Xэлэлцээрт гарын үсэг зурахад бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Xэлэлцээрт гарын үсэг зурахад бэлэн болжээ

Европ стандарт, нормыг Монголд нутагшуулах зорилт тавьсан Ерөнхий сайд С.Батболд Европын холбооноос Монгол Улсад суух Элчин сайд бөгөөд Европын комиссын Бээжин дэх Төлөөлөгчийн газрын тэргүүн Маркус Эдерерийг итгэмжлэх жуух бичгээ барьж байгаатай нь холбогдуулан өчигдөр хүлээн авч уулзав. Европын холбоо, Монгол Улсын хамтын ажиллагаа 1993 онд Худалдаа, хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, ган, зудын хор хөнөөл, үр дагаврыг арилгахад Европын холбоо манай улсад дэмжлэг, тусламж үзүүлсээр ирсэнд талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Мөн Европын холбоо, Монгол Улсын хооронд байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хоёр тал саяхан үзэглэсэн бөгөөд бэлтгэл ажил нь дуусч байгаад сэтгэл ханамжтай байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийллээ. Мөн ирэх тавдугаар сарын сүүлчээр Европын холбооны удирдлагуудтай уулзах үеэр гарын үсэг зурснаар уг хэлэлцээр баталгаажна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Ноён Маркус Эдерер Европын холбоо, Монгол Улсын хооронд байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурахад бэлэн болсон гэдгийг дурьдлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.  

                                   Ц.Энхцэцэг


                                              Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж