Японы “Чернобылийн” үнэнийг нууж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Японы “Чернобылийн” үнэнийг нууж байна

Японы эрх баригчид гуравдугаар блокт гарсан дэлбэрэлтийн дараа АЦС-ын орчимд цацраг идэвхт бодисын бохирдол өмнөх хэмжээндээ байна гэсэн юм. Харин америкчууд мэдэгдэхдээ АНУ-ын Тэнгисийн флотын “Рональд Рейган” гэдэг нисэх онгоц тээгч хөлгийн баг цацраг туяат мананцрыг дамжин өнгөрөхдөө цагийн дотор цацраг туяаны хэмжээг авсан гэлээ. Тэр бохирдол амь насанд аюулгүй ч ирээдүйд эрүүл мэндийн асуудал гаргахаар байгаа гэнэ.
 
АСЦ дахь дэлбэрэлтүүд
“Фүкүшима-1” станцын нэгдүгээр блокт дэлбэрэлт гуравдугаар сарын 12-нд гарсан билээ. Токиогийн мэдэгдлээр хуримтлагдсан устөрөгч дэлбэрчээ. Энэ үеэр агаар мандалд цацраг идэвхт цезий хаягдсан гэж шинжээчид ярьж байна. Байгаа мэдээгээр бол хэд хэдэн хүн туяанд цохиулжээ.  Гуравдугаар сарын 14-нд АЦС-ын гуравдугаар тогоонд хоёр удаа ч устөрөгч дэлбэрэв. Цөмийн тогоо өөрөө гэмтээгүй бөгөөд хамгаалалтын гадарга нь цохилтыг хаажээ. Дэлбэрэлтээр 11 хүн хэлмэгдсэн байна. Энэ удаагийн ослыг хэмжих багажуудын доголдол гарсан гэнэ. Тэнд ажиллаж байсан мэргэжилтнүүд дүгнэснээр хэмжих багаж ус төрөгчийн хуримтлалыг буруу үзүүлснээс шинэ дэлбэрэлт үүссэн байна.  

Японоос ирж буй зөрөлдөөнтэй мэдээлэл
Өдрийн турш “Фүкүшима-1” станцын байдлын талаар зөрөлдөөнтэй мэдээлэл ирж байв. Эхлээд хөргөлтийн бүх систем ажиллагаагүй боллоо гэв. Гурав дахь дэлбэрэлт хэзээ хэзээгүй гарахаар байлаа. Хөргөх ус ихээхэн халснаас цөмийн түлшний савханцар нэг хэсэг хөргөлтгүй үлдсэн байна. Тэр нь хэт халаалтад хүргэж цацраг идэвхт бодисын хаягдлыг гаргаж магадгүй болов.

Tokyo Electric Power компанийн мэргэжилтнүүд усны савыг далайн усаар дүүргэхээр шидсэн байлаа. Дараа нь тогоон дахь усны төвшин нэмэгдэж буйг мэдээлж эхлэв. Дахиад л Японы хэвлэл хоёрдугаар ослын блокт түлш 2,5 цаг хөргөлтгүй байна гэж түгшүүр дэлдэж эхэлсэн байлаа.
Үүний хажуугаар Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юкио Эдано мэдээлэл хийж станцын гурван блокт цөмийн түлшний хайлалт гарсан бололтой гэв. “Хайлалтын магадлал өндөр байна. Гурван блокт тэр магадлал адилхан. Бид нарийн хяналттай байгаа. Цацраг туяа хүмүүст нөлөөлнө гэсэн магадлал байхгүй” гэж тэр хэлсэн байлаа.
“Фүкүшима-2” станцад хөргөлтийн систе­мийн доголдол бас байгаа юм. Гэсэн ч япончууд тэнд хоёр тогоог хөргөөн зогсоож чадсан байна. Хоёр станцад онц байдлын дэглэмтэй байгаа.

Чернобылийн айдас
“Японы Чернобыль” нэр авсан “Фүкүшима” станцуудын ослын талаар эрдэмтэд яаран муугаар мэдээлэхийг хүсэхгүй байна. Чернобылийн ослын дараа цацраг идэвхт бодисын хаягдал шууд агаарт тархсан юм. Харин Японы станцуудад цацраг идэвхт бодисыг хуримтлуулан консервлах системтэй. Гэсэн ч тэндхийн байдлыг ерөнхий сайд Наото Кан  түгшүүртэй гэж нэрлэсэн юм. Ер нь Японы өнөөгийн хямрал нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн ноцтой нь гэж тэр хэлжээ.
Оросын мэргэжилтнүүд  эдгээр станцуудад юу болж байгаатай танилцахаар Японд ирсэн байна. Франц, АНУ-ын эрдэмтэд ч Японд очжээ. Америкчууд гэмтсэн байгууламжуудад цацрагийн бохирдол жил гаруй үргэлжилнэ гэдгийг санууллаа. Тэд ирсэн даруйдаа япончуудтай мэдээлэл солилцон амралтын өдрийн турш ярилцжээ. “Байдлыг хамгийн сайнаар төсөөлөхөд ойрын хугацаанд энэ байдал үргэлжилнэ” гэж тэд хэлсэн байв.
Хүрээлэн буй орчинд хор хөнөөл улам бүр нэмэгдсээр байна. Станцаас 60 милийн цаана цацраг идэвхт бодисын бохирдол гарсан нь үүнийг гэрчилнэ. Тэндээс цезий-137, ба йод-121 илрээд байна. Тогооны хөргөлтийг хийхийн тулд цахилгаан хангамжийг сайжруулах хэрэгтэй. Одоогоор гал сөнөөгчийн насосоор тогоог хөргөж байгаа нь ямар үр дүнтэйг хэлэх аргагүй болгож буй.
Энэ үед газар хөдлөлт үргэлжилж байна. Өчигдөр Хонсю арлын төвд 5,2 баллын эрчтэй чичирхийлэл, өмнө нь 6,2 баллын чичирхийлэл болсон. Японы цаг уурчдын мэдээгээр 7 баллын магнитудтай газар хөдлөлт долоо хоногийн эцэс рүү гарах магадлал 70 хувьтай байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж