Бүтээн байгуулалтад оролцох боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Бүтээн байгуулалтад оролцох боломжтой

ЗЭВСЭГТ ХҮЧИН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ

Монгол Цэргийн өдөр саяхан болоод өнгөрсөнтэй холбогдуулан Батлан хамгаалах яамны сайд, УИХ-ын гишүүн Л.Болдоос дараах тодруулгыг авлаа

-Монгол цэрэг, зэвсэгт хүчний өнөөгийн нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?

-Монгол улсын нэр хүндийг зэвсэгт хүчний чадварлаг албан хаагчид өндөрт авч яваа. “Цэрэг хүнийг мянган өдөр тэжээж, нэг өдөр хэрэглэдэг” гэж үг бий. Харин үнэхээр тэр нэг өдөрт хэрэглэж чадахаар байгаа эсэхийг бид өдөр тутам шалгаж байгаа.  Үнэхээр манай цэргүүд хариуцлагатай, чадвартай, дэлхийд гайхагдах хэмжээнд байна. Нэгдсэн Үндэсний Байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс анх удаа нэг улсын цэргийн багийг тусад нь өндрөөр үнэллээ. Энхийг сахиулах ажиллагаанд нийт 50 улс цэргээ илгээсэн. Нэг ээлжинд 15 мянган цэрэг орж байна. Гэтэл Монголын 200 цэргийг тусад нь үнэллээ шүү дээ.

-Зааны ясан эрэг улсад манай цэргүүдийг энхийг сахиулах ажиллагаанд ажиллуулах талаар санал тавьсан гэж мэдээллэсэн. Энэ саналыг хүлээж авсан уу?

-Энэ ажлыг манай Засгийн газрын зарим албан тушаалтнуудын хүнд суртал гацааж байгаа. Засгийн газрын холбогдох түвшинд уг нь шийдэгдчихсэн зүйл. Аюулгүй байдлын чухал салбарыг ямар зорилгоор ийнхүү арагш нь татаад байгааг ойлгохгүй байна. Гэхдээ энэ санал ойрын үед нэг тийш шийдэгдэх ёстой. Манай улс 1500 орчим цэргийн албан хаагчдийг энхийг сахиулах ажиллагаанд оруулах бүрэн боломж бий. Ер нь энэ хэмжээнд оролцуулах болно. Бусад ангиудаас бололцооны үүрэг гүйцэтгэх цэргүүдийг хамруулах боломжтой. Ингэж чадвал НҮБ-ын энхийг сахиулах ЖИ-20 гэх хамгийн том хорооны нэг болох болно. Энэ бол том зорилго биз дээ. Гэтэл тэнд монгол улсыг төлөөлж буй хэн нэгний, гадаад яамны нэг түшмэлийн ааш аяг зэргээс шалтгаалж асуудал гацаж байна. Жишээ нь, НҮБ-д саналын хариу хүргүүлэхэд тэр хүмүүсээр дамжих болдог. Тэдний хойрго хөшүүн байдлаас болж Монгол улсыг хариугаа өгөлгүй сар гаруй болчихлоо гэж ойлгуулахад хүргэж байна.

-Сайд хүн шийдчих боломжгүй байна гэж үү?

-Энэ мэтчилэн асуудлыг Засгийн газрын хуралдаанд л ярьж хэлж байна. Яах вэ сайд нар ойлгоод байдаг. Харин дунд шатанд ямар зорилготой нь мэдэгдэхгүй хүмүүс ойлгохгүй байна.

-Цэргийн салбар, чиг үүрэгт ахиц, өөрчлөлт гарч буй зүйл юу байна?

-Одоогийн байдлаар манайд барилга дээр ажиллах боловсон хүчин байхгүйгээс гаднаас ажиллах хүч ихээр оруулж байна.  Гэтэл зэвсэгт хүчин бүтээн байгуулалтанд оролцох боломжтой. Иймд барилгын цэргийн ангиудыг шинээр байгуулж эхэлсэн. Цэргүүдэд цэргийн эрдмээс гадна барилгын нарийн мэргэжил олгох боллоо. Цалинтай, мэргэжилтэй, халагдахад ажлын байр бэлэн угтана гэсэн үг. Өнгөрсөн жил туршилтын журмаар 500 гаруй цэргийн албан хаагчдад барилгын мэргэжил олгосон. Барилгын компаниуд ч манай цэргүүдийг хариуцлагатай, цэргийн хүмүүжилтэй, архи дарс уудаггүй гээд ажилд авахдаа дуртай. Барилгын мэргэжилтэй бүтэн бригадууд халагдаад ирэхээр бүтээн байгуулалтанд их үүрэг гүйцэтгэнэ. Цаашдаа ч барилгын мэргэжилтэй цэрэг бэлтгэх тоо мянга мянгаар яригдах болно.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж