Н.Энхбаяр: Онц байдал зарласан нь хүнд шийдвэр байсан

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр: Онц байдал зарласан нь хүнд шийдвэр байсан

Монгол Улсын  гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяртай ярилцлаа.

-Таны телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо 2008 оны долсарын 1-нд онц байдал зарласан үйл явдлын тухай ярьсан зүйл олон нийтийн анхаарлыг ихэд татаад байна. Тэр үед чухам юу болсон бэ. Яг ямар нөхцөл шалтгааны улмаас онц байдал зарлахад хүрсэн бэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-Аливаа асуудлын үнэнийг тогтооё гэвэл түүний өмнө бий болсон нөхцөл байдал, тухайн хэрэг гарсан яг тэр цаг үеийн үйл явдлын өрнөл, мөн түүний дараа юу болсон бэ гэдгийг гурван цагийн огтлолцол дээр судалж үзэх хэрэгтэй байдаг. Долдугаар сарын 1-ний өмнө ямар нөхцөл байдал буй болсон бэ гэхээр Цагдаагийн байгууллагын хүнд хэцүү нөхцөлд түргэн шуурхай, үр дүнтэй ажиллах чадвар суларсан байсан гэж би үздэг. Яагаад тийм болов гэхээр цагдаагийн байгууллагаа бүх шатанд гэмт хэрэгтэй тэмцдэг буюу хийх ёстой ажлыг нь хийлгэдэг болгохын төлөө ажилласанд нь буруутгаж ЦЕГ-ын дарга М.Ганболдыг ажлаас нь халсан байсан. Уг нь сайн ажилласан хүнийг дэмжих ёстой биз дээ. Гэтэл сайн ажилласных нь төлөө эсрэгээр шийдэж ажлаас нь халсан. Нэгэн тодорхой хэргийг шүүхээр шийдэгдсэнээс ердөө ганц, хоёрхон өдрийн дараа тийм зохисгүй зүйл болсон. Үүнийг би тухайн үеийн Засгийн газар, Ерөнхий сайдын гаргасан том алдаа гэж үздэг.

-Ингэхэд ямар хэргийг шүүхээр шийдвэрлэснээс болж ЦЕГ-ын даргыг халсан билээ?

-Сэтгүүлч та бүхэн заавал надаар бүх юмыг хэлүүлэлгүй өөрсдөө судлаад үз дээ. Тэгвэл амархан тодорхой болно. Сэтгүүлчдэд бас ажил үлдээх зорилгоор ингэсгээд орхиё.

-Гэхдээ ЦЕГ-ын даргыг халсан үндэслэл гэдэг сонин байна л даа?

-Нэг хэргийг цагдаагийн бай­гууллага үүргээ биелүүлж шал­гаж тогтоогоод прокурорт шилжүүлсэн, прокурор ял төлөв­лөж шүүхэд өгсөн. Шүүх тодорхой шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллагууд хийх ёстой аж­лаа л хийсэн. Тэгснийх нь төлөө ЦЕГ-ын дарга М.Ганболд генералыг Ерөнхий сайд ажлаас нь өөрчилсөн. ЦЕГ-ын даргыг халсан шалтгаанаа тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр надад тодорхой хэлж байсан учраас би үүнийг хэлж байгаа юм шүү дээ. Түүнээс биш зүгээр таамаглаж хэлж байгаа юм биш. Надад ний нуугүй, нэлээд бухимдуухан хэлж байсныг ч санаж байна. Тийм учраас би ч бас ний нуугүй, гэхдээ огт бухимдалгүй энэ тухай хэлж байгаа юм.

ЦЕГ-ын даргыг халаад дараагийн даргын асуудлыг шийдэхдээ ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Амарболд генералыг томилсон. Цагдаа зэрэг цэргийн зохион байгуулалттай байгууллагад үүрэг гүйцэтгэгч дарга байна гэдэг шуудхан хэлэхэд ажил нь сулрана гэсэн үг. Тал итгэл хүлээсэн юм шиг үүрэг гүйцэтгэгчид өөрт нь ч бодогдоно, хамт олон нь ч тэгж хандана. Ямар ч байсан 100 хувь идэвхтэй, зоригтой зүтгэж чадахгүй. Болгоомжилно, өөрөө ч эргэлзэнэ, өөрт нь ч эргэлзэнэ гэсэн үг.

Энд би Ч.Амарболд генералыг хувь хүнийх нь хувьд сайн, муугаар хэлж байгаа юм биш шүү. Ерөөсөө тэр хүнд итгэвэл итгэсэн шиг, итгэж чадахгүй бол өөр хүнд итгэж шууд даргаар томилох хэрэгтэй байсан. Тэгэлгүй, бүрэн итгэхгүй байгаа юм шиг, эсвэл барьцаанд аваад байгаа ч юм шиг томилгоог цэргийн байгууллагад хийдэггүй юм. Ийм байдалд орсон цагдаа­гийн даргын үүрэг гүйцэтгэгч, цагдаагийн байгууллага дол­дугаар сарын 1-ний үйл явдалтай тулгарсан. Тийм ч учраас үүссэн ноцтой байдалд оновчтой дүгнэлт хийхэд, хүнд хэцүү байдлыг зохицуулахдаа хүсэн хүлээгдэж байсан шуурхай шийдэмгий зохицуулалтыг хийж чадаагүй, чадуулаагүй ч гэж хэлж болно биз ээ.

-“Онц байдал зарла” гэж тэр орой Ерөнхий сайд С.Баяр танд тулгасан гэдэг бил үү?

-Долдугаар сарын 1-ний орой 17.30 цагийн үед Ерөнхий сайд С.Баяр над руу утасдаж “Ерөнхийлөгч өө, та онц байдал зарлах зарлигийнхаа төслийг бэлдэж эхлээч” гэсэн санал тавьсан. Онц байдал зарлана гэдэг хүүхдийн тоглоом биш. Маш олон, тал талын мэдээлэл авч, нөхцөл байдалтай танилцаж, нухацтай бодож шийдэх ёстой асуудал. Үгүйдээ гэхэд цагдаа, таг­нуулын байгууллагын дар­­­га нараас мэдээлэл авч, сана­лыг нь сонсох хэрэгтэй шүү дээ. Тийм учраас би тэр үед зөвшөөрөөгүй. “Үгүй ээ, үүнийг сайн судлах ёстой, одоо яаран онц байдал зарлах тухай асуудал байж таарахгүй” гэсэн утгатай үг хэлсэн. Тэгээд тагнуул, цагдаагийн дарга нарыг дуудаж уулзсан. “Ерөнхий сайд С.Баяр онц байдал зарлах тухай санал хэлж байна. Цагдаагийн байгууллага удирдаж байгаа хүний хувьд өөрөө юу бодож байна” гэхэд Ч.Амарболд генерал “Онц байдал зарлах шаардлагагүй, байдлыг энгийн аргаар зохицуулах боломжтой” гэж хариулсан. Ингэхээр эндээс юу харагдаж байна вэ. Ерөнхий сайд С.Баяр онц байдал зарлах тухай саналыг Ерөнхийлөгчид тавихынхаа өмнө наад зах нь цагдаагийн байгууллагын удирдлагатайгаа ярьж, санал бодлоо солилцсон байх ёстой атлаа тэгээгүй байсан байна шүү дээ. Ажлын уялдаа холбоо байхгүй. Нөгөө л хагас итгэсэн, итгэлгүй байдал ажилд шууд нөлөөлсөн байна.

Энэ бол аль ч талаас нь аваад үзсэн дутуу бодсон, улс төрийн хувьд хариуцлагагүй гэж хэлж болох санал байсан тул миний бие Ерөнхийлөгчийн хувьд тэр үед онц байдал зарлаагүй юм. Тэгээд Ч.Амарболд генералд ”Жагсаал цуглааныг үймээн самуун болгохгүйгээр зохицуулах бүхий л арга хэмжээ ав” гэсэн. С.Баяр дарга жагсаал цуглааныг эв зүйгээр зохицуулах талаар хүчний байгууллагын удирдлага, мөн улс төрийн намуудын төлөөлөгчидтэй уулзаж, бичиг сачгийг нь хүлээн авч, аль болохоор байдлыг хурцдуулахгүй байх арга хэмжээ авах ёстой байсан. Гэтэл наад зах нь цагдаагийн даргатайгаа холбогдож, санал бодлыг нь сонсоогүй мөртлөө шууд надаас “Онц байдал зарлаач” гэсэн хүсэлт, шаардлагыг утсаар ярихдаа ч, уулзахдаа ч удаа дараа тавьсан. Үүнийг би буруу байр суурь гэж үзэж байсан. Одоо бодоход анхнаасаа л онц байдал зарлуулах хүсэлтэй байжээ гэсэн дүгнэлт хийхээс өөр аргагүй байдалд хүргэж байгаа юм. Эндээс өөрийн эрхгүй яагаад, яах гэж гэсэн асуултууд урган гарна аа даа. Засгийн газар асуудалд ингэж хариуцлагагүй хандсан.

Манай хуульд ч онц байдал зарлах асуудлыг нарийн журамлаагүй, их учир дутагдалтай юм байна гэдэг нь тэр ноцтой байдалтай нүүр тулгарахад харагдсан. “Ердийн аргаар хүнд байдлыг зохицуулж чадахаа боливол онц байдал зарлана”  гэснээс өөр тэнд юу ч байхгүй.  Ердийн аргаар, онц байдал зарлалгүйгээр асуудлыг зохицуулах арга хэмжээгээ Засгийн газар бүрэн дүүрэн аваагүй. Цагдаагийн удирдлага нь “үгүй” гээд байхад Ерөнхий сайд нь “онц байдал зарлаач” гээд байдаг. Эндээс том зөрчил харагдаж байгаа биз дээ. Тиймээс ч энэ асуудлыг сүүлд нь би ҮАБЗ дээр ч, УИХ, Засгийн газрынханд ч хэлж байсан. Ерөөсөө онц байдал зарлана гэдгийг “яавал, яасан тохиолдолд, яаж” гэдгээр нь, ийм ноцтой байдалд хүргэсний хариуцлагыг хүлээлгэх эзэнтэй­гээр нь хуульд нарийн зааж өгөхгүйгээр болохгүй юм байна. Тэгэхгүйгээр ийм ойлгомжгүй байдалд онц байдал зарлах эрх эдэлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэр гаргахад асар хүнд хэцүү байдаг юм байна гэдгийг хэлсэн.

“Засгийн газар ийм ийм үе шаттай арга хэмжээ аваад ердийн аргаар байдлыг зохицуулж чадсангүй. Ийм ноцтой байдлыг улс орондоо бий болголоо. Харамсч байна. Алдаа дутагдлаа хүлээж байна. Тийм учраас Засгийн газар огцоръё. Огцрох өргөдлөө ийм ийм арга хэмжээ авсан гэсэн тайлбар бичигтэйгээ хамт Ерөнхийлөгчид гардуулж байж, онц байдал зарлах хүсэлт, шаадлагаа тавьдаг байя” гэсэн нарийн журамтай болговол зөв гэж бодогддог юм. Онц байдал зарласан Ерөнхийлөгчийн зар­лигийг УИХ тодорхой хугацаанд авч хэлэлцээд зөв, бурууг шийдээд, зөв гэж үзвэл зарлигийн үйлчлэлийг тодорхой хугацаанд хүчин төгөлдөр үлдээдэг. Буруу гэж үзвэл зарлигийг хүчингүй болгодог. УИХ Ерөнхийлөгчийн онц байдал тогтоосон зарлигийг дэмжиж баталгаажуулсан. Гэхдээ тэгж баталгаажуулахдаа “Засгийн газар хариуцлагагүй ажилласан байна” гээд Засгийн газрыг огцруулах шийдвэрийг давхар гаргаж баймаар юм билээ. Засгийн газар өөртэй нь гарцаагүй хариуцлага тооцно гэж мэдэж байсан бол онц байдал зарлах тухай асуудалд С.Баяр даргатай адил тийм хөнгөн, хариуцлагагүй хандахгүйгээр байдлыг эв зүйгээр зохицуулах гэж хичээх байсан нь тодорхой.

Нэгэнт өөрсөдтэй нь хариуцлага тооцох тухай асуудал байхгүйг мэдэж байсан тул баахан юм бужигнуулж хаячихаад, эсвэл бужигнасан юмыг зохицуулахгүйгээр, хариуцлагатай ажиллаагүй мөртлөө Ерөнхийлөгчөөр онц байдал зарлуулаад л асуудлыг даруулна, шийдүүлнэ гэдэг бол “хүний гараар могой бариулна” гэсэнтэй ижил. Ингэх нь буруу юм. Нөгөө талаар туйлын их анхаарал татсан, бодож судлууштай асуудал бол онц байдал зарласны дараа таван хүний амь нас алдагдсан явдал. Энэ бол маш харамсалтай явдал. Хэн буудсан юм. Тэр хүмүүс амь насаа яаж, ямар нөхцөлд алдсаныг олж тогтоох ёстой.

Миний мэдэж байгаагаар ҮАБЗ-ийн гишүүд галт зэвсэг хэрэглэж болохгүйг хүчний байгууллагын удирдлагад тодорхой анхааруулж хэлсэн. Гэхдээ таван хүний амь насыг хохироосон асуудлыг судалж тогтоохдоо зүгээр нэг цагдаа, прокурорын хоорондын хэрүүл болголгүйгээр шийдэх хэрэгтэй. Магадгүй Засгийн газар өөрийн зүгээс бүх арга хэмжээг аваад, өөрийн харъяаны хууль хяналтын байгууллагуудаа сайн, шуурхай ажиллуулаад жагсаал цуглааныг даамжруулалгүйгээр зохицуулж чадсан бол энэ таван хүний амь нас эрсдэхгүй байсан байж болно. Үүн дээр улс төрийн хариуцлагын асуудал яригдах ёстой гэж хүмүүс шаардаад байна шүү дээ. Түүнээс биш цагдаа, прокурорын хоорондын хэрүүл болгож хаяад дундаас нь “уснаас хуурай гарах” гэх хэрэггүй.

Бас улс төрийн намууд ха­риуц­­­лага хүлээх ёстой. Эцсийн эцэст долдугаар сарын 1-ний явдал юунаас болж гарсан юм бэ. Сонгууль будилаантай болсон учраас шүү дээ. Намууд, нэр дэвшигчид сонгууль буди­луулсан. Яагаад өнөөдөр тэд цаг­даа, прокурорыг хооронд нь хэрэлдүүлээд ард нь гэмгүй царайлаад нуугдаад байгаа юм бэ. Энэ бол бас зайлшгүй судлах ёстой асуудал. Өөрөөр хэлбэл, сонгуулийг хэн, яаж будилуулав гэдгийг судалж тогтоох, ил гаргах ёстой. Тухайлбал, тэр үед намуудын дарга нарыг дуудаж уулзаж байхад Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж “Та нар цагдаа нараар хүн буудуулахаа боль” гэж Ерөнхий сайд С.Баяр руу дайрч байсан. “Цагдааг ха­риуцдаг албан тушаалтны хувьд та нар цагдаагаараа хүн буудуулахаа боль” гэж Ц.Элбэгдорж дарга хэлж бай­сан. Хэлсэн үгийнхээ нэг ёс­ны баталгаа болгож “Миний халаасанд хонгио байна. Танай цагдаагийнхны буудсан сумны хонгио. Танай цагдаа хүн буудаж байгаагийн баталгаа надад байна” гэж байсан. Үнэхээр тэр үед тэгж буудаж байсан, тэр хонгио нь байсан бол тэр асуудлыг ч бас шалгах хэрэгтэй. Хэргийг шалгагдалгүй үлдээсэн, дутуу хаясан, хамтарсан Засгийн газар байгуулснаар хав дарсан асуудлууд байгаа учраас би энэ бүхнийг сөхөж ярьж байгаа юм. Монголын ард түмэнд үнэнийг тогтоож өгөх хэрэгтэй байна. Миний хувьд онц байдал зарласан нь үнэхээр маш хүнд гаргасан шийдвэр. Гаргах хүсэлгүй байсан шийдвэр гэж хэлж болно. Муу ажилласан Засгийн газар, хариуцлагагүй ажилласан намуудын буруу үйл ажиллагаанаас болж ард түмний бухимдал дээд цэгтээ хүрч, тэр нь зүгээр нэг бухимдал биш, бүр эвдэн сүйтгэх үйл ажиллагаа болж хувирсан учир аргагүйн эрхэнд зарласан юм шүү дээ.

Хэрэв луйврын сонгууль болоогүй бол жагсаал цуглаан болохгүй байсан. Өөр ямар нэг шалтгаанаар жагсаал цуглаан болсон ч гэсэн түүний өмнө цагдаагийн даргаа халж, үүрэг гүйцэтгэгч тавьж, цагдаагийнхаа байгууллагыг сулруулаагүй бол, цагдаагийн байгууллагатайгаа урьдчилж ярьж, ердийн аргаар авч хэрэгжүүлэх бүх арга хэмжээгээ авчихаад үнэхээр зохицуулж чадаагүй бол Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгөөд “Би чадахгүй нь, ийм байдалд хүргэсэнд уучлаарай. Онц байдал зарлаж зохицуулахаас өөр аргагүй байдалд хүрлээ” гэсэн бол үүн дээр би улс төрийн хариуцлага тооцох тухай ярихгүй байж болно.

Гэтэл энэ бүхнийг хийгээ­гүй­гээр барахгүй, харин ч санаатай, санамсаргүй нь мэдэгдэхгүй яг эсрэгээр нь “будилуулж” байгаад онц байдал зарлуулчихаад, тэгээд тэр  байдал дунд таван хүний амь нас хохирчихоод байхад үүнийг зөвхөн прокурор, цагдаагийн хоорондын маргаан болгож хаячихаад улстөрчид нь бултаад, цэвэр цэмцгэр хүмүүс болж, гэмгүй царай гаргаж байгааг олон түмэн зөвшөөрөхгүй байна.

Тэгээд ч долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа уг байдлыг яагаад судлалгүй хаячихав гэдэг асуулт байна. Тэр үед ҮАБЗ-өөс УИХ-д хандаж энэ асуудлыг судалж дүгнэлт гаргах тухай үүрэг өгсөн. Нэг хэсэг ямар ч хүндэтгэх шалтгаангүйгээр уг үүргийг биелүүлэлгүй цаг хугацаа алдсан. Энэ бол том алдаа, хариуцлагагүй байдал. Монгол хүний амь өнөөгийн төр, засагт тийм л үнэгүй байгаагийн бас нэг нотолгоо. Янз янзын шалтаг хэлсээр байгаад жил гаруй өнгөрсний дараа, тэр хэзээ хойно ажлын хэсэг байгуулж ажиллуулсан болсон. Ажлын хэсэг ч ажиллаад дорвитой дүгнэлт гаргаж чадаагүй. Дахиад л ард түмэн, нийгэм гайхсан, бухимдсан хэвээрээ, асуудал тодорхой биш, нуугдмал, хаагд­мал хэвээрээ үлдсэн. Үүгээр хамтарсан Засгийн газар энэ мэт булхайг далдлах, хуйвалдах гэж байгуулагдсан нь улам батлагдаад байгаа байхгүй юү. Хэрэв тийм биш юм бол долдугаар сарын 1-ний асуудлыг нухацтай судалж шударга шийд­вэр гаргахын төлөө ажиллах ёстой байсан шүү дээ. Ингээд долдугаар сарын 1-ний өмнө, тухайн үед нь болон дараа нь болсон үйл явдлуудыг гурван цагийн огтлолцолд  дүгнээд үзэхэд аль ч үед, бүх шатанд улс төрийн албан тушаалтнууд туйлын хариуцлагагүй ажилла­сан нь тодорхой байна. Шалгаж тодруулах асуудлууд орхигдож улам мартагдаж байна. Дутуу шалгаж, буруу шийдэж байна.

-Тантай хүн утсаар ярьж байхад цаана автоматаар буудаж байна гэж хэлсэн гэдэг шүү дээ. Онц байдал зарлахад байдал ямар болоод байв?

-Онц байдал зарлахаас тат­галзсаны дараа С.Баяр даргын дэргэдээс хүмүүс над руу утас­даж эхэлсэн. Тэд нараар надад “зохих аймшигтай” мэдээлэл өгүүлж, нөлөө үзүүлэх гэсэн байх. Тэдний нэг нь “Та сонсч байна уу. Гадаа автоматаар буудаад байна шүү дээ” гэ­сэн. Тэгэхэд нь би “Үнэхээр автоматын дуу гарч байгаа бол холбогдох газраар нь, цагдаагаар шалгуул” гэсэн. Тэр хүн “Онц байдал зарлах нь зөв байх аа. Гадаа автоматаар буудаад байна” гэж давтаж байсан.

-Утасны цаанаас танд бууны дуу сонсогдсон уу?

-Тачигнаж пижигнэсэн дуу шуу байсан учир яг автоматын дуу мөн, бишийг сайн ялгаж хэлж чадахгүй. Харин надад тийм мэдээлэл өгсөн. Түүнийг бас тодруулах хэрэгтэй. Би тэр үед дургүйцэж, хариуд нь “Онц байдал зарлах болоогүй. Наад жагсаал цуглаанаа аятай­хан эвээр зохицуул” гэж хэл­сэн. Бас ингээд байж байхад бодогддог юм. Орой 17.00-17.30 цаг орчимд С.Баяр дарга хэвлэлийн бага хурал хийлгэж сонгуулийн дүнг зарласан. Тэгээд өөрийнх нь мэдэлд цагдаагийн байгууллага байсаар байтал байдлыг энгийн аргаар зохицуулах бүхий л арга хэмжээ авахын оронд шууд ард түмэнд хандаж “Биднийг хамгаалаарай” гэж уриалан дуудсан. Тэгэхэд энэ бол хариуцлагагүй явдал болж байна даа гэж бодогдсон шүү. Юу гэсэн үг вэ энэ чинь. Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн мөртлөө, цагдааг мэддэг хүн атлаа ард түмэнд хандаж “Биднийг хамгаалаарай” гэсэн нь эргээд ард түмнийг хагалах, нэгийг нь нөгөө рүү нь турхирч байгаа юм уу. Энэ нь тэгж ашиглагдах, мөргөлдөх далим болох байсныг хэн үгүй гэх юм.  Ард түмэнд хандахын оронд цагдаагийн удирдлагаа дуудаад юу болж байгаа талаар холбоотой мэдээлэл аваад, үүрэг даалгавар өгч, байдлыг зохицуулах бүхий л арга хэмжээ авах ёстой байсан биш үү. Гэтэл тэгээгүй. Ингэж шат шатандаа хариуцлагагүй ажилласны хар гайргаар ийм эмгэнэлт явдал болсон.

Намууд луйврын сон­гууль хийдэг, Засгийн га­зар нь хариуцлагатай ажил­лаж чаддаггүй, цагдаагийн байгуул­лагаараа улстөржиж оролддог учраас, албан байгууллага, албан тушаалтнуудын хоорондын аж­лын харилцаа холбоо, уялдаа хангалтгүй байсан учир, нэг нэгтэйгээ хариуцлага тооцдоггүй учраас ийм ноцтой байдал бий болж, хэрэг гарсан. Сүүлд үүнийгээ нуухын тулд хуйвалдаж дарсан. Цаана нь таван хүний амь нас хохирч, луйврын сонгууль болсон хэвээрээ, хариуцлага хүлээлгүй бултдаг хэвээрээ л хоцорсон доо.

-С.Баяр дарга тухайн үед байдал ширүүсээгүй бай­­­хад гараад жагсагчдын шаардлагыг хүлээж авсан бол тэд тарах байсан гэдэг шүү дээ?

-Хүмүүс тэгж ярьдаг. Улс төрийн намын дарга хүн бол тухайн үед онц байдал зарлуулахаар хөөцөлдөж байхын оронд харин онц байдал бий болгохгүйн төлөө зохицуулж болох бүхий л бололцоог эрж хайх ёстой байсан гэж боддог. Яагаад ч юм тэр жагсагчдын шаардлагыг хэн ч тоож аваагүй юм билээ. Гарч авснаар байдал намжих байсан, эсэхийг бүү мэд. Гэхдээ бүхий л боломж бололцоог хайх ёстой байсан. Ямар ч байсан тэгж хэлэх, буруушаах шалтаг шалтгааныг хүмүүст өгсөн.

-Таны дэргэд Ерөнхий сайд С.Баяр Ч.Амарболд генералд цагдааг намын байрнаас татах үүрэг өгсөн. Тэгснээр байдлыг улам ноцтой болгож даамжруулсан гэж та хэлж байсан. Тэгэхэд юу болсон юм бэ?

-Биднийг орой 21.00 цагийн орчимд хүчний байгууллагуудын удирдлагуудтай уулзаж  мэдээ­лэл авч байхад Ч.Амарболд генерал “Би цагдаагаа татмаар байна. МАХН-ын байр шатаж эхэллээ. Гал унтраах гээд гал командын машин оруулах гэхээр жагсагчид чулуу шидэж шил цонхыг нь хагалаад явуулахгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би “Үгүй ээ, юу гэсэн үг юм. Өгсөн үүрэг даалгаврыг биелүүл. Тэр намын байрыг хамгаал. Намын байрандаа ч биш, угаасаа л байшин барилгыг хамгаалж, гал гарч байгаа бол унтраа. Гал командаа оруул” гэсэн. Тэгсэн С.Баяр дарга хажуунаас “Би цагдааг хариуцдаг албан тушаалтны хувьд Ч.Амарболд генералд цагдаагаа татах үүрэг өгч байна” гэж хэлсэн. Би түүнийг буруу шийдвэр байсан гэж боддог. Хүн хэлэх үг, өгөх үүргээ сайн бодож хэлж байх хэрэгтэй. Үг бол шувуу биш, амнаас гарсан л бол эргэж баригдахгүй. Тэр үг, үүргийн цаана хариуцлага байх ёстой.

-Цагдаагаа татсанаар харин ч олон цагдаа эрсдэхээс хамгаалсан байж болох уу?

-Мэдэхгүй. Байдлыг улам даамжруулсан ч байж магадгүй. Ямар ч байсан цагдаагийн байгууллага чадах ядахаараа ажиллаад байдлыг аятайхан зохицуулахын төлөө ажилласан бол тийм ноцтой үр дүнд хүрэхгүй байсан болов уу гэж хүмүүс ярьдагтай би санал нэгтэй байдаг. Тэгээд ч цагдаагийн удирдлага “Тэгж чадна” гэж хэлж байсан шүү дээ. Харин яагаад чадаагүй, эсвэл чадуулаагүй юм гэдгийг шалгаж тогтоох хэрэгтэй. Таамаглаж яриад яахав, болсон үйл явдлыг ярья л даа. Гадаа харанхуй бүрий болж байсан. Цагдааг татсанаар улангассан хүмүүс МАХН-ын байр руу дайрч орсон. Тэр улайрсан хүмүүст МАХН-ын байр амилсан дайсан юм шиг харагдаж байсан байж таараа шүү дээ. Хажуугаар нь сахилгагүй хүмүүс ч явсан байлгүй. Тэр хүмүүсийн уур уцаар, хилэгнэлд тэр байшинг “май” гээд өгч байна гэсэн үг. Галдан шатаах үйл ажиллагаа эрчимжиж, тэр хөөрсөн, даварсан олон хүн намын байрнаас гадна өөр объектууд руу дайрах ажиллагаа өргөжсөн. Тэр байдлыг хяналтаас бүр алдчихвал Улаанбаатар хотыг тэр аяар нь хөмөрч мэдэх аюул занал учирсан тул аргагүйн эрхэнд онц байдал зарласан шүү дээ. Цагдаагийн байгууллага руу дайрч эхэлсэн. Соёлын төв өргөө рүү, банк руу халдаж эхэлсэн.

Анхнаасаа байдлыг ин­гэж даамжруулсан нь Засгийн газ­рын алдаа байсан гэж бодогддог. Сүүлд хэдэн хоногийн дараа намуудын дарга нар уул­заж байхад одоо Ерөнхий про­ку­рор болсон, тухайн үед Ард­чилсан намын сонгуулийн аж­­­­­­лыг удирдалцаж байсан Д.Дор­­лиг­жав “Цагдаагийн бай­гууллага иргэдийг буудсан” гэж хэлж, С.Баяр дарга тэр хоёр маргалдсан. С.Баяр дарга “Хэрэв цагдаа буудсан нь тогтоогдох юм бол би хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэж хэлж байсан. Энэ үгийг тэнд байсан хүмүүс бүгд сонссон.

Долдугаар сарын 1-ний үнэн зөвийг тогтоохгүй бол УИХ-ын 2012 оны сонгууль бас л луйвар болно. Бас жагсч цуглана. Хүний амь нас эрсдэж ч мэднэ. Бас л хуйвалдаж, хамтарсан Засгийн газар байгуулж, булхайгаа дарна. Дахиад л бие биеэ үзэн ядсан, иргэдийнхээ амь насаар тоглосон, улстөрчид, өндөр албан тушаалтнууд нь бултдаг, ард түмний санал луйварт алга болдог, амь нас нь хохирдог, амьдрал нь нурдаг, итгэл нь хөсөр хаягддаг ийм л харилцаа бат бэх тогтоно. Ийм арчаагүй Монгол Улс та бидэнд хэрэггүй. Үүнээс сэргийлэхийн тулд, ийм бусармаг явдал дахин гарахгүй байхын тулд би үнэнийг тогтоохыг хөөцөлдөж байгаа юм. Жирийн монгол хүн эзэн нь болж амьдардаг Монгол Улс хэрэгтэй шүү дээ.

-Олон хүн хоригдсон, эрх чөлөөгөө хасуулсан, хүний амь хохирсон, эзэн холбогдогдогч нь тогтоогддоггүй, тэнд цугларсан иргэд хохироод л хоцорсон шүү дээ?

-Тэгсэн. Олон залуус баригдсан. Дахин хэлье. Дарга нар эзэн болдог биш жирийн иргэд нь эзэн болдог Монгол орноо байгуулж хөгжүүлье.

-Прокурорын зүгээс Н.Энхбаярын нэрлэсэн хүмүүсээс мэдүүлэг авна, байцаана гэж байна. О.Магнай нар болохоор С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Ч.Амарболд гээд нэлээд хэдэн хүнийг Гаагийн олон улсын шүүхэд өгч хэргийг шийдүүлэх ёстой гэж байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна?

-О.Магнайн Олон улсын шүүхэд хандах нэрсийн жагсаалт дотор хэн хэний нэр байгааг сайн мэдэхгүй. Ямар ч байсан би улс төрийн нухацтай дүгнэлт хийх ёстой гэсэн байр суурь барьж ирсэн. Барьж ч байгаа. Цаашдаа ч барина.Улс төрийн мэдэгдэлтэй холбогдуулж надаас тодруулж асуух зүйл байвал, энэ хэргийг жинхэнэ сонгуулийн будилаан болсон гэдэг утгаар нь, таван хүний амь нас алдагдсан гэдэг утгаар нь, сүүлд эдгээр хэргийг хааж нуухын тулд хийсэн бүхнийг дэс дараатай судалж илчилж тогтооё гэж байгаа бол би тусалж, өөрийн мэдэж байгааг хэлж, ярихад буцах юм алга. Харин тэгэхийн оронд худлаа сенсаац дэгдээх юм уу, эсвэл миний хэлснийг зүгээр л сонирхох төдий надаас асуусан болох гэж байгаа бол надад тэгж цаг алдах шаардлага байхгүй гэж бодож байна.

Прокурорынхонд ч би тэгж л хэлсэн. Хэрэв хүн улс төрийн дүгнэлт, мэдэгдэл хийснийхээ төлөө прокурорт дуудагдаад байх юм бол энэ бол прокурорын хийх ажил биш. “Үнэхээр хэргийн цаад учир начир, эзнийг тогтоох гэж байгаа бол, таван хүний амь нас яаж хохирсон, хэн хохироосон гэдгийг тогтоох гэж байгаа бол, дутуу мэдээлэл байгаа бол би мэддэгээ хэлж та нарт хэргийг сайн судалж туслахад бэлэн байна” гэсэн. “Гэхдээ асуудлыг олон талаас нь сайн судлаарай. Ганц хүний хэлснээр явахгүй байлгүй, олон хүн нийлж дарж нуусанд ч автахгүй байлгүй. Баталгаатай олон зүйл судалж байгаа биз ээ” гэж хэлсэн. Би ч тийм зарчмаар хандана.

-Таныг прокурор дээр биечлэн дуудсан уу?

-Над руу утсаар ярьсан. Танаас гэрчийн хувьд зарим тодруулах зүйл байна гэж байна лээ. Миний хуулийн зөвлөх, өмгөөлөгч очиж уулзана.

-Юу тодруулна гэж байна?

-Түрүүн миний хэлснээс тодруулах юм байна гэж ойлгосон.

-Та энэ асуудлыг яагаад намын 90 жилийн ойн босгон дээр гэнэт сөхсөн юм бэ?

-Би энэ мэдээллийг анх нэлээд дээхнэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөхдөө хэлсэн юм. Яагаад ч юм үүнийг тэр үед хүмүүс ч, сэтгүүлчид та нар ч анзааралгүй өнгөрсөн. Сая давтаад хэлсэн чинь их анхаарал татсан. Цаг үе нь тэгж таарсан юм болов уу. Эсвэл хүн ер нь сонсох гэснээ сонсдог, сонсмооргүйгээ анзааралгүй өнгөрдөг юм уу. Улстөрчид ч өөрсдөө энэ бүхнийг сонсох дургүй, өрөөлийг бас битгий сонсоосой гэж хүсч байгаа биз ээ. Харин одоо миний хэлсэн үг хүмүүсийн анхаарлыг татаж байгаа бол нийгэмд үнэхээр шударга ёс, үнэн мэдээлэл ус агаар мэт хэрэгтэй болсон болов уу. Тухайн үед хүмүүс хамтарсан Засгийн газарт найдаад, зөв зүйтэй шийдвэрүүд гаргах байх гэж харж хүлээсэн байж болно. Гэтэл хамтарсан Засгийн газар зөв зүйтэй, ард түмнээ бодсон шийдвэрүүд гаргахын оронд луйвар булхайгаа нуун далдлах, цөөн хэдхэн хүний эрх ашигт үйлчилдэг буруу бүтэц боллоо гэдэг нь батлагдсан байх. Итгэл найдвар нь алдагдаад хүмүүс шударга үг эрж хайж эхлэв үү. Ер нь шударга ёсыг хүссэн хүсэл хүчтэй болоод л анзаарсан юм шиг байна.

-С.Баяр дарга та хоёрын дунд хувийн зөрчил байдаг гэж зарим хүн ярих гээд байдаг. Тэрнээс болж энэ хэргийг яриад эхэллээ гэх зэргээр…?

-Нийгэм их өөрчлөгдөж байна. Шударга ёс тогтоох, хариуцлага тооцдог болохыг их хүсч байгаа юм байна. Ихээхэн бухимдалтай ч байгаа бололтой. Ард түмэндээ үнэнийг хэлж ярьж, үнэний дагуу хариуцлага тооцож байж бухимдалыг тайлна биз дээ. Тэрнээс биш С.Баяр бид хоёрын хувийн зөрчлөөс болсон юм биш.

-Нийгэм бухимдалтай байна гэснээс сүүлийн үед таны зүгээс хувьсгал гэдэг үг дуулдах боллоо. Парламентаас гадуур бусад намын дарга нар ч энэ үгийг нэлээд хэлэх болсон. Энэ нь Арабын ертөнцийг хамраад байгаа шиг хувьсгал уу. Ер нь олигархжсан төр, засгийг шүүмжилсэн, ардчиллаа зөв замд оруулах гэдэг утгаар хувьсгал гэдэг үгийг хэлж байна уу?

-Хувьсгал гэдэг үг сүүлийн үед гарч ирээд байгаа биш, ерөөсөө сүүлийн 20 гаруй жил энэ үгийг бид бүгдээрээ ярьж байгаа шүү дээ. Өнөөдөр энэ үг яагаад анхаарал татаад эхлэв гэхээр шударга бус явдалтай эвлэрэхгүй байгаа, үүнд бухимдсан  хүмүүсийн сонирхож байгаа үг, үйлдэл гэж хэлж болно. Нийгэмд шударга бус явдал хавтгайрч, хүмүүсийн бухимдал дээд цэгтээ тулсан тул хүмүүс хувьсгалын тухай ярьж, хувьсгал гэсэн үг сонсогдож байгаа биз ээ.

Сонгуулиар ард түмэн өөрийн­­­­хөө саналын дагуу шударга төр, засгаа байгуулахыг хүсдэг. Муу засагтай хариуцлага тооцож, солихыг хүсдэг. Тэр бололцоог нь хаагаад сонгуулийг нь луйвардаад байх юм бол, сонгуулийн аргаар улс орны тулгамдсан асуудлыг шийдэж чадахаа болихоор ард түмэн сонгуулийн бус аргаар асуудлыг шийдэхийг эрмэлздэг юм байна. Хувьсгал хаана гардаг вэ гэхээр шударга бус явдал хавтгайрсан газарт гардаг. Египетэд тэглээ. Тунист ч мөн адил тэгсэн. Уг нь хоёр, гуравхан жилийн өмнө Египетийн Ерөнхийлөгч асан Х.Мубарак бараг 90 хувийн санал авсан хүн. Гэтэл сая нийт ард түмэн нь босч, түүнийг зайллууллаа. Тэгэхээр тэр сонгууль худлаа байсан байна. Тунисийн Ерөнхийлөгч ялгаагүй 90 гаруй хувиар улиран сонгогдсон байсан. Гэтэл ард түмэн нь түүнийг бас огцрууллаа. Сонгууль булхайтай байсан цагт эрх баригчид бүрэн эрхийн хугацаандаа бид баталгаатай ажилтай, биднийг шүүмжлэх эрх байхгүй, дуугүй байж бай хэмээн ухуулга явуулаад утгагүй гэдгийг харууллаа.

Төр, засгийн эрхийг хууль бусаар авсан хүмүүсээс хувьсгалаас өөр ямар аргаар салах юм бэ гэж хүмүүс ярьж байна шүү дээ. Нөгөө талаас ядуурал 40 хувьтай, авлига хавтгайрсан, шударга бус явдал ноёлсон, тэгээд хүн амын бүтцэд залуус зонхилсон газарт иймэрхүү огцом өөрчлөлт гардаг юм байна. Олон улсын нэр төртэй хэвлэл мэдээллийн байгууллага, судлаачид судлаад үзэхэд сая миний хэлдэг нөхцлүүд бүрдсэн байвал хувьсгал гардаг юм байна гэсэн дүгнэлт хийж байна.Тийм учир хэн нэг хүн хувьсгал гаргах гээд байна гэж яриад утгагүй. Хувьсгал гаргадаг гол буруутан, хэргийн эзэн хэн байдаг вэ гэхээр луйврын сонгууль хийсэн өндөр албан тушаалтан, хээл хахууль авагчид, ард түмнээ ядуу зүдүү, ажилгүй байлгаж байгаа эрх мэдэлтнүүд байдаг юм байна. Хэдийгээр тэд наанаа хувьсгал гарахыг хүсдэггүй ч буруу бодлого, үйл ажиллагаа нь хувьсгалыг өдөөдөг юм байна. Хувьсгал гаргагч нь шударга бус төр, засаг өөрөө юм байна гэж судлаачид дүгнэсэн байна.

-Тэгэхлээр хувьсгал гарах шалтгаан нь эрх баригчид өөрсдөө юм байна, тийм ээ?

-Тийм. Ерөөсөө эрх баригчид өөрсдөө ард түмнээ доромжилж байгаад хувьсгал гаргадаг. Хувьсгалыг Н.Энхбаяр, М.Энхсайхан гаргах гээд  байгаа юм биш. Хувьсгал гарлаа гэхэд түүнийг МАН-АН л гаргана. Сонгуулийн луйвар булхай, авлига, хээл хахуулиар өдөөж, ард иргэдээ, залуусаа ядуу зүдүү амьдралтай, ажилгүй байлгаж дээрэлхсэнээрээ гаргана. Үүнийг хаа хаанаа ойлгох цаг ирсэн.

-Дээд шүүх танай намыг бүртгэлгүй нэлээд удчихлаа.  МАН-ынхан МАХН гэж товчилж болох бүх нэрийг хамж Улсын бүртгэлд бүртгүүлж, Оюуны өмчийн газарт хандсан. Тухайн үедээ МАН-ынхан тооцоололгүй дорд үзэж орхисон МАХН гэдэг нэр үнэд хүрсэн капитал болсон байна. Энэ байдалд та яаж хандаж байгаа бол?

-Тэд ийм муухай ааш араншин гаргаж байгаа. Энэ нь Үндсэн хуульд тунхагласан иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно, эвлэлдэн нэгдэж болно гэсэн хүний язгуур эрх ашигтай холбоотой асуудлууд МАН-ын өнөөгийн удирдлагын хувьд итгэл үнэмшил нь болоогүйн илрэл болов уу гэж бодож байна. Намын нэртэй холбоотой асуудлаар би анхнаасаа маш нээлттэй байгаа. Нэрээ солихоос өмнө би МАН-ын дарга нар, удирдах бүрэлдэхүүнтэй уулзаж, мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулж “Нэрээ сольж болохгүй. Нам сонгуульд ялагдвал л нэрээ солих эсэхээ ярьдаг юм” гэж хэлж байсан. МАХН 1996 оны УИХ-ын сонгуульд түүхэндээ анх удаа ялагдсаны дараа би намын нэрийг соливол яасан юм бэ гэсэн саналтай байсан. Түүнээс хойш арван хэдэн сонгууль болоход намын нэр сөрөг нөлөө үзүүлээгүй. Тэгэхээр нэр солих нь одоо ярих чухал асуудал биш. Өнөөдөр авлига, хээл хахуулиа яаж багасгах вэ, ажлын байр яаж олноор бий болгож, ядуурлыг яаж арилгах вэ, яаж Оюутолгой, Тавантолгойгоо ард түмэндээ ашигтай, зөв зүйтэй шийдэх вэ гэдгээ яриач, битгий намын нэр гэх зэрэг юмаар оролдож, ард түмний санаа бодлыг гол тулгамдсан асуудлуудаас өөр зүг рүү чиглүүлж, үүх түүхийг нь өөрчлөхийг оролдож, өөрсдийнхөө булхайг нуух гэж битгий зүтгээч гэж ний нуугүй хэлж байсан.

Хэрэв нэрээ соливол МАХН гэдэг нэрийг хүмүүс хаяхгүй, мартахгүй шүү гэж анхааруулж байсан. Дахин хэлье, энэ бүхнийг тэднээс хэзээ ч нууж байгаагүй. Ингэж аль эрт хэлж анхааруулсаар байтал өөрсдөө алдаатай, бодлогогүй юм хийчихээд одоо мань мэт нь нам задалсан мэтээр яригдаж буй нь цэвэр гүжирдлэг, худлаа ухуулга сурталчилгаа л юм. Харин тэд өөрсдөө намаа задалж, гишүүдээ үл тоож, гишүүдийнхээ саналыг хүндэтгээгүй. Ганцхан жишээ хэлэхэд Монгол орон даяар МАХН-ын анхан шатны бай­гууллагуудын хурал дээр гишүү­дийн 80 орчим хувь нь намын нэрийг солих шаардлагагүй гэсэн санал өгсөн. 20 хувь нь л дэмжсэн. Гэтэл үүнийг эргүүлээд 80 гаруй хувь нь дэмжсэн, 20 орчим хувь эсэргүүцсэн мэтээр эсрэгээр эргүүлж сурталчилсан. Сонгууль луйвардаад сурчихсан улс яг тэр аргаараа ард түмнийхээ саналыг луйвардан засч өөрчилдөг шигээ  нам дотроо гишүүдийнхээ саналыг луйвраар өөрчилж, толгойг нь “эргүүлсэн” байхгүй юү.Тэгээгүй юм бол өнөөдөр тэд ингэж айж сандрахгүй байсан. Гишүүдийнхээ саналыг өөрчлөөгүй, гишүүдийн ихэнх нь намын нэр солих нь зүйтэй, энэ л манай нам, улсын өнөөгийн хамгийн тулгамдсан асуудал мөн, сонгуулийн амлалтаа биелүүлэх, хээл хахуулийг арилгах, ажлын байрыг олноор бий болгох зэрэг асуудлууд бол шийдэх хэрэггүй, ач холбогдол муутай асуудал, дарга нар баяжиг, ард түмэн ядуураг гэж үзсэн юм бол тэд юунаасаа, яагаад айж сандралдаад байгаа юм бэ.  Тэд ингэж айж сандарч байгаа нь тойруу замаар гишүүдээ хууран мэхэлж намын нэрийг сольсон гэдгийг давхар баталж байгаа юм.

Бид Үндсэн хууль, бусад хуу­лийн дагуу эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж, МАХН нэрээ аваад нам байгуулаад явах гэхээр сандралдаад, байж болох, болохгүй бүх хаалтыг хийж байна. МАХН-ын нэрийг бүртгэх асуудлыг манай улсын байгууллагууд ямар “нарийн нямбай” авч үзэж байна аа. Үнэхээр гайхмаар. Оюутолгойн гэрээг бүх шатандаа тэгж сүрхий нягтлахгүй яав даа, тэгвэл. Гэтэл Оюутолгойн гэрээг байгуулах асуудлыг МАХН-ын нэр бүртгэхээс илүү амархан, түргэн шийдсэн шүү дээ. Албан тушаалаараа далайлгаж, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хаах, үзэл бодлоо илэрхийлэхийг боох гэсэн увайгүй шахалт даралт, оролдлого энэ бүхний цаана харагдаж байна. Сонирхуулахад, туулай жил гарсан учир “туулай” гэсэн үг орсон зүйр цэцэн үг өөрийн эрхгүй бодогдох юм. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг. Тиймээс бид МАХН гэдэг нэрийг авч л таараа. Өгч л таараа. Яагаад гэвэл үнэнээр явж байгаа юм чинь. Нөгөөдүүл буруу явж байгаа юм чинь ямар ч туулай болж давхиад үнэнд гүйцэгдэж л таарна.

-“Бушуу туулай борвин­доо баастай” гэж яаран хамаагүй нэрээ сольсон юм чинь гэж үү?

-Бас л үнэн үг. Энэ жил угаасаа “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг жил байх болно. Монголын ард түмэн үнэнээр явбал “үхэр тэргээр туулай гүйцнэ”. Бид ч МАХН гэсэн нэрээ ч авна, нам сэргэнэ, нийт иргэдийнхээ итгэлийг авна.

-Хуулиар энэ нэрийг авахыг хориглосон зүйл гарч ирэх боломж бий юү?

-Нэрээ хуулийн дагуу л авна шүү дээ. Хуулийн эрүүл саруул ухаан, логикоор бол хориглосон зүйл байхгүй. Утга агуулга биш, харин цэг таслал хөөцөлддөг хүнд далимдуулах зүйл бий. Иргэний хуулийн ерөнхий зарчим бол цэг таслалаар биш, харин утга агуулгаар нь асуудлыг шийдэж байх зарчим юм. Хуулийн эрүүл саруул орчин нь тов тодорхой гэсэн үг. Нөгөө талаар МАН-ын өнөөгийн удирдлага өөрсдөө хэрэггүй гэж нэрээ сольж хаячихаад өнөөдөр эргэж зууралдаад байгаа нь үнэхээр арчаагүй байгаагийнх нь илэрхийлэл. Улсын бүртгэл дээр очиж лавлагаа авч байгаа нэрийдлээр баахан нэр хэдэн арваар нь авч халааслаад л. Нэрээ оюуны өмч болгож баталгаажуулах гээд л. Ийм хачин утгагүй байж болохгүй.

Өөрчилсөн намын нэрийг тодорхой хугацаанд хэрэглэж болохгүй гэсэн хуулийн хуучин заалтыг Үндсэн хуулийн Цэц “Энэ бол иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хааж боосон заалт байна” гэж үзээд 2005 онд хүчингүй болгосон. Тодорхой хугацаанд хориглох заалтыг хүчингүй болгочихоод байхад үүрд мөнх ашиглаж болохгүй гэж хориглосон заалт хүчинтэй гээд зүтгээд байгаа нь эрүүл саруул биш байгаагийн л нотолгоо. Буруу, утгагүй юмны хойноос хөөцөлдөж байгаа нөхөд бантахдаа сандралдаж байгаа байхгүй юү.

-Н.Энхбаяр тухайн үед намын нэрийг өөрчлөх гэж байсан гэдгээр бас бамбай барьж байгаа?

-МАХН 1996 онд түүхэндээ анх удаа УИХ-ын сонгуульд ялагдсаны дараа ярьж байсан үгийг мэдэн будилж өнөөдөр ашиглаж мушгин гуйвуулж байгаа юм.

-Та түрүүн Оюутолгойн тухай дурдаж байсан. Одоо тэгвэл Тавантолгойг хэрхэн ашиглах вэ гэж дээр, дооргүй ид ярьцгааж байна. Таныг Ерөнхийлөгч байхаас л яригдсан асуудал. Яавал Оюутолгой шиг алдалгүй шийдвэрлэж болох бол?

-Тавантолгойг хэр зөв шийдэхээс хамтарсан Зас­гийн газрыг хуйвалдах гэж байгуулсан уу, үгүй гэдгийг улам сайн ойлгож болох байх. Одоо ярьж байгаа шигээ шийдвэрлэх юм бол дахиад л ард түмнийхээ өмч хөрөнгийг булаасан, ард түмнээсээ нууж, буруу шийдвэр гаргасан хэрэг болох болов уу. Тавантолгойг ард түмэндээ ашигтай шийдэе гэвэл 100 хувь ард түмэндээ өгөх ёстой. Энэ ерөөсөө улстөржиж байгаа зүйл биш. Өнөөдөр төр засаг иргэддээ 10 хувийг нь өгнө гэж байгаа. Хамгийн энгийн асуулт гэвэл 10 хувийг нь өгч болдог юм бол яагаад 100 хувь ард түмэндээ өгч болдоггүй юм бэ. Зарим хүн “Би Тавантолгойг буцаагаад төрд өгсөн” гэж ярьж байгаа. Гэтэл үнэн хэрэг дээрээ тэр хүмүүс өөрсдөө хүссэндээ буцааж өгөөгүй. Би тухайн үед Ерөнхийлөгчийн хувьд “Ард түмний татварын мөнгөөр геологийн хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн орд газар учраас үүнийг төрд буцааж өгөх нь зөв” гэж шаардсаны улмаас тэд буцааж өгсөн. “Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр шаардаж байж Тавантолгойг төрд буцаалгасан юм” гэж яривал илүү үнэн болно. Ер нь хэн, хэзээ өөрөө хүслээрээ юмаа өгсөн юм бэ. Лав л Тавантолгойг өөрсдөө хүслээрээ өгөөгүйг сайн мэднэ. Шаардуулж шахуулж байж төрд өгөх ёстой гэсэн зарчмыг хүлээн зөвшөөрсөн. Би тухайн үед төрийн нэрийн өмнөөс тэдэнд “баярлалаа” гэж хэлж байсан. Харамсалтай нь Засгийн газар, Тавантолгойн лиценз эзэмшигчид Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврыг дутуу биелүүлсэн. Мэргэжлийн хүмүүс ярьдаг юм байна лээ, “өрөм”-ийг нь лиценз эзэмшигч нар тухайн үеийн Засгийн газартай хуйвалдаад аваад үлдсэн гэж.

Хүн бурхан биш учир хувийн ашиг сонирхлоо огт бодохгүй байх хэцүү гэдгийг би ойлгодог. Гэхдээ юманд учир бий. Их өр, Тавантолгой, Оюутолгой, төмөр зам зэрэг улс орны хөгжил, ард түмний амьдралын аварга том асуудлуудаар хувийн ашиг сонирхлоо ард түмнийхээ ашиг сонирхлын ард тавьж чаддаг эх оронч сэтгэлтэй байх хэрэгтэй. Тийм сэтгэлгүй бол өндөр том албан тушаалд байгаад утгагүй.

Тухайн үеийн Засгийн газар, Тавантолгойн лиценз эзэмшигч нар хоорондоо ярьж байгаад Тавантолгойг төрд дутуу өгч, авалцсан. Эх оронч сэтгэл дутсан даа. Тэгээд одоо болохоор бүрэн өгчихсөн юм шиг яриад байгаа нь утгагүй. Өгсөн гэж ярих гээд байгаа бол бүрэн өгөх хэрэгтэй. Бүрэн өгөөгүй бол өгсөн юм шиг ярих хэрэггүй. Тавантолгойг дутуу авсныг нь мэдээд би бүрэн бүтэн авах ёстой гэж шаардаж шахахад урдаас юу гэж тайлбарласан гээч. “Тавантолгой дээр тодорхой ажил хийж, хөрөнгө мөнгө зарсан учир түүнд нь тэнцүүлэн тооцож тодорхой хэсгийг нь үлдээсэн” гэж тайлбарлахыг оролдсон. Би ч зэмлэсэн, буруушаасан, 100 хувь буцааж ав гэж шаардсан. Гэвч Ерөнхийлөгчийн үүрэг даалгавар бүрэн биелээгүй. Ерөнхийлөгчийн даалгавар бол даалгавар байх ёстой. Түүнийг биелүүлэх ёстой. Энэ бол Н.Энхбаярын даалгавар биш, Төрийн тэргүүний даалгавар байсан.

Тавантолгойн ордод лиценз эзэмшигчид хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцууланыг нарийн тооцож үзэх хэрэгтэй. Барагцаалахад Тавантолгойд бүхэлд нь ердөө дөрвөн сая ам.долларын хөрөнгө зарцуулсан байх. Гэтэл тэр Тавантолгойгоос санаатайгаар салгаж үлдээсэн хэсгийг саяхан Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргахад бараг дөрвөн тэрбум ам.долларын үнэ хүрсэн байна. Дөрвөн сая ам.долларын ажил хийснийх нь төлөө дөрвөн тэрбум ам.долларын ордоор “нөхөн олговор” хийсэн болж таарч байна шүү дээ. Бараг нэг мянга дахин илүү “нөхөн олговор” олгожээ дээ. Үүнийг нийт ард түмэнд өмчлүүлбэл монгол хүн бүрт дунджаар 1300 ам.доллар буюу нөгөө сонгуулиар амлаад байсан хүн бүрт нэг сая 500 мянган төгрөг өгөх амлалт чинь биелэхээр байгаа юм биш үү. Ингээд бод доо. Ийм шударга бус юм байхад хүмүүс бухимдах уу, үгүй юу.

Тийм учраас би Тавантолгойг 100 хувь ард түмэндээ өгье гэж байгаа юм. Ард түмнийхээ юмыг ард түмэнд нь өг. Битгий залил, битгий булаацалд. Тэгээгүй цагт ард түмэн тайвшрахгүй. Хоёулаа дахиад тоо бодъё. Тавантолгойн компани жилдээ 300 сая ам.долларын ашигтай ажиллана гэж бодъё. Хэрэв 100 хувь ард түмний өмч эзэмшилд очих юм бол жил бүр Монгол Улсын иргэн бүр эндээс 100-125 ам.долларын ногдол ашиг авна. Одоо эрх мэдэлтнүүдийн яриад байгаагаар 10 хувь нь ард түмэнд очвол нэг хүн ердөө 10-12 ам.долларын ногдол ашиг хүртэнэ гэсэн үг. Тэгвэл 12-15 ам.долларын ногдол ашиг авах уу, эсвэл 100-125 ам.доллар авах уу гэдгийг ард түмнээсээ асууя. Нэг айл дунджаар таван ам бүлтэй гэж үзвэл 12 ам.доллараар үржүүлбэл 60 ам.доллар жилдээ авна, 125 ам.доллар гэвэл 625 ам.долларын ногдол ашиг авна. Айл 625 ам.доллараар хүүхдийнхээ сургалтын төлбөр гэх зэрэг тодорхой асуудлаа шийдэж чадна. Харин 60 ам.доллараар юу хийх вэ дээ. Ард түмнээ ингэж төөрөгдүүлж, мэхэлж болохгүй. Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд Тавантолгойн ордыг зах зээл дээр гаргахдаа урьдчилсан байдлаар 15 орчим тэрбум ам.доллар болно гэж үнэлж байгаа. Үүний 10 хувь болох 1,5 тэрбум ам.долларын хувьцааг ард түмэнд тараах гээд байна. Тэгэхдээ зарагдахгүй хувьцаа учраас ард түмэнд бэлэн мөнгө очихгүй. Харин би бол 1,5 тэрбум биш бүр 15 тэрбум ам.долларын хувьцааг ард түмэндээ өгөөч. Дээр нь Тавантолгойн бусад ордуудыг нийлүүлээч. Нэг том орд болгооч. Өмчийн хувьд ард түмэн өмчилнө. Ажиллуулахын хувьд хамгийн сайн менежер, хамгийн сайн баг хариуцаж, хамгийн үр ашигтай ажиллуулах зарчмыг баримтлана.

Ингэж ард түмэнд 100 хувь өмчлүүлэх, үр ашигтай ажиллуулах хуулийн төслийг боловсруулсан байгаа. Мэргэж­лийн хүмүүс үүнийг судалж хийсэн. Энэ хуулийг яаралтай гаргаж, Тавантолгойгоо 100 хувь ард түмэндээ өгөөч гэж би шаардаж байгаа юм. Гэхдээ энэ саналыг би өмчлөх сонирхолгүй. Өнөөгийн эрх баригчид энэ саналыг дэмжээд Тавантолгойн ордыг 100 хувь ард түмэндээ өгнө гэсэн шийдвэр гаргавал би хамгийн түрүүн дэмжих болно.

Тухайн үед би Ерөнхий­лөгчийн хувьд шаардаж байгаад дутуу ч гэсэн Тавантолгойг буцаалгаагүй бол лиценз эзэмшигчид өнөөдөр хүмүүсийн нүүр харах аргагүй сууж байх байсан. Харин Н.Энхбаяр гэдэг “муу хүн” шаардсан учраас, буцаалгасан учраас ядахдаа “Би буцааж өгсөн” гэж ярих бололцоотой сууж байгаа юм шүү дээ. Би ингэснээрээ тэдэнд тусалсан. Одоо энэ ордыг хамгийн зөв зүйтэй аргаар 100 хувь ард түмэндээ өгөх хэрэгтэй. Би цагтаа төрд буцаалгасан юм, одоо ард түмэндээ бүрнээр нь өгүүлэхийн тулд ард түмэнтэйгээ хамт зүтгэнэ, тэмцэнэ гэж бодож байгаа.

-Та Тавантолгойг ард тү­мэнд бүрнээр авч өгч чадах болов уу?

-Ард түмэндээ зөв ойлгуулж, хамт зүтгэвэл бүтнэ бизээ. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг байхаа. 
 

                    Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж