Зээ хүүгээ л цэргийн хүн болгоно доо

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Зээ хүүгээ л цэргийн хүн болгоно доо

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга асан, дэслэгч генерал, “Цэргийн андууд” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Тогоог “Ярилцах танхим”-даа урилаа.

-Танд “Монгол цэргийн өдөр”-ийн мэнд хүргэе. Та монгол цэргийн хамгийн том цолтой хүн. Иймд гурав­дугаар сарын 18-ны энэ өдөр олон сайхан зүйл ярина гэдэгт итгэж байна. Наад зах нь, та монгол цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох эх­лэлийг тавьсан шүү дээ?

-Баярлалаа. Монгол цэр­гийн өдөр бол зөвхөн офицер, генералуудын арга хэмжээ биш. Монгол эр хүн, Монголын бүх өрх гэрийг хамарсан баярын өдөр гэдэгт итгэж байна. Ийм өдөртэй болсонд би их баяртай байгаа. Манай цэргүүд ч НҮБ-ын энхийн ажиллагаанд оролцож, үүргээ чадамгай биелүүлж байна. Гадаадын мэр­гэжил нэгтнүүддээ монгол цэргийн мэргэжлийн ур чадвар, сахилга, зохион байгуулалтаа ха¬руулж, Монгол Улсынхаа нэр хүндийг асар өндөрт өргөх болсон нь бахархах сэтгэл төрүүлж байна. Бүгдэд нь Монгол цэргийн өдрийн мэнд хүргэе.

-Таныг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга байхдаа энэ ажлын эхлэлийг тавьсныг цэргийнхэн бүгд хүлээн зөвшөөрнө байх?

-Их сайхан аз завшаанаар миний үед хэрэгжиж эхэлсэн л дээ. Би 2002 оны аравдугаар сард Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилогдож байсан. Ажлаа авсны маань дараахан манайхаас хоёр хүн олон улсын ажиглагчаар явж байлаа. Хойтон жил нь Иракт цэрэг оруулах асуудлыг шийдвэрлэсэн.

-Тухайн үед галын шугам руу цэрэг явуулах эсэх тухай шийдвэр гаргахад хэцүү байсан уу?

-Амар байгаагүй нь ойлгомжтой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гарна. Засгийн газрын хурлаар хэлэлцэнэ. УИХ-аар зөвшилцөнө. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар гэхэд л хэд, хэдэн удаа орж байсан. Эхний удаад дэмжээгүй. Гэхдээ тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди их оновчтой шаардлага тавьсан.

-Ямар шаардлага тавьсан гэж?

-”Эрх зүйн үндэслэлийг нь сайн судал. Манай цэргүүд амь эрсдэх эрсдэлийг маш зөв тооцох хэрэгтэй. Гадаад хүчин зүйлүүдийг нарийвчлан тооц” гэж байсан. Орос, Хятадын ашиг сонирхол, манай улстай харилцах харилцаа, бодлогыг хүртэл тэнд тооцох хэрэгтэй болсон. Иракт очлоо гэхэд Америкийн цэргийн баазад байрлах уу, эсвэл НАТО-ийн орнуудтай хамтрах уу гэдгийг тооцоолж байлаа. Явж, явж Америкийн цэргийн баазад байрлах нь эрсдэл ихтэй юм байна. Иракийн ард түмэн тухайн үед Америкийг түрэмгийлэгч гэж үзэж байсан учраас халдлагын гол цэг тэдэн рүү чиглэнэ. Тийм болохоор АНУ-тай  шууд хамтраагүй орныг сонгох хэрэгтэй гэдэг шийдвэрт хүрч байлаа. Дараа нь гүйцэтгэх үүрэгт ямар хэлбэрээр оролцох вэ гэдгээ шийдэх хэрэгтэй болсон. Бидний тэр үед барьсан гол зарчим маань байлдааны ажиллагаанд оролцуулахгүй байх зарчим байлаа. Ямар ч тохиолдолд монгол цэргийн амь насыг хамгаалах ёстой гэж үзсэн. Ингээд удтал ярилцсны эцэст бүтээн байгуулалт, харуул хамгаалалт, эмнэлгийн тусламж үзүүлэх ажилд оролцуулахаар болсон.

-Удирдах албаныхныг нь сонгох гэж нэлээд их асуудал болж байсан гэж сонссон?

-Удирдах бүрэлдэхүүний тухайд яг ахлаад явуулчих хүн тухайн үед 5-6 л байсан.

-Монгол Улсын армийн хэмжээнд үү?

-Тийм ээ. Англи хэлний өндөр мэдлэгтэй, анги, нэгтгэлд ажилласан туршлагатай, удирдах түвшинд шийдвэр гаргах чадвартай байх гэсэн шаардлага тавьж байлаа. Тэр үед бид ярилцаж байгаад Баярмагнайг сонгосон. Энэ хүн үүргээ сайн биелүүлж, бригадын генерал цол хүртсэн.

-Хэдийгээр баярын өдөр ч танаас бодит байдлыг юу гэж дүгнэдгийг тань асуумаар байна. Олон улсын  энхийг сахиулах ажиллагаагаар Монголын армийг дэлхийн түвшинд хүрсэн гэж дүгнэвэл өрөөсгөл болно байх. Учир нь цэргийн алба хаагчид нь ямаршуухан ёс суртахуунтай хүмүүс байна вэ гэдэг маш том асуудал болоод байна шүү дээ?

-Зэвсэгт хүчний бүрэлдэхүүний нэг хэсэг болох хугацаат цэргийн алба хаагчдын тухайд олон бий. Яг үнэндээ боловсрол муутай, нийгмийн дундаж давхарга, дундаж давхаргаас доош түвшний амьдралтай айлын хүүхдүүд алба хааж байгаа нь үнэн. Аль нэг том компанийн захирлын хүүхэд, дарга, сайдын хүүхэд ирж байна уу, гэвэл үгүй. Энд асуудал их бий. Офицер, ахлагчдын тухайд дэлхийн түвшинд хүрэх асуудал бол боломжтой. Намайг ажиллаж байхад дэлхийн 20 гаруй оронд офицер, ахлагч нар суралцаж байсан. Сурах, сурахдаа цэргийн хөгжлийн дундаж түвшний улсад биш, хамгийн өндөр хөгжилтэй Америк, Орос, Герман, Хятад, Япон, Турк зэрэг оронд сургаж байсан. Одоо улам л нэмэгдсэн байх. Тэд дэлхийн цэргийн хөгжлийг онолын болон практикт дээд зэргийн түвшинд нь суралцдаг. Мөн дээрх улсуудтай хамтарсан сургуулилтыг маш их хийж байгаа. Тэгэхээр боловсон хүчний хувьд дэлхийн түвшинд хүрсэн гэж үзэж болно.

-Та “Намайг ажиллаж байхад” гэлээ. Энэ үгнээс дөрөөлөөд асуухад та өнөөдөр армийг гаднаас нь харж байна уу. Аль эсвэл ажлаа өгч, тодорхой албан тушаал хашаагүй байгаа ч цэргийн хүн гэдэг мөн чанараараа дотроос нь ажиглаж байгаа юу?

-Одоо би дотор нь байхгүй байна. Гаднаас нь харж байна. Миний хийж байсан ажил үргэлжилж, чанар чансаа нь улам сайжирч байгаад  баяртай байдаг.

-Цэргийн хүмүүс чөлөөнд гарсан ч цаг үргэлж армид татагддаг гэж ярьдаг. Таныг ч бас гадна талд нь шууд гарчихаагүй болов уу гэж бодож байна?

-Би сургууль төгсөөд Зүүнбаяны цэргийн ангид томилогдож байсан. Тэр үеэс хойш 32 жил армид ажиллалаа. Миний амьдрал яалт ч үгүй армитай холбоотой. Хөдөөнөөс анх хот руу цэргийн сургуульд таньж мэдэх ганц ч хүнгүй хүүхэд ирж байлаа. Эхний үедээ буцах тухай бас бодно оо. Сургууль төгсөх болоход манай Өвөрхангайгаас зургаан хүүхэд ирсний хоёр нь үлдсэн байсан. Танилтай, талтай хүүхдүүд нь хоёрдугаар курсээсээ бүгд гарчихаж байсан юм. Дөрвөн жилийн турш байнга казармд хонож, өглөө зургаан цагт босоод л бэлтгэл сургуулилт хийнэ. Хүний тэсвэр хатуужил алдрах хүнд хэцүү үе олон. Тэр бүхнийг тэсч байж л цэргийн дарга болдог юм.Иймд гадаа нь байгаа гэлтгүй ажиглаж, харж, баярлаж, бахдаж яваа. “Хааны алба халаатай. Эзний алба ээлжтэй” гэсэн үг байдаг. Би Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар долоон жил ажилласан. Энэ бол урт хугацаа. Ажлаа өгөх ёстой үед нь өгсөн. Өгөхдөө нэртэй, хүндтэй өглөө. Дараагийн хүмүүс нь боломжийн удирдаж байна. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга гэдэг бол цэргийн хүний хашиж болох хамгийн том алба. Би энэ албыг хашсан. Хамгийн том цолыг нь авсан. Дэслэгч генералын дээр генерал цол байдаг. Гэхдээ энэ цолыг тайван цагт олгохгүй л дээ. Зөвхөн дайн, эсвэл онцгой хямралын үед гүйцэтгэсэн үүргийг үнэлж өгөх цол. Тэгэхээр дэслэгч генерал бол тайван цагийн хамгийн дээд цол нь.

-Манайд хэр олон дэслэгч генерал байдаг вэ?

-Монголд 18 дэслэгч генерал байдаг.

-Та хэдэн онд авч байлаа?

-2005 онд. Хошууч генерал цолыг 2002 онд авч байсан. Тэр үед Монголын зэвсэгт хүчний түүхэнд шинэ үе эхэлж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн үе. Би их сайн үе, үеийн багтай ажилласан. Энэ хугацаанд гурван Ерөнхийлөгчтэй ажиллаж үзсэн байдаг юм.

-Батлан хамгаалахын сайдын хувьд олон тоо гарах байх даа?

-Бараг найман сайд байсан байх шүү. Бүгд л дэмжиж ажилласан. Улстөрчид мэдээж цэргийн хэлийг мэдэхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр тэдэнд их зөв ойлгуулж байх ёстой байдаг юм билээ.

-Цэргийнхэн цол нэмэхээрээ сэтгэл хөдлөлөө нэг их илэрхийлээд байдаггүй. Генера­луудын хувьд бол бүр ч үгүй. “Эх орны төлөө зүтгэе” гэсэн уриагаа  хэлээд л ёсолдог. Таны хувьд баярласан, догдолсон сэтгэгдлээ дотроо үлдээхийг чухалчилдаг уу. Ерөнхийдөө генералуудын арга барил төстэй байдаг байх л даа?

-Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар анх томилогдоход албан тушаалын томилгоог дагаад хошууч генерал цолыг шууд олгосон. Тэр үед хамт ажилладаг хүмүүс маань бас “Яагаад баярлахгүй байгаа юм бэ” гэж хэлсэн удаатай.

-Та тэдэнд ямар хариулт өгсөн бэ?

-Тухайн үед намайг тэр ажлыг хийж чадах эсэхэд эргэлзсэн хүмүүс байгааг би мэдэрч байсан. Би энэ тухай тэр үед бодсон юм. Тэгээд “Би энэ ажлыг яаж сайн хийх вэ” гэдгээ л бодсон. Мэдээж дотроо баярлалгүй яах вэ. Харин дэслэгч генерал цол хүртэхдээ би их баярласан.Цэргийнхэн “Энэ хүн ажлаа хийж чадсан. Монголын цэргийн түүхэнд шинэ хуудас нээсэн” гэж хүлээн зөвшөөрч байсан учраас дахин, дахин л баярлалаа гэж хэлмээр санагдаж байсан.

-Генералууд ер нь нэгдсэн зохион байгуулалтаар уулзаж байна уу?

-Уулзана аа. Ирэх сард Генералуудын өдөр болно. Тэр өдөр уулзаж, санал бодлоо солилцоно. Би бас нэг зүйл боддог юм.

-Юуг?

-Өөрийгөө зэвсэгт хүчинд өртэй хүн гэж боддог. Энэ газрын буянаар 10 гаруй жил сурсан. Энх цагт авч болох хамгийн дээд цолыг нь авлаа. Батлан хамгаалахын дэд сайд, Жанжин штабын даргыг нь хийлээ. Иймд өөрт ямар боломж байна вэ тэр боломжоороо салбарынхандаа туслах ёстой гэж боддог. Тийм ч учраас “Цэргийн андууд” ТББ байгуулан ажлаа эхэлсэн.

-Гишүүнчлэл нь хэр өргөн хүрээг хамарч байгаа вэ?

-Заавал сайд байсан, генерал хүн орох ёстой гэсэн юм байхгүй. Цэргийн алба хаасан, ахлагч байсан хэн ч орж болно. Бүгдийг нь хамруулна. Энэ тухай сонссон хүмүүс бидэнтэй холбогдож байна. Гурван сая төгрөг, гурван мянган төгрөг ч хандивлаж байна. Арав гаруй байгууллага хандив өргөлөө. Манай цэргийнхэн дунд айлын хашаанд гэр түрээсэлж амьдардаг хүн байна. Тэдэндээ тусална. Батлан хамгаалах яамнаас асар их дэмжлэг үзүүлж байгаа. Гэхдээ бүх хүнийг хамруулахад хэцүү. Иймд тэр хүмүүст тусална. Гадаадын олон байгууллага, генералуудтай хамтран ажиллаж байна. Өмнөд Солонгост “Генералуудын клуб” гэж их сайхан байгууллага байдаг юм байна. Сардаа нэг уулзаж, гэр бүлээрээ найзалж, чөлөөт цагаа өнгөрүүлэхийн зэрэгцээ нийгэмд хандсан олон арга хэмжээ явуулдаг. Тэгэхээр энэ төрийн бус байгууллагаараа дамжуулж гадаад дахь боломжоо ашиглана.

-Гадаад дахь боломж гэхээр ямар боломж байх вэ?

-Генералуудын клубууд, генералуудын байгуулсан төрийн бус байгууллага, цэргээс чөлөөнд гарсан хүмүүсийг хамруулдаг амралт, сувиллын сүлжээ, ар гэрийнхнийг нь хамруулсан, үр хүүхдийг нь дэмжих зорилготой сан гэж бий. Тэр бүхэнтэй хамтарна. Манай цэргийнхэн харьцангуй залуугаараа тэтгэвэрт гардаг болохоор эрт ажилгүй болчихдог. Олдсон ажил нь хар борхон ажил байдаг. Тэдэндээ эхнээс нь боломжийн аятайхан ажил олж өгч эхлээд байгаа.

-Ажлын эхний үр дүн гарч байна уу?

-Өнгөрсөн жил гэхэд Өмнөд Солонгосын генералуудтай хамт¬раад зуданд нэрвэгдсэн аймгууд руу 20-оод машин тусламжийн цуваа хүргэж өгсөн. Удахгүй хоёр контейнер ачаа ирнэ. Түүнийгээ тарааж өгнө. Орос, Америк, Өмнөд Солонгосоос эмнэлэг, сургалтын тоног төхөөрөмж оруулж ирэхээр судалгаа хийж байна. Гадныхнаар болж өгвөл жижигхэн ч гэсэн эмнэлэг бариулчих санаатай байна. МУИС-ийн тэргүүний оюутнуудад найз нөхөдтэйгээ нийлээд 600 ам.долларын тэтгэлэг олгодог болсон. Онц байдлын чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Манайд гал унтраах орчин үеийн хоёр багаж байхад л их том тус болно доо. Иймэрхүү санаачилга гаргаад ажиллаж байна. Хөдөө явж байхад бас их сайхан санагдсан. Хөдөөгийнхөн “Тогоо генерал мөн, биш” гэж хоорондоо маргалдаж байгаад л ирж асуух юм. Цэргийн алба хүнд их өгөөж би боддог.

-Та цэргийн хүн гэдэг утгаараа тушаах, захирах хандлагаас зайлсхийхгүй биз?

-Манайд нэг үе цэргийн хүн гэхээр л тушаах, захирах гэдэг ойлголт байдаг байсан. Одоо бол өөр шүү. Би Америкт хэсэг хугацаанд суралцаад дундуур нь энд хувийн хэвшилд ажиллаж, барууны орнуудаар нэлээд явахдаа “Хүнд ер нь тушаах, албадах бус өөрийнх нь хүсэл сонирхлыг төрүүлж байж ажиллуулах юм байна” гэж бодож байсан.

Тэр арга барил маань ч бас үр дүнгээ өгсөн гэж боддог. Гэхдээ ч цэргийн цол гэдэг хатуу л даа. Би өөрийнхөө дарга байсан хүмүүсээс одоо ч эмээнэ.  Дэслэгч генерал ч гэсэн намайг удирдаж байсан хошууч цолтой даргаасаа ч гэсэн эмээнэ ээ, бас.

-Танай гэрээс цэргийн хүн “төрж” байна уу?

-Манайх хоёр охинтой. Тэд маань өөр салбарынх. Харин мундаг зээ хүү бий. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын англи хэлний олимпиадад оролцож, долдугаар ангийнхан дундаасаа гуравдугаар байрт орж, хүрэл медаль хүртсэн. Түүндээ л би “Цэргийн хүн болоодохооч” гэж хэлээд байгаа. Одоохондоо хүүхэд юм болохоор эмч болно, энэ тэр гээд байна лээ. Эхнэр бид хоёр багаас нь цэргийн хүн болгочих сонирхолтой байгаа. Манайхаас хүүхдүүдийг Орос руу Суваровын сургуульд явуулах гэж байгаа. Тийш нь явуулах гээд одооноос хандлагыг нь тодорхойлчих санаатай л байна.

-Амьхандаа эвийг нь олж  байгаад  зүтгүүлчих гээд байгаа өвөө бололтой, та?

-Тийм ээ. Ирэх жилээс явуулчих санаатай. Ер нь манай найз нар ч гэсэн хүүхдийг багаас нь хатуужилтай болгож өсгөх хэрэгтэй гэж ярьдаг.

-Эмчийн хүүхэд эмч болдог гэдэгтэй адил цэргийн хүний хүүхэд бас мэргэжлийг нь өвлөх хандлага их байх шиг байдаг?

-Тэр тийм шүү. Анх 1990-ээд оны үед ганзагын наймаа ихсэхтэй зэрэгцээд цэргээс олон офицер гарсан. Тэнд үлдсэн хүмүүсийн олонхи нь удам дамжсан цэргийн хүний хүүхдүүд байсан.

-Танай гэр бүлийн хүн тантай хамт зээгээ цэргийн хүн болгох гээд “балиашиглаад” байгаа хэрэг үү?

-Тэгнэ ээ, хоёулаа санал нэгдэж байгаа. Манай эхнэр цэргийн хүний хүүхэд. Аав нь Б.Ёндон гэж хилийн цэргийн хурандаа хүн бий. Уржигдар орой манайд ирж цэргийн баярын мэнд хүргээд явсан. Одоо 86-87-той сайхан хурандаа бий. Манайхан уг нь цэргийн баяраар гэрт нь очдог л доо. Харин уржигдар өөрөө хүрээд ирэхээр нь манай авгай гайхаж байснаа “Одоо л учрыг нь ойлголоо. Генерал дээр хурандаа ирж байгаа юм байна шүү дээ” гээд байна лээ. Аав нь хилийн цэргийн хүн болохоор манай эхнэр цэргийн амьдрал сайн мэднэ. Тэдний найман хүүхэд найман өөр газар төрсөн байдаг юм. Манай эхнэр гэхэд Баян-Өлгий аймгийн Баяннуурт төрсөн. Аав маань найман хүүхдийнхээ хоёрыг нь өөрөө эх барьж авсан хүн. Тэр үед хил дээр эмч байхгүй. Аймгаас ирэх гэсээр их удна. Тэгээд л өөрөө эх барьж авах хэрэгтэй болно.

-Аав нь таны дарга байсан юм уу?

-Үгүй ээ, хүмүүс намайг сайдын охинтой суусан гэж нэг үе андуурдаг байсан юм. Тэр үед Ёндон гэж сайд байсан болохоор тэр л дээ.

-Та нэг хэсэг Улсын  мэргэж­лийн хяналтын ерөнхий газарт зөвлөх хийж байсан. Өмнө нь байнга дүрэмт хувцастай явдаг байсан таныг энгийн хувцастай харахаар олон хүн нэг л таньж ядаад байх шиг санагдсан?

-Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газарт болж л өгвөл үндэсний аюулгүй байдлаар мэргэшсэн, стратегийн бодлогын хүн байвал их хэрэгтэй санагдсан. Тэнд хүний амь нас, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах олон чухал үүрэг оногддог газар. Тийм болохоор хойшдоо энэ талд нь анхаарах ёстой юм болов уу гэж бодсон. Нэг жил сайхан хамт олонтой ажилласан.

-Таныг НҮБ-д ажил¬лана   гэж сонссон?

-НҮБ-ын дэргэдэх манай     байнгын төлөөлөгчийн газарт цэргийн зөвлөхөөр ажиллах гэж байсан. Яг явах бэлтгэлээ хангаад байтал манай эхнэрийн бие муудсан. Хугацаа нь тулсан ч эмчилгээ нь дуусаагүй байсан болохоор “Уучлаарай” гэж хэлээд л больсон. Надад энэ саналыг Батлан хамгаалахын сайд Л.Болд тавьсан. Би тэр хүнд баярлалаа гэж хэлэх ёстой. Зэвсэгт хүчний жанжин штабын одоогийн дарга ч бас “Тэр хүн өөрөө очиход л манай улсын нэр хүндийг өргөөд өгнө” гэж хэлсэн. Тэдэнд их баярладаг. Гэсэн ч өвчин зовлонг яаж ч болохгүй шүү дээ.

-Цэргийн хүнийг аль нэг намд элсэхийг хориглодог байх аа. Таныг Ардын намын Бага хурал дээр харсан юм байна?

-Тийм ээ. Би цэргийн алба¬наасаа гарчихсан учраас намын гишүүнчлэлээ сэргээсэн.

-Ардын намын журамт цэргүүдийг жинхэнэ утгаар нь манлайлах нь дээ. Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй хамт?

-У.Хүрэлсүх дарга миний шавь. Оюутан байхдаа олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог хүүхэд байсан. Тэдний үеийнхэн ер нь их сайн төгсөгчид байсан.

-Цаашид та “Цэргийн андууд” төрийн бус байгууллагадаа гол анхаарлаа хандуулах уу?

-Тэгнэ дээ. Хажуугаар нь олон ажил амжуулах хэрэгтэй. Ном бичнэ. Лекц уншина. Зөвлөх хийнэ гээд л.

-Эцэст нь танаас улс төрд орох сонирхолтой байгаа эсэхийг тань тодруулмаар байна?

-Одоогоор бол бодсон зүйл алга. Гэхдээ улс төрд цэрэг, арми мэддэг төлөөлөл байх ёстой гэж боддог.
                           

                                    Г.Отгонжаргал


                                              Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж