Япон улсаас 60 сая ам.долларын зээл авна

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Япон улсаас 60 сая ам.долларын зээл авна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга өчигдөр ажлаа тайлагналаа. УИХ-ын намрын чуулганы хугацаанд тус байнгын хороо нь 17 удаа хуралдаж, давхардсан тоогоор 29 асуудлыг хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, батлуулжээ. Эдгээрийн дотор санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулах тухай асуудал багагүй хувийг эзэлсэн байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн нэмэлт Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталснаар авто замуудыг шинэчлэх болж буй юм. Нийтдээ 4.5 сая еврогийн санхүүжилттэй энэхүү төслийн хөрөнгөөр Улаанбаатар-Дархан-Уул-Алтанбулаг чиглэлийн замаас салаалан Төв аймгийн Борнуур сум хүртэлх 7.45 км, Жаргалант сумын чиглэлийн 24.72 км хуучин асфальто-бетон хучилттай замыг шинэчилнэ. Авто замыг шинэчилснээр Улаанбаатар хотын хүн амыг дотооддоо үйлдвэрлэсэн баталгаатай хүнсээр хангах боломж бүрдэнэ гэж үзсэн юм. Харин зээлийн нөхцлийн хувьд хугацаа нь 40 жил, жилийн хүү нь 0.75 хувь байна.

Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хам­гаалах хоёр үе шаттай зээл”-ийн төслийн хоёр дахь шатны Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулснаар Монгол Улс Япон улсаас 60 сая ам.долларыг 40 жилийн хугацаатай, жилийн 0.6 хувийн хүүтэйгээр авна. Зээлийн нөхцөлд заасны дагуу манай тал 45 сая ам.долларыг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, 10 сая ам.долларыг байгаль хамгаалах үүн дотроо Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах учиртай. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийн санхүүжилтийн хэлэл­цээрийг соёрхон баталснаар Замын-Үүд өртөөнд бүс нутгийн ложистикийн төв байгуулах юм. Нийт 71.6 сая ам.долларын хөрөнгөөр уг төвийг байгуулахаар төлөвлөсөн. Үүний 31 сая ам.долларыг Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй нөхцлөөр авах юм. Харин үлдэж байгаа хөрөнгийг Засгийн газар гаргана. Ложистикийн төв байгуулс­наар Замын-Үүд өртөөнд төвлөрдөг ачаа эргэлтийг цаг алдалгүй, ачиж буулган, шилжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж буй.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос боловсруулсан хамгийн чухал хуульд Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг нэрлэж байна. Уг нь дээрх хуулийг 1994 онд баталж байсан түүхтэй. Түүнд Монгол Улс олон оронтой харилцаа тогтоож, гадаадын хөрөнгө оруулалтыг олноор татахад чиглэсэн заалтуудыг түлхүү тусгасан. Ингэснээр хууль түүхэн үүргээ гүйцэтгэж, Монгол Улсын гадаад харилцааг өнөөгийн төвшинд хүргэхэд чухал алхам хийсэн гэж үзэж байна. Гэхдээ цаг хугацааны эргэлтэд зарим зүйлийг өөрчлөх шаардлагатай болсон тул уг хуулийг УИХ-ын намрын чуулганаар шинэчлэн баталсан. Түүнд Монгол Улс эдийн засгийн ашиг хонжоо хайхаас илүүтэй, үндэсний аюулгүй байдлаа чухалчлан авч үзэх ёстойг голлон зааж өгчээ. Мөн гадаад улсад амьдарч буй монгол иргэдийг хамгаалах тухай хэд, хэдэн заалтыг тусгаж өгсөн тухай байнгын хорооны дарга онцоллоо.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж