“Эрдэнэт” үйлдвэр 350 сая төгрөг хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт” үйлдвэр 350 сая төгрөг хандивлалаа

Зууны манлай бүтээн байгуулалт, дэлхийн шилдэг аж ахуйн нэгж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Бат-Энх Япон улсын ард түмэнд тусалсан хандивыг тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдад өнөөдөр гардуулан өглөө.

Япон улсад болсон газар хөдлөлт, цунамийн улмаас олон хүний эрдэнэт амь нас эрсдэж, их хэмжээний хохирол учирсанд “Эрдэнэт” үйлдвэрийн 6000 гаруй ажиллагсадтай бүтээлч хамт олон гүнээ эмгэнэл илэрхийлж байгааг энэ үеэр хэллээ. Японы хөдөлмөрч хичээнгүй ард түмэн манай орны хүнд хэцүү үед байнга чин сэтгэлийн тус дэм үзүүлж байсан. Одоо ч үзүүлсээр байгааг “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Бат-Энх тэмдэглэн хэллээ. Тус үйлдвэрийг дагаж боссон Орхон аймагт сүүлийн хэдэн жилд ерөнхий боловсролын долоон сургууль барьж өгсөн байна. Монголчуудад “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн сайхан үг байдаг. “Эрдэнэт” үйлдвэр Японы ард түмний энэ хүнд үед сэтгэл санааны дэмжлэг болгон ажилтан албан хаагчдын цалингийн сангаас 350 сая төгрөгийг хандив болгон өгч байгаа юм. Японы ард түмэн байгалийн хүндрэл бэрхшээлийн хохирлыг богино хугацаанд зориг тэвчээртэйгээр даван туулна гэдэгт “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон итгэлтэй байгаагаа илэрхийллээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж