Төсвийн тухай төслийг хэлэлцүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Төсвийн тухай төслийг хэлэлцүүлж байна

УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар Төсвийн байнгын хорооны ажлын алба ажил ихтэй байгаа аж. Тэд Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн хүрээнд орон нутагт ажиллаж байгаа юм.

Эхний ээлжинд Дархан-Уул аймагт ажиллахдаа Сэлэнгэ, Орхон, Булган, Төв, Дархан-Уул аймгуудын төр, захиргааны байгууллагын удирдлага, төсвийн ерөнхийлөн захирагч нар, санхүү, татвар, төрийн сангийн албаны удирдах ажилтнууд, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг  оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Харин өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж байна.

Төсвийн тухай хуулийн төслийн хүрээнд орон нутгийн бие даасан байдал,  санхүү, төсвийн эрх мэдлийг хэрхэн нэмэгдүүлэх, орон нутгийн төсвийн хүрэлцээг мөн нэмэгдүүлэх, төсвийн зохицуулалт,  харилцааг  орон нутагт шилжүүлэх  шинэчлэлийг хэрхэн хуульд тусгах талаар Өвөрхангайд болж буй хангайн бүсийнхний уулзалт, хэлэлцүүлгийн үеэр ярьж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг төвлөрсөн байдлаар зохицуулж, санхүүжилтийг хэт багасгасан нь орон нутгийн бие даасан байдал, бүс нутгийн хөгжил, орон нутгийн удирдлагын хариуцлагыг сулруулж, төрийн үйлчилгээ болон төсөвт тавих иргэдийн хяналтыг бууруулж байгааг зохистойгоор  зохицуулах нь чухал болохыг оролцогчид ярьж байлаа.  

 Түүнчлэн орон нутаг болон төвлөрсөн төсвийн одоогийн харилцаа нь эдийн засгийн шилжилтийн эхэн үед төсвийн зохицуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах зайлшгүй шаардлага мөн хэдий ч  улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох шилжүүлэг болон орон нутгийн төсөвт орох татварын уян хатан оновчтой зохицуулалт хийх нь чухал гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид  хөндөн ярьж байв.
Өвөрхангай аймагт болж буй хангайн бүсийн Архангай,  Баянхонгор, Хөвсгөл аймгийн төлөөлөл оролцсон энэхүү уулзалт,  хэлэлцүүлгийг  УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа биечлэн удирдаж байгаа юм.

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт Сангийн яамны холбогдох газар, хэлтсийн удирдлагууд мөн оролцож, танилцуулга хийж байна.

Төсвийн тухай хууль,  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас 2010 оны долдугаар сарын 8-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.  Хуулийн төслүүдийг хаврын чуулганы эхэнд УИХ-аар хэлэлцүүлж, батлуулахаар Төсвийн байнгын хороо ажиллаж буй ажээ.  Төсөв зохиох,  батлах, зарцуулах, тайлагнах болон төсвийн талаарх төрийн байгууллага, албан тушаалтны эрх үүрэг, төсвийн байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааны удирдлагын зарчим, төсвийн хяналт, хариуцлагатай холбогдсон асуудлыг урьд нь /2003 оноос/ Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар зохицуулж иржээ.

Мөн төсвийн захирагчийн эрх, үүрэг, төсвийн орлого, зарлагын ангилал, төсвийн гүйцэтгэлийг тайлагнах, төсвийн бүртгэлтэй холбогдсон харилцааг өмнө нь /2002 оноос / Нэгдсэн төсвийн тухай хуулиар  зохицуулж байсан аж.

Харин   эдгээр хуулиудыг шинэчлэн найруулахаар УИХ-аас 2009 онд тогтоол гаргасан юм. Төсвийн  талаарх  төрийн  байгууллага,  албан тушаалтны  эрх, үүрэг, орон нутгийн эрх  мэдэлтэй  холбогдсон  асуудлыг  боловсронгуй  болгох нь чухал гэдгийг  УИХ онцолж өгсөн. Энэ шаардлагын хүрээнд Нэгдсэн төсвийн тухай,  Төсвийн байгууллагын удирдлага,  санхүүжилтийн тухай /хуучин/ хуулиудыг шинэчлэн найруулах хэрэгтэй болоод байгаа юм. 

Иймд Засгийн газраас төсвийн харилцааг нэгдсэн нэг хуулиар зохицуулах, хуулиудын давхардсан болон зөрчилтэй заалтуудыг уялдуулан нэгтгэж засч сайжруулах, УИХ,  Засгийн газрын тогтоол болон бусад эрх зүйн актаар зохицуулагдаж байгаа, мөн шинээр хуульчлах  зайлшгүй шаардлагатай зарим харилцааг зохицуулах зорилгоор Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан нь энэ юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс орон нутгаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж