийн ахмадуудын дунд 10 номинациар шалгаруулалт явуулахад гэрийн эзэгтэй Б.Энхтуяа “Хөдөлмөр тэт­­гэвэрт гардаггүй” номина­цийн эзэн болжээ. Эднийх хашаандаа 3500 шоо метр газарт байнгын усалгаатай 21 төрлийн ногоо, 4 төрлийн жимс тарьж жилд дунджаар 3,5 тонн ногоо, 35 орчим кг жимс хурааж өрхийн хэрэгцээндээ нийлүүлж бай­­на. Хашаандаа том жи­жиг 7 хүлэмжтэй, 1,2 тоннын дулаан зоорьтой.

-Өвгөн бид хоёрын хувь­­­д тэтгэврийн хэд маань хаанаа хүрэх билээ, энэ л газрынхаа үр ши­мээр амьдарч, хэдэн хүүх­дээ сургууль соёлтой зал­гуулсан. 2005 онд газраа өмчлөн авч, ноднингоос газраа байшинтайгаа барь­цаанд тавьж, банкнаас гур­ван жилийн хугацаатай, нэг хувийн хүүтэй таван сая төгрөгийн зээл авсан.   Бид чи­нь социализмын үед байгаагаараа бодоод явдаг байсан хүмүүс зээл авбал өр шир болно гээд, гэхдээ эрмэлзэлтэй хүмүүст өгвөл юм болно уу гэхээс биш огт цулгуй тал дээр юм эхлэх гэж байгаа хүмүүст бол дэмий л гарын салаагаар нь урсаад өнгөрөх юм билээ.

“Газрын маань үр шим энэ юм даа гээд бардам хэлэх юу байна?” гэж Энх­туяа эгчээс асуулаа. “Хамгийн том хөрөнгө бол манай хүүхдүүдийн хэн нь ч алга дарам газартай байхад амьдрах аргаа олно шүү. Материаллаг талаасаа гэвэл манайх чинь том, жижиг хоёр гурван унаатай. Дээр нь өмчилсөн газар дээр гээд бодоход энэ бүхэн газрын маань л үр шим шүү дээ” гэж даруухан өгүүлсэн.

“Сүүлд хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засгаас өрхийн гишүүн бүрт газар өмч­лүүлэхээр болсон.  Бид эх­лээд ойлголт муу байснаас өөрийнхөө хашаа­тай зал­гуу­лаад ганц л гишүүний газраа авч сунгасан. Уг нь бүгд ний­лээд нэг дор газраа авч өргөт­гөсөн бол бидэнд ашигтай байх байж гэдгийг хо­жим ухаарлаа” гэж байв. “Цаашид туулайны аж ахуй хөгжүүлнэ гэсэн бодолтойгоор үзэж судалж байгаа зүйл их байна” гэж нэмж өгүүлснээ тус­лахуудынхаа араас гарч од­лоо. Энхжаргалынхан ха­шаа­ныхаа талд нь шувууны аж ахуй эрхэлж, тахиа, галуу, цацагт хяруул тэжээн, мөн ах дүү, найз нөхдөдөө гэрийн тэжээмэл шувуу тэжээх арга ухааныг зааж сурган, 10 гаруй айлыг тахиа шувууны аж ахуйтай болгожээ.

Газар өмчлөлийн асууд­­­­­­­­­­­­лыг аймгийн Газрын харил­цаа, барилга хот бай­гуулалтын газрын дарга Д.Дамдинбазараас тодруу­лахад, “манай аймгийн хэм­жээнд ногоо тарьж, өрхийн амьжиргаагаа залгуулдаг хү­мүүс хамгийн түрүүн газар өмчлөлийг алга ташин хүлээн авсан, тэр хэрээрээ газрыг эдийн засгийн эргэл­тэнд оруулахад түүчээ болсон. Нөгөөтэйгүүр юмны наана цаадыг ойлгодог, хожим нь газар үнэд орно гэдгийг мэдэрсэн хүмүүс газраа түрүүлж өмчилж авсан” гэж ярилаа. Дорнод аймаг газар өмчлөлөөр дээгүүрт явдаг юм байна.

Энэ нийтлэлийг бичих явцад зах зээлийн эрэлтээсээ шалтгаалан, газрын үнэ өөр, өөр байдгийг мэдэж авлаа. Чойбалсан хотын хувьд нэг, хоёрдугаар бүсийн завсарт өөрөөр хэлбэл, газраа тү­рүүлж  авсан хүмүүсийн хувьд өнөөдөр газар өмч­лөлийн ач тусыг хэдийнэ мэдрээд эхэлж. Үүнийг бат­лах ганцхан жишээ  энд дур­дъя. Миний нэг танил саяхан надтай уулзаад, “Өмчилсөн газрынхаа үр шимийг хэзээ үзэх бол гэж бодож байдаг байлаа. Хурааж хуримтлуулсан юм­гүй бидэн шиг хүмүүс тооцоогоо сайн хийвэл зээл ашигтай юм байна. Сүүлийн зээлээрээ том шилэн хүлэмжийг барилаа. Тахианы байраа ч бас өр­гөт­гөсөн. Том хүлэмжтэй болсных хэдэн найз нартаа зай талбайг нь зааж өгч, ногоо тариулсан. Намар ногоогоо ах дүү, найз нөхдөдөө гээд хувааж өгөөд дуусдаг байсан бол сүүлийн жилүүдэд зээл тооцоотой болохоор зарж борлуулж, багахан ч гэсэн ашиг олох болсон” гэж ярив. Хурааж авсан ногоогоо боловс­руулах ид үеэр нь бид таар­чээ. Гаднаас хэдэн охин гүйлдэн орж ирсэн нь Энхтуяа эгчийн гол тус­лахууд гэнэ. Тэд бяцхан хө­дөл­мөрч гараараа шил но­гоог нь угааж туслалцана. Боловсруулсан ногоогоо зоо­рин­доо хадгалж, жилийн дөрвөн улиралд хэрэглэнэ. Энхжаргалынх шинэ жи­лийн баяраар чихэр тоортоо л гаднаас худалдаж авна. Хүнсний ногоогоороо тө­рөл бүрийн салат хийж, жимсээрээ хэд хэдэн янзын дарс нэрж, ширээ дүүрэн алаглаад, гоё байдаг. “Аав маань газрын үр шимийг бариад, яг л өвлийн өвгөн шиг тараагаад явна шүү дээ” гэж охин нь ярив.

Өрхийн хэрэгцээнд өм­чилсөн 700 шоо метр газрын үнэ дөрөв гаруй сая төгрөгийн үнэтэй гээд бодоход дээрээс нь заавал байраа барьцаалан, зээл авс­ныг сонирхоход дан ганц газар барьцаалаад, мөнгө өгдөг банк хаа ч байдаггүй бололтой.  Тэд байрыг нь нэмж барьцаалахдаа бас чирч буулгаад явчихааргүй бат бөх суурьтай эсэхийг нь ч хардаг гэнэ шүү. Дорнод аймгийн хувьд анхнаасаа нэгдүгээр зэргийн газрыг иргэнд өмчлүүлэхгүй байх бодлого барьсан тухай албаны хүний амнаас сонс­лоо.  Энэ нь хот байгуулалт, төлөвлөлттэй холбоотой зөв бодлого байсныг тэд батална лээ.  Хоёрдугаар зэргийн газар болохоор зах зээлийн эрэлтээсээ шалтгаалан, дан­­гаараа барьцаа хөрөнгө болох нь бараг үгүй юм даг аа.  Гэхдээ газраа өмчлөөд авчихсан улсын хувьд “ямар ч байсан барьцаа хөрөнгөтэй боллоо” гэсэн сэтгэл зүй байлгүй л яахав гэж албаныхан хэлж байсан.

Эрхэлж буй аж ахуй­гаа өргөтгөхсөн гэж Энхжар­галынхан хэрээрээ л зүт­гэнэ.  Өнгөрсөн жил гэхэд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс жижиг дунд үйлдвэрлэл дэмжих зорилгоор иргэ­дэд нэг сая төгрөгийн буцалт­гүй тэтгэмж олгожээ. Үүнд төслөө сойсон нь “Амьд­ралын боломжтой айл” гээд хасагдчихаж. Уг нь тэр тэтгэлэг авсан бол хийхээр төлөвлөсөн нэлээн ажил байсан юм гэж ярьсан. Энэ зуур би ч бас бодож суу­лаа. Төсөл тэтгэлэг шалгаруулахдаа үндсэн бааз суурьтай, хийе гэсэн чин сэтгэлтэй нэгэнд нь өгч баймаар юм.  Саяхан Энх­­жаргал “Барилгын нэ­гэн компанийн нөхөр надтай уулзаад, газрыг ми­нь худалдан авах санал тави­лаа. Газраа зарж байртай болдог юм билүү, байлгаад байвал улам үнэд орох юм болов уу?” гээд бөөн хөөр гүйж явсан.  Юутай ч өмчлөөд авсан таны газар хэзээ ч үнээ алдахгүй, амьдрал өөдлөх цаг удахгүй гэдгийг эрхэм нөхөртөө хэлэх байна.

Б.Туяа /Дорнод сонины эрхлэгч/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж