“Челси”, “МанЮ” шөвгийн наймд учраа таарлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.19-нд нийтлэгдсэн

“Челси”, “МанЮ” шөвгийн наймд учраа таарлаа

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн найман багийн сугалаа өчигдөр Швейцарийн Ньон хотноо байрлах UEFA-гийн төв байранд боллоо. Аваргуудын лигийн шөвгийн 16 багийн сүүлийн тоглолтууд өнгөрөгч лхагва гаригийн шөнө болж, улмаар шөвгийн наймд өрсөлдөх багууд бүрэн тодроод байлаа. Дунд шөвөгт Англиас хамгийн олон буюу гурван баг, Испаниас хоёр, харин Итали, Герман болон Украйнаас тус бүр нэг төлөөлөл шалгарсан юм. Хамгийн сонирхолтой нь, Английн Премьер лигийн хүчирхэг багууд болох “Манчестер Юнайтед” болон “Челси” багууд Европын топ төвшний өрсөлдөөнд шөвгийн наймд учраа таарлаа. Хоёр баг Аваргуудын лигт хамгийн сүүлд 2008 оны финалд хоорондоо тоглосон. Москва хотын Лужники цэнгэлдэхэд болсон тус тоглолтод торгуулийн цохилтоор “Улаан чөтгөрүүд” хожиж, аваргын цом өргөж байсан билээ. Харин энэ удаад тэдний ялсан нь тэмцээнээ цаашид үргэлжлүүлж, хагас шигшээд Италийн “Интер Милан” болон Германы “Шальке 04” багийн хожсонтой нь тоглоно. 2004 оноос хойш анх удаа шөвгийн наймд шалгараад буй Аваргуудын лигийн есөн удаагийн аварга “Реал Мадрид”-ын өрсөлдөгч нь Английн “Тоттенхэм Хотспур” байх болно. Аваргуудын лигт хөл тавьсан анхны жилдээ тун амжилттай тоглож, шөвгийн наймд шалгараад буй Лондонгийн багийн хувьд эмээх зүйл үгүй, тэд ялалтын төлөө бүхнээ дайчлан тоглоно. Харин Испанийн эзэн хааны баг дасгалжуулагч Жозе Моуриньогийн удирдлага дор түүхэн амжилтын төлөө тэмцэж байгаа. “Онцгой нэгэн” гэгддэг Моуриньо “Порту”-гийн хамт 2004 онд, дараа нь өнгөрсөн жил “Интер Милан”-ы хамт Аваргуудын лигт түрүүлсэн бөгөөд “Реал”-ыг энэ замд хөтөлж чадвал гурван өөр багийг удирдан Европын топ тавцанд аваргалсан анхны дасгалжуулагч болон түүхэнд нэрээ үлдээнэ.

Харин тэдний мөнхийн өрсөлдөгч болох “Барселона” шөвгийн наймын шатанд Украйны “Шахтёр Донецк” багтай сугалаа таарчээ. Хэрэв Испанийн хоёр баг хоёул учраагаа дөнгөж чадвал хагас шигшээд хоорондоо халз тулна.

Аваргуудын лигийн шөвгийн найман багийн сугалаанаас харахад ямартай ч Английн нэг төлөөлөл хагас шигшээд өрсөлдөх нь тодорхой болж байна. Харин “МанЮ” юу, “Челси” юу гэдгийг хүлээх л үлдэж байна. Гэхдээ хагас шигшээд Будант Албьоны хоёр ч баг шалгарч үлдэхийг үгүйсгэхийн аргагүй.

Аваргуудын лигийн шөвгийн найман багийн эхний тоглолтууд дөрөвдүгээр сарын 5, 6-нд, харин хариу тоглолтууд 12, 13-нд болно.

Аваргуудын лигийн шөвгийн найман багийн сугалаа:

 “Интер Милан” – “Шальке 04”
“Реал Мадрид” – “Тоттенхэм”
 “Барселона” – “Шахтёр Донецк”
“Челси” – “Манчестер Юнайтед”

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж