Виталий олимпийн аваргыг эхний раундад нам цохив

Хуучирсан мэдээ: 2011.03.20-нд нийтлэгдсэн

Виталий олимпийн аваргыг эхний раундад нам цохив

Украйны шилдэг тулаанч Виталий Кличко Германы Кёльн хотноо олимпийн аварга, Кубын боксчин Одланьер Солисыг эхний үед буулган авснаар WBC холбооны хүнд жингийн дэлхийн аваргын бүсээ хамгааллаа. Өдгөө 39 настай Украйн тулаанч тулааны эхнээс л өрсөлдөгчдөө хүнд цохилтоор “бэлэг барьж”, улмаар эхний үе өндөрлөхийн өмнөхөн Солис нокдаунд орж унахдаа өвдгөө гэмтээсэн учир тулааныг зогсоожээ. Шүүгч Солисыг дахин тулалдах чадваргүй хэмээн зарлах үеэр цэнгэлдэхэд цугласан 19 мянган үзэгч хашхиралдаж, тулаан ийм амархан төгссөнд дургүйцлээ илэрхийлж байлаа. 30 настай Солис мэргэжлийн боксын рингэнд 17 тулаан хийж, бүгдэд нь ялсан, ингэхдээ 13 удаад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан гэсэн гайхалтай амжилттайгаар рингэнд гарсан ч ийнхүү эхний үед ялагдал хүлээсэн юм. Тулааны дараа Кличко “Өрсөлдөөнтэй, ширүүн тулаан харахыг хүсч байсан хүмүүсээс уучлал хүсье. Би түүнийг нэлээд чанга цохисон бололтой” хэмээжээ. Виталий ийнхүү мэргэжлийн боксын рингэнд 42 дахь, үүнээс 39 дэх хүнд цохилтын ялалтаа авлаа. Түүний дараагийн өрсөлдөгч нь Британийн Дэвид Хэй байх болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж