АНУ-ын “New York Times” сонины компани ирэх гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дэлхийн аль ч өнцгөөс тус сонины вебсайтад хандах хэрэглэгчдийг төлбөр төлөх журамтай болгосон тухайгаа албан ёсоор зарлалаа. 159 жилийн түүхтэй тус сонин уншигчиддаа сар бүр 20 нийтлэл, өдөр бүр шилдэг мэдээ мэдээллүүдийг үнэгүй унших боломжийг олгож байна. Харин дараа дараагийн мэдээ мэдээллийг уншихыг хүсвэл төлбөр төлөх ёстой ажээ.
Илүү дэлгэрэнгүй байдлаар New York Times-ийг вебсайтаас хүлээн авч уншихыг хүсвэл уншигчид хэвлэл захиалгын төлбөр төлөх зайлшгүй шаардлагатай юм. Гэхдээ захиалгын төлбөр тийм ч хямд биш байх юм. Хэрэв зөвхөн сайтаас мэдээлэл уншихыг хүсвэл сар тутам 15 ам.доллар, мобайл аппликэйшн болон сайтаас давхар мэдээлэл авахыг хүсвэл сар бүр 20 ам.доллар, сайт болон планшет аппликэйшнээс мэдээлэл авахыг хүсвэл сард 25 ам.долларыг тус тус төлөх ёстой болсон байна.
Б.Энхцэцэг