Япон улсын зарим хотууд гамшгийн байдалд байгаатай холбогдуулан тус улсад сурч, ажиллаж амьдарч буй монголчууд эх орондоо ирсээр байна. Тэдний дунд визнийхээ хугацаанаас өмнө ирсэн оюутнууд, Японд ажил хөдөлмөр эрхэлж буй иргэн цөөнгүй байгаа юм. Тэд нөхцөл байдал намжсаны дараа Япон улс руу буцах хүсэлтэй байгаагаа дуулгаж байсан. Харин визийн зөвшөөрөл олгох, дахин орох виз үйлдэх, виз сунгах зэрэг асуудалд Японы Гадаад харилцааны яам болоод Монгол дахь Японы Элчин сайдын яам хөнгөлөлт үзүүлэхгүй. Өмнө нь виз олгох хууль, журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлнэ гэж Японы Гадаад харилцааны яамнаас албан ёсоор мэдэгдээд байна. Мөн нөхцөл байдал хэвийн хотуудад амьдарч буй иргэд зайлшгүй шаардлага байхгүй бол Монгол руу ирэхгүй байхыг ч зөвлөж байгаа юм.
С.Отгон