мэдлийг хэрэгжүүлэх өндөр албан тушаалуудыг ээлж дараалан хашиж үзсэн
иргэн Н.Энхбаяр өнөөдөр алдсан өндөрлөгөө эргүүлэн авахаар замд гараад
байна. Ингэх эрх хэнд ч бий. Гэхдээ Н.Энхбаярын хувьд ийм эрхийг давуу
байдлаар, өөр талаас нь арай хурдан хугацаанд олж авах гэж зүтгэж байгаа
нь илт анзаарагдах болов. Түүний гишүүнчлэлийн эрхийг түдгэлзүүлсэн
МАН-д тэр хэн ч биш болчихоогүй л байсан. МАН-ын Бага хурлын гишүүн
төдий гэж өөрөө л голсон байж мэднэ. Өөрөөр хэлбэл, түүнийг эргээд
ирэхэд нь хадаг барьж угтаагүй намынхаа залууст гоморхохдоо “Хувьсгалт”
гэдэг нэрийг шүүрч авч хэрүүлийг эхлүүлсэн юм. Болохгүй ч юм байхгүй л
дээ. Ардчилсан нийгэмд намаасаа өрх тусгаарлах асуудал бол байдаг л
зүйл. Ийм жишиг манайд урьд нь ч байсан. Тийм болохоор Н.Энхбаяр дахин
сонголтыг өөрөө хийж, багаа бүрдүүлээд улс төрийн гуравдугаар эгнээнээс
дайралт хийхээр зэхэж байна. Уг нь энэ намыг бүхэлдээ өөрийнх гээд
итгэчихсэн үе түүнд байсан. Жишээ нь Н.Энхбаярын шууд удирдлага,
оролцоотойгоор ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон 119 орны
удирдагчийг Монголд цуглуулж байсан.
Олон улсын энэхүү бага
хурал Улаанбаатар хотод 2003 онд болоход НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн
дарга Кофи Аннан манайд ирүүлсэн илгээлтээрээ “Н.Энхбаярын энэ намаас
сурах зүйл их байна” гэж хүртэл түүнийг хүлээн зөвшөөрч байв. Ингэж
цаст уулнаа цагаан бар явсан хүн нэг л өглөө “бацаануудад” жийгдэхээр
ямар л сайн байх билээ. Одоо түүний хүчтэй байх эсэх өөрийнх нь
байгуулсан МАХН-ыг Улсын Дээд шүүх хүлээн зөвшөөрөх үү, үгүй юү гэдгээс
шууд хамаарна. Нөгөө талаас нь харвал нэгэнт зориг шулуудаад ханцуй
шамлан боссон Н.Энхбаярыг шүүхээс гарах шийдвэрээс хамаараад номхон
зогсоох нь юу л бол доо. Хэн ч биш болохгүйн тулд тэр зүгээр суухгүй нь
лав. Өөрөөр хэлбэл, “МАХН гэсэн нэрийг өгөх хууль эрх зүйн боломж алга
байна” гэсэн шийдвэрийг Улсын дээд шүүхээс гаргалаа гэхэд Н.Энхбаяр ба
түүний нөхөд зохион байгуулалтын өөр хэлбэр сонгож болно. Нэгэнт л үзэл
бодол ярьж хоорондоо нэгдэж буй хүмүүс шүү дээ. Гэхдээ улс төрийн нам
байгуулах замаар эрх мэдэлд хүрэхийн тулд анхнаасаа л УИХ-ын 2012 оны
сонгуульд бэлтгэж, найдаж буй тэдний хувьд огт хамаагүй гэхэд өрөөсгөл
болох байх. Ялангуяа улс төрийн гайгүй шиг намаар дамжуулж ард түмнээс
санал авах нь Монголд хамгийн тохиромжтой хувилбар гэ¬дэг нь парламентын
хэд хэдэн удаагийн сонгуулиар нотлогдсон. Ийм тохиолдолд хүссэн ч, эс
хүссэн ч Н.Энхбаярын талынханд гу¬равдагч хүчний орон зай л тод
харагдаж байгаа.
өнгөрсөн хугацаанд орон зай нь огт хоосон байгаагүй гуравдагч хүчнийхэн
гэгддэг парламентын гаднах жижиг намуудынхан ч ойрд түүнд тал засаад
байгааг ч ойлгож ядах юмгүй. Монголын хамгийн олон гишүүнтэй нам байхад
нь МАН-ыг удирдаж, сайн муу бүхнийг өөртөө соронз шиг татаж чадсан
учраас Н.Энхбаярыг нэрийн хуудас гэж бодож байгаа хэрэг. Тийм биш гэж
хэн ч хэлэхгүй. Н.Энхбаяр ч дотроо нэгийг бодсондоо л өөрийнхөө хэдэн
жилийн өмнө ярьж явсныг хүртэл үгүйсгэж яриад, толгой дохиж суугаа юм.
Тэдэнд л тоогдохгүй бол түүнийг түших өөр хүн үлдэхгүй шүү дээ. Тийм
болохоор дээшээ харж хашгирснаас хажуудахаа өөртөө татвал ард түмнээс
арай өндөр оноо авна гэдгийг магадлал талаас нь тэр гэнэт бодсон байх.
Монголд
улс төрийн гуравдагч хүчин оршин тогтнож чадах уу. Ийм асуулт өнөөдөр
гэнэт гарч ирээгүй юм. Байж л байсан. Хариуг нь ард түмэн парламентын
хэд хэдэн сонгуулийн дүнгээр номон дээр байгаа онолын тодорхойлолтоос ч
илүү тодорхой хэлээд өгсөн. Харин ирэх сонгуулиар яах бол гэсэн эргэлзээ
гарч болзошгүй байна. Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг МАН-ынхан
АН-аас үл хамаарах байдлаар нээлттэй гэсэн халхавч дор одоогийн буюу
мажоритар хэв шинжээр нь баталбал зайлшгүй ийм асуулт хариулт нэхэж
таарна. Сонгогчид ИЗН, Ногоон нам болон түүний нэгэн адил гуравдугаар
эгнээнд байгаа улс төрийн хүчинд итгэл үзүүлдэггүй, УИХ-д ганцаас илүү
суудал авахуйц санал өгдөггүй гэвэл худлаа. Өнгөрсөн 2008 оны
сонгуулиар ИЗН, Ногоон намын нэр дэвшигчдийн цуглуулсан бүх саналыг
УИХ-ын суудлын тоотой харьцуулбал дор хаяж бүлэг байгуулах хэмжээний
суудал авчих байсан гэдэг. Үүн дээр иргэний хөдөлгөөн, бие даагчдын
авсан саналыг нийлүүлбэл өнөөгийн парламент дахь хүчний харьцаа арай өөр
байхаар дүр зураг төсөөлөгдөнө. Хэрэв сонгууль өнөөгийн мажоритар биш
пропорциональ хувилбараар явсан бол шүү дээ.
УИХ-ын гишүүн
С.Оюун, Д.Энхбат нар ардаа буй гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг үл
тоогоод улс төрөөс гарчихаж чаддаггүйн шалтгаан энэ юм. Өнөөгийн
сонгуулийн эрх зүйн орчин ийм л байна. Сонгогчдын санал парламентад
бодитой тусч чадахгүй, гээгддэг энэ байдал сонгуулийн мажоритар
тогтолцооны сул тал юм. Бас хоёрхон намын тогтолцоо руу шахдаг. Энэ нь
хүсэхээр зөв зүйл биш гэдгийг улстөрчид ярьцгаадаг. Тэгвэл ийм сул
талууд орогнохыг зөвшөөрдөг мажоритар тогтолцоог өөрчилж, пропорциональ
тогтолцоонд шилжиж байж улс төрийн орчныг цэвэрлэнэ гэдгийг мэддэг
улстөрчид маань өнөөдөр ярьснаасаа ухарч эхэллээ.Тэгэхээр Сонгуулийн
тухай хуулийг одоогийнхоос эрс өөрчилбөл Н.Энхбаяр нарт МАХН гэсэн
товчлолд найдахаас илүү бодитой боломж гарч ирнэ. Гэхдээ “Ноёнтой
заргалдвал толгойгүй” гэгчээр хаалга саваад гарч одсон түүнд ийм
боломжийг Ардын намынхан олгохгүй л болов уу. Аль болох тоглоомд
оролцуулахгүйг л хи¬чээнэ. Тэгэхээр намын нэр тойрсон маргаантай
асуудлаас гадна хэрүүлийн дараагийн сэдэв энэ хавиар байх нь. УИХ-ын
олонх гишүүн Сонгуулийн тухай хуулийг чамбай болгож, бэлэн мөнгөний
амлалт, мөнгө тараадаг байдлыг цэгцэлж, тойргийн хуваарилалтыг өөрчлөх
хэ¬рэгтэй гэж ярьж байгаа. Гэвч үүнийг хуульд нарийвчлан тусгах тусам
өөрсдийнхөө унах нүхийг ухна гэгч л болох байх. Тийм болохоор Н.Энхбаяр
нарын гуравдугаар эгнээнийхнээс болгоомжлох талаасаа бол Сонгуулийн
хуульд гар хүрэхгүй байсан нь Ардын намынханд ашиг¬тай байж болох юм.
Энэ тохиолдолд парламентын ирэх сонгуулиар гуравдагч хүчнийхэн
Н.Энхбаяраар фон хийгээд ч бас л шахагдаж мэднэ.
"Улс төрийн тойм" сонин