Япончууд нярайн тасгийнханд тусаллаа

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Япончууд нярайн тасгийнханд тусаллаа

Байгалийн гамшигт үзэгдлүүд ар араасаа дараалснаас арлын Япон оронд олон мянган хүн сүйдэж, дэлхий нийтийн анхаарал тэнд төвлөрч байна. Гэвч яг энэ өдрүүдэд Японы Засгийн газар болон иргэдийнх нь сайн санааны байгууллагууд Монголд хэрэгжүүлжүүлж буй төсөл хөтөлбөр, хандив, тусламжаа үргэлжлүүлсээр  байгаа нь хүндэтгэл төрүүлж байна. Үүний нэг илрэл болж, Япон дахь “Зориг сан”-гийн тэргүүн ноён Ёшизаки Сэйки, Хитоши Тода нарын төлөөлөгчтэй япон иргэд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн Нярайн эрчимт эмчилгээний тасагт дуслын автомат шахуурга бэлгэлсэн юм. Өмнө нь тэд нярайн инкубаторууд хүлээлгэн өгч байсан бол энэ удаад нэг нь бүр нь 4.5 сая төгрөгийн үнэтэй дуслын автомат шахуурга 10-ыг нийлүүлэхээр болжээ. Өчигдөр эдгээр хэрэгслийн түрүүчийг эмч нарт хүлээлгэн өглөө.

Өнөөдрийн байдлаар Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн нярайн эрчимт эмчилгээний тасагт 12 нярай хэвтэн эмчлүүлж байна. Энэ онд төрсөн хамгийн бага жинтэй нярай 700 грамм төрсөн бөгөөд эмч нар одоо хэвийн бойжиж буй аж. Мөн амьсгалын замын халдварт өвчин, зүрхний дутагдал, гэдэсний өрөвсөлтэй зэрэг үхэл, амьдралын заагт буй нярай хүүхдүүд дээрх тасагт эмчлүүлж байна. Тэдний ихэнх нь жиндээ хүрэхгүй дутуу төрсөн нярай. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө гэж эмч нар томьёолдог байсан бол сүүлийн үед эрүүл гэр бүлээс эрүүл хүүхэд төрнө гэж эмч нар үзэх болжээ. Учир нь нярайн дутуу төрөлт, өвчлөлд эхийн биеийн байдлаас гадна нийгэм, орчны хүчин зүйлс ихээр нөлөөлөх болсон байна. 2007 оны байдалтай харьцуулахад төрөлхийн гажигтай нярайн төрөлт сүүлийн хоёр жил ихэссэн гэж ЭНЭШТ-ийн эмч нар өгүүлсэн юм.

Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасгийн эмч, мэргэжилтнүүдэд шаардлагатай багаж, хэрэгсэл олон ч тэдгээр нь өндөр үнэтэй, улсын төсвөөс тэр бүр хөрөнгө оруулалт хийдэггүй учраас хангамж тааруу байдаг аж. Ийм учраас Япон дахь “Зориг сан”-гийн хамт олон нярайн тасгийнханд туслахаар сонгож авчээ.
Япончуудын энэ тусламж эрчимт эмчилгээний тасгийн хүүхдүүдийн амийг аварч байгаагаас ялгаагүй чухал зүйл гэдгийг ЭНЭШТ-ийн эмч нар онцолсон бол ноён Ёшизаки Сэйки “Бидний энэ үйл ажиллагаа хүүхдүүдэд бага ч гэсэн нэмэр болж буйд их баяртай байна” гэсэн юм.

Нярайд нэг удаа 20 мл шингэн дуслыг хийхийн тулд 24 цаг шаардагддаг ба ийм урт хугацаагаар дуслын систем залгах боломж байдаггүй аж. Тэгвэл автомат төхөөрөмж нь энэ эмчилгээг маш их хөнгөвчилдөг гэж эмч нар тайлбарласан юм. ЭНЭШТ-ийн нярайн эрчимт эмчилгээний тасагт одоогоор дуслын автомат шахуурга 13 ширхэг байдаг гэнэ. Гэвч нэг нярайн эмчилгээнд 4-5 ийм аппатарт шаардагддаг байна. “Манайд энэ төхөөрөмж хүрэлцээ муутайгаас болоод нэг тариаг хийж дууссаны дараа нөгөөг нь хийхээс өөр аргагүй байдаг. Уг нь нэг хүүхдийн эмчилгээнд хэрэглэж байгаа бүх төрлийн тариаг өөр өөр дуслын аппаратаар зэрэг хийх ёстой. Бидэнд тусалж байгаа Зориг сан болон Японы төлөөлөгчид талархаж байгаагаа дамжуулья” гэж тус эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасгийн эмч С.Энхтуяа ярьсан юм.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж