Японы эрх баригчид бодит мэдээлэл өгөхгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Японы эрх баригчид бодит мэдээлэл өгөхгүй байна

Калифорнийн их сургуулийн доктор, профессор Аржун Макхижанийн “DISH Network”-д өгсөн ярилцлагыг хүргэе.

Тэрбээр Японд цацраг идэвхт бодисын түвшин нэмэгдэж байгаа нь хэр их аюул дагуулж болох талаар ярьжээ.

-Японы атомын цахилгаан станцуудад гарсан гэмтэл, сүйрэл нь хүн төрөлхтөнд ямар аюул учруулах бол?

-Энэ бол урьд өмнө нь хүн төрөлхтөнд тохиолдож байгаагүй гамшиг. Атомын хор цахилгаан станцуудын үйл ажиллагааг зогсоож, яаралтай хөргөх шаардлагатай болсон. Урьд өмнө ийм зүйл болж байгаагүй. Японы эрх баригчид нөхцөл байдлыг гартаа авахыг хичээж байгаа боловч бүх зүйл тэдний санаснаар болохгүй байна. Нэгийг нь гүйцэд хөргөөгүй байхад нөгөөх нь дүрэлзээд гал авалцсанаас болж ээлжлэн шатсан. Цацраг идэвхт бодисын түвшин хэдэн мянга дахин нэмэгдэж байгаа нь жинхэнэ аюул.

-АНУ-ын зарим эрдэмтэн одоогийн нөхцөл байдлыг Чернобыльд болсон осолтой харьцуулж, ялгарч байгаа хорт хий нь илүү аюултай гэсэн дүгнэлт гаргасан. Энэ үнэн үү?

-Чернобылийн ослыг одоогийн нөхцөл байдалтай харьцуулах нь оновчгүй. Эцсийн эцэст энэ бүхний цаана юугаар ч үнэлж боломгүй хүний амь нас сүйдэж байгаа шүү дээ.

-Та осол гарсан газрын ойр хавьд нуугдаж байгаа хүмүүсийг хорт утаанд хордсон гэж бодож байна уу?

-Бид хангалттай их зүйл мэдэх боломжгүй. Японы эрх баригчдын өгч байгаа сүүлийн үеийн мэдээллээс ажиглавал яг тодорхой баримттай зүйл алга. Одоогийн байдлаар бидэнд тодорхойгүй, тойм төдий хэдэн тоо байна. Үнэн, худал нь ч мэдэгдэхгүй баахан мэдээлэл, гамшиг болсон газрын ойр орчинд байгаа хүмүүс ил гарахгүй бол цацрагт идэвхт  хорт бодист өртөхгүй ч гэх шиг худлаа зүйл ярихаа болиод хурдан нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй.

-Цацраг идэвхт бодис хэр хурдан хугацаанд  хүний биед шингэж нөлөө үзүүлэх вэ?

-Гамшгийн голомтод хүн 15 минут байхад хорт хавдар тусахуйц хэмжээнд хүрдэг тийм л аймшигтай зүйл болохоор “Хорт хий” гэж нэрлээд байгаа юм.

-Таны яриад байгаагаар япончууд хүмүүсийн хордолтын талаар худлаа мэдээлэл өгсөн гэсэн үг үү?

-Бид Засгийн газраас “Тайван бай, бүх зүйл сайхан болно” гэх мэт үг сонсч байна. Яг үнэндээ тэд өөрсдөө юутай хутгалдаад байгаагаа сайн ойлгохгүй байх шиг байна. Хурдхан шиг хорт хийг арилгасан гэж хэвлэл мэдээллийнхний амыг дарж санаа амрах гээд байх шиг байна. Хүмүүсийг улам сандраавал юу болохыг тэд сайн ойлгож байгаа учир янз бүрээр тайвшруулах гэж хичээж байна.

-Гамшиг болсон газарт иод цацсан гэсэн мэдээлэл бий. Энэ нь юунаас урьдчилан сэргийлдэг юм бол ?

-Тийм ээ иод нь энгийн л иод. Бид бүгдэд иод хэрэгтэй. Иод нь хүний биед зайлшгүй хэрэгтэй зүйл бөгөөд  аливаа амьсгалын  замын өвчин, хурц үнэртэй зүйлээс хамгаалж байдаг нэг төрлийн бодис юм.Тиймээс та ч гэсэн иодыг хэрэглэж байх нь зүйтэй.

                                   Б.Баатар


                                              Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж