Зургаан хувь болгочихвол халамжийн шинжтэй болно

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Зургаан хувь болгочихвол халамжийн шинжтэй болно

Засгийн газар Орон сууц санхүүжилтийн корпорацид “Орон сууцны зээлийн хүүг зургаан хувь хүртэл бууруулах” үүргийг өнгөрсөн лхагва гарагт өгсөн. Одоогоор тус корпорациар дамжуулан олгож буй орон сууцны зээлийн хүү найман хувьтай байгаа. Хүүгийн хэмжээг ийнхүү буулгасан нь урт хугацааны зээлд хамрагдаж орон сууцтай болох хүсэлтэй хүмүүст таатай мэдээ боловч зарим иргэнийг нэлээд бухимдуулж байна. Учир нь Засгийн газар дээрх шийдвэрийг гаргахдаа “Өмнө нь орон сууцны зээлд хамрагдсан иргэдэд энэ боломж хамаарахгүй. Гагцхүү шинээр буюу анх удаа зээл авах дундаж орлоготой, орлого нь тодорхой иргэдэд үйлчилнэ” хэмээн тодотгосон юм.

Үүнээс үүдэн өмнө нь 4000 айлын орон сууц хөтөлбөрт хамрагдаж зээл авсан иргэд “Ижил нөхцөл, хугацаатай зээл авсан иргэдийн зөвхөн төлөх хүүг ялгаатай тогтоосон нь шударга бус шийдвэр” хэмээн үзэж байгаа аж. Одоогийн байдлаар 4000 айлын орон сууцны тал хувь нь зохих зээлийнхээ шугамаар иргэдийн мэдэлд очоод байгаа юм байна. Энэ нь 2000 өрх 20 жилийн хугацаанд үндсэн зээлээс гадна найман хувийн хүү төлнө гэсэн үг юм. Тэдний нэг болох Хан-Уул дүүргийн иргэн Д.Мөнхбат “Эхнэр бид хоёр цалингаараа зээлээ төлөөд хоёр идэхгүй, хоосон хонохгүй зүтгэж яваа төрийн албан хаагчид. Гэтэл яагаад бидэнтэй яг адил хүмүүст илүү боломж олдож байгааг ойлгохгүй байна. Бид тав, зургаан сарын өмнө зээл авсан нь буруу болж байна уу. Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцны зээлийн хөтөлбөрт ийм хариуцлагагүй хандаж байгаад үнэхээр их гайхаж байна” хэмээн ярив.

Харин орон сууцны хөтөлбөрүүдийн зээлийн хүүг шинэ, хуучин гэж ялгалгүй бүгдийг нь адил түвшинд бууруулж болохгүй байгаа шалтгаанаа Засгийн газрын гишүүд “Эдийн засгийн эрсдэлээс болгоомжилж буй хэлбэр” гэсэн товчхон үгээр тайлбарлаж байгаа юм. Мөн, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж “Бүгдийг нь зургаан хувь болгочихвол орон сууцны зээл халамжийн шинжтэй болж, улмаар зах зээлээ эвдэх эрсдэлтэй” хэмээж байв. Гэвч Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцны зээлийн хөтөлбөрүүдийг тооны хувьд харьцуулж үзвэл арай өөр дүр зураг харагдаад байгаа юм. Өмнөх хөтөлбөрөөс 2000 өрх зээл авсан. Харин одоо 100 мянган айлын орон сууцыг шинээр барина. Тодруулбал, Буянт-Ухаад 12 мянга 500, Яармагт 32 мянга, Баянголын аманд 18 мянга, долдугаар хороололд 10 мянга гаруй, Зурагтад 4200, 14 дүгээр хороололд 12 мянган айлын орон сууц барихаар төлөвлөсөн юм билээ. Тэгвэл өмнө нь олгосон 2000 өрхийн зээлийн хүүгийн зөрүү болох хоёрхон хувь зах зээлд эрсдэл учруулахаар хэмжээ мөн гэж үү. Яг үнэндээ Засгийн газрын гишүүдийн хэлж буй дээрх шалтгаан бодитой сонсогдохгүй байгаа юм. Үүнээс гадна иргэдэд зургаан хувийн хүүтэй зээл авах боломж олгохдоо орлогын түвшнийг онцгой анхаарна гээд байгаа. Гэтэл төрийн албан хаагчид дунд албан тушаалын эрэмбээс хамаараад  дундаас дээш орлоготой гэсэн ангилалд хамаарах иргэн олон бий. Харамсалтай нь тэд арай дөнгүүр орлоготойн “гайгаар” зургаа бус, найман хувийн хүү төлөхөөр болж байна. Үүнээс гадна байртай болох хүсэлтэй иргэдэд учирдаг бэрхшээл бишгүй бий. Жишээ нь, заавал төрийн гар харалгүй чөлөөтэй сонголт хийе гэхээр арилжааны банкуудын хүү бас л буурч өгдөггүй. Засгийн газраас гаргасан шийдвэр арилжааны банкуудад хамаагүй гэдгийг аль аль тал нь хэлж байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудын орон сууцны зээлийн хүү хамгийн багадаа 15 хувьтай байгаа. Гэхдээ урьдчилгаа төлбөрөө 70-аас дээш хувиар төлсөн тохиолдолд л ийм түвшинд орж ирэх юм. Харин урьдчилгаа төлбөрийн хэмжээ бага байх тусам хүүгийн хэмжээ өсч 18 орчим хувьд хүрнэ. Арилжааны банкууд зээлийн хүүгээ бууруулахгүй байгаа шалтгаанаа “Монголын бүх иргэд төрийн албан хаагч биш. Тиймээс зах зээл хангалттай” гэсэн бардам үгээр тайлбарлаж байна. Тэгэхээр Засгийн газар гэр хорооллыг барилгажуулахын тулд зөвхөн “төрийн албан хаагчдад” гэж явцуурч болохгүй нь. Мөн асуудлыг цогцоор нь шийдэхгүй бол зээлийн хүү буурна гэж найдах хэрэг алга. Учир нь төрийн албан хаагчид 140 мянга, нийслэлчүүдийн 70 орчим хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн хоёр ялгаа үүнийг нотолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн төрийн албан хаагчдад л орон сууцны зээл олгоод байвал хот утаанаасаа салахгүй гэсэн үг. Мөн зээлийн хүүг хэдий бууруулсан ч үр дүн, цар хүрээ нь хэтэрхий бага байх нь ойлгомжтой. Бас арилжааны банкууд нэгэнт эрэлт байгаа тохиолдолд хүүгээ буулгахгүй гэсэн байр сууриа баттай хадгалж байна.

Ер нь орон сууцны зээлийн хүү буурахгүй байгаа шалтгааныг иргэдээ ажил эрхлэлтээр нь ялгаварлан гадуурхдагтай холбоотой гэж тайлбарлах хүн олон бий. Мэдээж төрийн албан хаагчдыг цалингаас гадуур орлогогүй гэдэг утгаар нь дэмжиж, илүү боломж олгох нь зүйн хэрэг. Гэхдээ ажлаар нь бус, орлогоор нь ангилах хамгийн оновчтой хувилбар ажээ. “Зээл олгох шалгуурт тухайн иргэний орлого баталгаатай эсэхийг нарийн тусгадаг учраас хүндрэл гардаггүй. Мөн арилжааны банкуудад өрсөлдөх боломж нээгдэж, улмаар зээлийн хүү буурдаг. Яг одоо Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй хөтөлбөрийн дагуу бол зээлийн хүүг хэчнээн бууруулаад ч хамрах хүрээ нь хязгаартай учраас дорвитой үр дүнд хүрэхгүй” хэмээн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Үл хөдлөх хөрөнгө, худалдааны шинжээч Ч.Отгонбаяр ярьсныг энд тэмдэглье.   

                                   Ч.Дашдэлэг


                                              Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж