“Толгой”-гүй цэцийн эзэд хаврын чуулганааp тодорно

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

“Толгой”-гүй цэцийн эзэд хаврын чуулганааp тодорно

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ж.Болдбаатар, Н.Жанцан, Д.Наранчимэг, Ж.Амарсанаа нарын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн нэгдүгээр сард дууссан. Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүхээс тус, тус томилдог. Энэ удаад Ерөнхийлөгчийн санал болгодог гурав, Улсын дээд шүүхийн мэдлийн нэг суудал сулраад байгаа юм. Он гарсны дараа эдгээр гишүүнийг томилох ёстой байсан боловч одоо болтол сураггүй байна. Гэхдээ намууд хүнээ зүтгүүлэх талаар өөр хоорондоо санал солилцож эхэлжээ.

“Толгой”-гүй Цэцийг толгойлуулахаар Ерөнхий прокуророор ажиллаж байсан М.Алтанхуягийг Ардын намынхан санал болгосон. Харин Ардчилсан намын тухайд Ерөнхий прокурорын албанаас нэлээд хэл амтай буусан түүнийг Цэцийн даргад өрсөлдүүлэх боломжгүй гэж үзэж буй. Гэвч УИХ-аас М.Алтанхуягийг Цэцийн даргад нэр дэвшүүлчихсэн. Ардчилсан нам бүлгийн хуралдаанаараа Цэцийн даргын асуудлыг хэлэлцэхэд бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Цэцийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа учир Цэцийн даргыг тэдэнтэй хамт хэлэлцье гэдэг шийдвэрийг бүлгээс гаргалаа” гэсэн. Тэд Цэцийн даргын асуудлыг яаран шийдэхийг хүсэхгүй байгаа гэдгээ ч нуугаагүй. Бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болж байгаа гишүүдээс Н.Жанцан, Ж.Амарсанаа нар суудалдаа тунаж үлдэх магадлалтай байгаа аж. Харин Ж.Амарсанаагийн хувьд Цэцийн даргад нэр дэвших боломж өндөр байгаа талаар зарим гишүүн хэлсэн юм. Ардчилсан намын зүгээс Б.Дэлгэрмаа, Р.Бурмаа нарыг нэр дэвшүүлэхээ ярилцаж байгаа тухай сураг дуулдаж байна. Ямартай ч Цэцийн дөрвөн гишүүн болон даргад намын бүлгүүд дотооддоо хэн нэгнийгээ санал болгож байна. Ерөнхийлөгчийн санал болгох гишүүдийн асуудал юу болж байгаа талаар Ерөнхийлөгчийн Хуулийн бодлого, Эрдэс баялгийн бодлогын зөвлөх П.Цагаанаас тодрууллаа. Тэрбээр “Цэцийн шинэ гишүүнийг томилох хүртэл дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахгүй. Цэцийн үйл ажиллагаа зогслоо гэж ярьж болохгүй. Энэ нь нийгэмд буруу ойлголт төрүүлж байгаа хэрэг. Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Цэцийн шинэ гишүүдийн томилгооны тухайд уламжлал, шинэчлэлийг хослуулах байх” гэлээ.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүний томилгоог намын бүлгүүд ярьж байгаа энэ үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах “ажиллагаа” хэдийнэ эхэлсэн. “Эцэг хуульд “гар хүрэхгүй” л бол амьдрал сайжрахгүй” гэх утгатай санааг хууль санаачлагч гишүүд тайлбарлаж буй. Үндсэн хуульд гар хүрч болохыг өнгөрсөн чуулганаар зөвшөөрсөн. Нэмэлт, өөрчлөлт оруулахыг дөнгөж зөвшөөрмөгц уяанаасаа алдуурсан унага шиг УИХ-ын гишүүд хуульд өөрчлөлт оруулахаар хэд, хэдэн хувилбар дэвшүүлсэн. Хаврын чуулганаар Үндсэн хууль, холбогдох хуулийн биелэлтэд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх эрх бүхий байгууллага болох Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүдийн асуудлыг хүчтэй ярих нь. Үүнээс өмнө намын бүлгүүд өөр, өөрийн хувилбараа санал болгож, УИХ-ын гишүүд эцэг хуулийг “засварлах” ажлаа өрнүүлсээр байх биз.
   

                                   Ц.Энхцэцэг


                                              Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж