Цэрэг эрсийг бэлтгэдэг их сургууль

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Цэрэг эрсийг бэлтгэдэг их сургууль

Бусад улсын цэргийн салбарынхан болон
НҮБ-ын удирдлагуудад эн­хийг сахиулах ажиллагаанд үүрэг гүй­цэтгэх
явцдаа эр зориг, тэсвэр хатуужлыг харуулж, тэдгээрээс тус­гай­лан баяр
хүргэж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хү­сэлт тавьж буй
талаар сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдах бол­сон. Энэхүү сайн мэдээ,
баяр та­лархлыг салбарын удирдлагууд сонс­дог. Яг энэ бүтээгдэхүүнийг
ний­­­лүүлж байгаа газар бол Батлан хамгаалах их сургууль мөнөөсөө мөн.
Энхийг сахиулах ажиллагаанд энэ сургуулийг төгсөгчид дийлэнх хувийг
эзэлж байгаа нь мэдээж. Тус сургуулийн сургалт, үйл ажиллагаа үнэхээр
дэлхийн бу­сад орнуудын цэргийн стандарт төв­шинд хүрэхүйц хэмжээнд
нөлөөлсөн зэргийг со­нирхох зорилгоор өчигдөр Батлан хамгаалах их
сургуулийг зорилоо. Тус сургуулийн гадна хаалгаар хөл тавихад  л харуулд
зогсох цэрэг, нэг хичээлийн байрнаас нөгөө хичээлийн байрны хооронд
дүрэмт хувцсаар ижилдэн сүлжих сонсогчид, төв талбайд жагсаалын үзлэгт
бэлтгэх офицер ахлагчид гээд бүгд заасан дүрэм журам, эмх цэгцтэй байдал
анзаарагдаж байв. 1921 оны Ардын хувьсгалтай нас чацуу тус сургуульд
өнөөдрийн байдлаар 3500 гаруй оюутан суралцаж, ойролцоогоор 30 гаруй
мянган цэргийн албан хаагчийг бэлтгэн гаргасан аж. Монгол цэргийн өдөр
тохиож буйтай холбоотойгоор тус сургуулийн багш, сонсогчдийн хувьд хөл
хөдөлгөөн ихтэй байсан юм. Сүхбаатарын талбай дээрх цэргийн жагсаал,
хүндэтгэлийн үлээвэр найрал хөгжим, баярын туяат тоо, марш шоу гэх бүхий
л арга хэмжээг зохион байгуулах үүргийг энэ сургуулийнханд даалгасан
болохоор зав чөлөө багатай байхаас аргагүй. Батлан хамгаалах их
сургуулийн нэгдүгээр дамжааны сонсогч Б-г хоргоон байж, хэд гурван үг
“унагалаа”.

-Яагаад заавал энэ сургуулийг сонгон суралцаж байгаа вэ?

-Цэргийн албан хаагч гэдэг жинхэнэ эрх хүн байдгийг ойр дотнын хүмүүсээс сонсож байсан нь энэ сургуульд суралцахад нөлөөлсөн.

-Ихэнх тохиолдолд ар гэрийнхэн нь цэргийн хүний хүүхдүүд өв
залгамжлах маягаар энэ сургуульд суралцдаг юм билээ. Өөрөө цэргийн албан
хаагчийн хүүхэд үү?

-Үгүй ээ. Сонирхлоороо л шалгалт өгч орсон.

-Энэ сургуульд орсноор хамгийн эхний ээлжинд юуг сурав аа?

-Хүний хэлсэн үг даах, тэвчээр гэдгийг л эхний ээлжинд суралцдаг юм
байна. Төгсөх хүртлээ их юмыг сурч, жинхэнэ цэргийн албан хаагч болно
доо. Аливаа улсын үндэсний аюулгүй байдлыг тухайн улсын цэргийн албан
хаагчдын ур чадвар, мэдлэг боловсролоор л дүгнэгдэх байх.

Ингэж хэлснээр бид хоёрын яриа өндөрлөлөө. Нэгдүгээр дамжааны сонсогчийн
ийн хэлсэн цөөн үг, цэгцтэй яриагаар дүгнэхэд төгсөх курсын сонсогчид
илүү ихийг ярих байсан биз. Даанч монгол цэргийн өдөрт зориулсан арга
хэмжээ нь төгсөх дамжааны оюутнуудыг “дайчилсан” тул олж уулзаж
чадсангүй.

бид төгсөгчдөөрөө бахархана

Тус сургууль дотор алхаж явах үест барилга байгууламж нилээд хуучирсан
юмуу даа гэмээр санагд­лаа. Гэсэн хэдий ч байгаа дотор нь цэмбийтэл
гоёсон “эхнэр”-ээр тус айлыг дүгнэдэг шиг сургуулиа өөрсдийн боломжоор
тохижуулж, өдөр тутамд өөд татаж явдаг нь илт анзаарагдаж байв. БХИС-ийн
Сургалт эрхэлсэн дэд захирал Ж.Энхбаяртай уулзаж  сургуулийн онцлог,
сургалт боловсролын талаар  хариулт авлаа.

-БХИС-ийн хувьд бусад их, дээд сургуулиудаас сургалтын онцлог үйл ажиллагаа ямар ялгаатай байдаг вэ?

-Батлан хамгаалах их сургууль бол мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж
байсан ууган сургуу­лиудын нэг. Учир нь 1990 оноос хойш нийгмийн нэг
тогтолцоо нөгөөгөөр со­лигдсноос хойш энэ 20 жилд БХИС-ийн сургалт,
боловсрол үйл ажиллагааны агуулга технологи, бүтэц зохион байгуулалтад
их олон өөрчлөлт гарлаа. Шинэ тогтолцооны үед БХИС төлөвшил хөгжлийнхөө
шинэ үед явж байна гэж ойлгож болно. Дэлхий нийтийн боловсролын төвшин,
чиг хандлага, шаардлагад нийцэж, одоогийн их сургуулийн бүтэц зохион
байгуулалтад сур­гал­тын агуулга технологийг бо­ловсронгуй болгох, ажил
олгогч болон суралцагчдын эрэл хэрэгцээнд тулгуурласан сургалт
боловсролын ажил үйлчилгээг илүү чанартай олгох, сурагч багш хоёр
хамтарч шинэ мэдлэг бүтээх, суралцагдын сэтгэл ханамжид нийцсэн
боловсролын үйлчилгээ үзүүлэх эрхэм зорилго сургуулийн зүгээс тавьж
ажиллаж байгаа. Юуны өмнө БХИС 2008 онд хоёр дахь шатны ахисан
төвшингийн магадлан итгэмжлэгдсэн их сургууль болсон. Энэ бол
боловсролын хам­гийн том шалгуур үзүүлэлт. Нөгөө талаар БХИС-ийг 2020 он
хүртэл хөгжүүлэх урт хугацаатай мастер төлөвлөгөөг гурван үе шаттайгаар
хэрэгжүүлнэ. 2010-2012 он, 2012-2016 он, 2016-2020 он хүртэлх гэсэн үе
шаттайгаар БХИС-ийг орчин цагийн шаардлага шалгуурыг хангах зорилгыг
ойлгомжтой,цэгцтэй байд­­­­­­­лаар тусгасан байгаа. Мастер төлөвлөгөөтэй
холбогдуулаад БХИС-ийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөн. Бүтэц
зохион байгуу­лалтыг шинэчлэх гэж буй асуудал нь аливаа байгууллагын 30
хувьд нь хамаарна. Үлдсэн 70 хувь нь энэ сургуулийн эрдмийн хамт олны
идэвхтэй үйл ажиллагаанаас хамаардаг. Эрдмийн хамт олноос энэ сургуулийн
суралцагчдын сэтгэл ханамжид нийцсэн боловсрол олгоход чиглэгдэж байна
гэсэн үг.

-Төгсөгчдийн ур чадвараар багш нарын бүтээмж үнэлэгддэг. Танай сургуулийн багш нарын ур чадвар ямархуу төвшинд байгаа вэ?

-Харилцан адилгүй. Харьцангүй ойлголт. Зарим нь шаардлагад нийцсэн
байхад, нөгөө нь хангах хэмжээнд хүрэхгүй байх жишээтэй. Тиймээс ялгаж
салгах, шаардлага хангаагүй багш нартаа хугацаатай үүрэг өгөх,
мэргэшүүлэх сургалтад хамруулах юм. Манай сургуулийн багш нарын 20 орчим
хувь нь эрдмийн зэрэг цолтой, 60 орчим хувь нь магистрийн зэрэг цолтой.
Чанартай үйлчилгээ үзүүлэхэд боловсролын салбарт сайн багшийг л бэлтгэх
шаардлагатай. Багш, сурагч хамтарч мэдлэг эзэмших ёстой. Заавал багш
хүн бүгдийг заах биш, суралцагч багштайгаа хамтарч ажиллах, эрэл
хайгуулийг хийх хэрэгтэй. Энэ хандлага руу манай сургуулийн сургалтын
арга барилыг чиглүүлж байгаа. БСШУ-ы сайдын тушаалаар манай сургууль
иргэний мэргэжил олгохыг зогсоосон. Цаашид дан ганц цэргийн мэргэжилтэн
бэлтгэх сургалтыг явуулна. Манай сургууль бол Монгол Улсад аюулгүй
байдлын тусгайлсан чиг үүрэгтэй цэргийн бүх шатны сургалтыг явуулдаг.
Цэргийн доктор, магистрийн сургалт явуулдаг цорын ганц сургууль. Өнөөдөр
док­торантурт аюулгүй байдал, цэрэг батлан хамгаалах, техник, цэргийн
түүх гэсэн дөрвөн чиглэлээр бэлт­гэж байгаа. Докторантурт 60 гаруй,
магистрантурт 100 гаруй хүн сурал­цаж байна.

-90 жилийн хугацаанд хичнээн цэргийн боловсон хүчин бэлтгэн гаргав аа?

-90 жилийн ойг зохион байгуулах даргын хувьд БХИС-ийн эрдэм шинжилгээний
хүрээлэн дээр судалгааны ажлын даалгавар өгсөн байгаа. Дөрөвдүгээр сард
багтаагаад 90 жилийн хугацаанд төгсөн гарсан боловсон хүчний ажил
мэргэжил, овог нэр, анги нэтгэл, одоо ажиллаж байгаагаар нь нарийн тоо
судалгаа гаргах юм. Баримжаагаар 30 гаруй мянган цэргийн албан хаагчдыг
бэлтгэсэн  болов уу. Үүнээс гад­на өнгөрсөн хичээлийн жилд “Тэмүү­жин
Өрлөг” тусгай бага сургуулийг байгуулсан. Одоо тус сургуульд ерөнхий
боловсролийн сургуулийн 5 дугаар анги төгссөн хүүхдүүдийг тусгай
шалгуураар сонгож авсан байгаа. Цаашид цэрэг эх оронч байдлыг
төлөвшүүлэх зорилгоор ерөнхий боловсролын үзэх ёстой хичээлүүдээс гадна
цэргийн эрдмийн  гүнзгийрүүлсэн сургалт явуулах юм. 7, 8, 9, 10, 11
дүгээр анги буюу таван жил суралцана гэсэн үг. Энэ сургуульд суралцсан
хүүхдүүд цаашид цэргийн мэргэжлээр элсэн суралцах суурь тавигдах юм.
Бага наснаасаа цэргийн хүн болох эх суурь нь тавигдаж байна гэсэн үг.
ОХУ-д Суворовын сургууль гэж байдагтай л адил төвшинд бэлтгэнэ. Энэ бага
сургуульд элсэгчдийн хувьд шалгуурыг маш өндөр хэмжээнд явуулсан.

-Энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй албан хаагчдын хичнээн хувь нь танай сургуулийн төгсөгчид байдаг вэ?

-Энэ тоо бол тодорхой л доо. Монгол Улсын зэвсэгт хүчний үндсэн чиг
үүрэг нь эх орныхоо үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах үндсэн
үүрэгтэй. Үүнээс гадна үндсэн бус буюу олон талт үүрэг гэж бий.  Энэ
үүрэгт байгалийн гамшиг осол, НҮБ-ын мандаттай олон улсын энхийг дэмжих
ажиллагаанд оролцох ажлуудаар тодорхойлогдож байдаг. Үндсэн бус олон
талт үүрэгт энхийг дэмжих ажиллагаа багтаж байгаа. Энхийг дэмжих
ажиллагаанд өнөөдрийн байдлаар таван мянган цэргийн албан хаагч
ороллцсон гэх дүн мэдээ бий. Эдгээр албан хаагчдыг 100 орчим хувь манай
сургуулийг төгссөн офицер, албан хаагчид байгаа. 100 орчим гэдэгт бага
хэмжээний гэрээт цэргийн албан хаагчид байсныг үгүйсгэхгүй.

-БСШУ-ы сайд нар өнөөдөр танай сургуульд зочилж, ямар асуудлуудыг харилцан шийдвэрлэх тал дээр тохиролцов оо?

-Монгол цэргийн өдрийн өмнөхөн БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр манай сургуулийн
үйл ажиллагаатай танилцлаа. Бид үйл ажиллагаа, хүсэлтээ танилцуулснаар
сургуулийн спорт цогцолборын комплексийн өргөтгөлийн ажил, “Тэмүүжин
Өрлөг” бага сургуулийн байрны асуудлыг сайдын багцад тусгуулан ирэх
жилээс ажил хэрэг болгуулах талаар амаллаа. Цэргийн сургуульд тавигддаг
гол шалгуур бол бие бялдын шалгуур үзүүлэлт байдаг.

Хат суусан монгол цэргүүдийг НҮБ үнэлж байна

Хүний тавилан хүмүүжлээс Улсын тавилан байрлалаас гэдэг дээ. Хоёр том
гүрний хооронд орших манай улсын хувьд батлан хамгаалах салбар чухал.
Монгол Улсын Зэвсэгт хүчин харьцангуй богино хугацаанд НҮБ-ын
ажиллагаанд цэргээ оролцуулсан топ 40 орны тоонд багтаж байгаа нь манай
улсын цэргийн салбар ямар төвшинд байгааг илтгэж байгаа үзүүлэлт гэж
хэлж болно. Түүгээр ч зогсохгүй Зааны ясан эрэг, Турк зэрэг хэд хэдэн
орнуудад энхийг дэмжих ажиллагаанд хамтарч оролцох сана­лыг НҮБ-аас
Монгол Улсын Засгийн газарт хүргүүлжээ. Энхийг дэмжих ажиллагааны шанг
татсан цэнхэр дуул­­­гатны ажиллагааны арга тактик, туршлага, хат суусан
монголын олон арван цэргийн албан хаагчид Чад, ТАБНУ, Судан улсад
НҮБ-ын мандаттай ажиллагаанд оролцоход тулах хүч, түших багана болж
ир­сэнийг онцлох нь чухал. Эдгээр цэн­хэр дуулгатангуудад эр цэргийн хат
суулган өлгийдсөн Батлан хам­гаалах их сургуулийн үе үеийн
удирд­­­­лагуудад талархах учиртай. Ойг угтаад энд тэнд цуглаж идэж, уух
биш, энэ сургуулийн сургалтын агуулга чанарыг дээшлүүлэх асуудлыг
шийдвэрлэхэд нааштай алхмуудыг хийх ёстой гэдэг ажил хэрэгч санаа тус
сургуулийн удирдлагуудад биш­гүй их байгаа бололтой. Цэрэг эрс чадвартай
байна гэдэг дархан хил, үндэсний аюулгүй байдал халдашгүй байхын эх
үндэс.

Д.Долгор


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж