Хятадын 60 гаруй хотын 208 их, дээд, дунд сургуульд суралцаж байгаа Монголын 6200 гаруй оюутан, сурагчдыг төлөөлөн Бээжин, Далянь, Нанжин, Харбин, Хөххот, Тяньжинь, Түнляо, Чанчүнь, Шанхай зэрэг хотын 80 шахам оюутан хүрэлцэн ирж зөвлөгөөнд оролцож байгаа ажээ. Зөвлөгөөнийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар нээж оюутан залуусыг дэмжих, тэдний оюунлаг сэтгэхүй, нийгмийн идэвхийг хөгжүүлэх, төрөл бүрийн уралдаан тэмцээн, хэлэлцүүлэг зохион байгуулах, шилдэг оюутнуудыг шалгаруулах талаар ЭСЯ-наас боломжтой бүх талын арга хэмжээ авч байгаа талаар үг хэлжээ.
Мөн хөрш Хятад орны эрдэм боловсролоос хичээнгүйлэн суралцаж, эх орондоо буцсаны дараа улс орныхоо хөгжил цэцэглэлтэд тустай хүн болж, Монгол, Хятадын найрамдлын гүүр болохыг оюутан сурагчдад хүссэн байна. Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн зөвлөх Н.Энхтайван, консулын хэлтсийн дарга, элчин зөвлөх Я.Ариунболд, ӨМӨЗО-ны Хөххот дохь ерөнхий консулын газрын консул Я. Ганбаатар, Эрээн дэх консулын газрын дэд консул Б. Гантулга, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газрын мэргэжилтэн Х.Батсайхан, академич Ж.Болдбаатар нар болон оюутан, сурагчдын төлөөлөгчид зөвлөгөөний үеэр илтгэл тавьжээ.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн зөвлөх Н.Энхтайван Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн стратеги сэдвээр лекц уншиж Монгол Улсын худалдаа, эдийн засаг, уул уурхай, зам харилцаа зэрэг олон салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил болон Хятад, Монголын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, хоёр орны дээр дурдсан салбаруудын хөгжлийн талаар мэдээлэл хийсэн байна. Тэрбээр монгол оюутан, сурагчид дэлхийн анхаарлыг татаж байгаа Хятадын хөгжлөөс суралцаж, улс орныхоо шаардлагад нийцсэн мэргэжил чадвар эзэмших нь чухлыг тайлбарлажээ. Хятадад суралцагчдыг нэгтгэсэн Монголын оюутны холбооны уулзалтыг тогтмолжуулж, оюутны холбоодыг нэгтгэсэн тогтолцоог бүрдүүлж, ЭСЯ болон оюутнууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тусгай веб сайтаар санал авч ЭСЯ-д төвлөрүүлсэн бүтэц зохион байгуулах талаар чуулганы үеэр ярилцаж шийджээ. Зөвлөгөөнөөс ЭСЯ-ны нэрэмжит эссэ бичлэгийн уралдаан, Эрдэнэт үйлдвэрийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээний дүнг энэ оны арваннэгдүгээр сарын 16-нд дүгнэх, сурах бичгийн яармаг, эрдэм шинжилгээний бага хурал болон хэлэлцүүлэг, хятад хэлний тэмцээн, фото зургийн үзэсгэлэн зохион байгуулах, баримтат кино бүтээх, ажлын байрны зах зээлийн танилцуулга хийх зэрэг арга хэмжээг энэ ондоо багтааж зохион байгуулахаар ярилцжээ.
Зөвлөгөөнөөр БНХАУ-д суралцагч монгол оюутан, сурагчдын 2012 оны зөвлөгөөнийг ирэ.х жилийн гуравдугаар сарын 19-нд хийхээр товлосон байна.