–“Тусгай салаа”-г үргэлжлүүлж, 30 ангитай цуврал хийх тухай дуулдаж байсан. Яагаад нэг ангит дэлгэцийн кино болгож хийсэн бэ?
-МҮОНТ-д олон хүн хандаж киног үргэлжлүүлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан.Нэгэнт бий болчихсон үзэгчдийн хүлээлтийг хүндэтгэж бид киногоо үргэлжлүүлэхээр шийдсэн. Эхэндээ 30 ангитай цуврал хийхээр манай продюссерүүд хөрөнгө босгохоор ажиллаж эхэлсэн. Тэр их хөрөнгийг олно гэдэг хэцүү шүү дээ. Ингээд олон хувилбараар хэлэлцэж, ярилцсаны эцэст эргээд зардлаа нөхөх байдлаар дэлгэцийн кино хийх шийдвэр гаргасан. Эрсдэлийг нь уран бүтээлчид өөрсдөө үүрч, их хэмжээний зээл авч бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээж ард олныхоо хүсэлтийг биелүүлж байгаа хэрэг юм.
-Таны бичсэн “Хэцүү анги”, “Тусгай салаа” хоёр руу монголчууд тэр аяараа хошуурсан гэхэд болно. Юугаараа тэгтлээ хүмүүсийн сэтгэлийг татав аа? Таны өөрийн дүгнэлт юу байх бол?
-Инжинаашийн “Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийрийг хөшихийн учир юу билээ” гэдэг үгийг л гол чиг шугамаа болгодог. Агуу их санааны төлөө хөөцөлдөх бус бодит амьдралыг сэтгэл хөдлөхүйц өнцгөөс нь харж бичихийг чармайдаг. Хөдөөнөөс цэрэгт ирж буй жирийн л нэг залуу харагдаж байгаа ч Дэндэвт хүмүүний бүхий л сайхан чанарыг шингээж, дөрөвдүгээр ангиасаа сургуулиас гарсан хөдөөгийн хүүгийн ааш авирыг үнэмшилтэй бичиж гаргаж өгснөөр үзэгчдэд маш сайхан мэдрэмж, сэтгэл хөдлөлийг бий болгож чадсан болов уу. Хүн бүр л Дэндэвийг хайрлаж, өхөөрдөж, инээж байлаа шүү дээ. Сүлд гэхэд бас л байдаг л нэг чинээлэг айлын эрх дураараа хүү. Гэтэл тэр юугаараа тэгтлээ хүмүүсийн сэтгэлийг татав аа? Санасандаа хүрэх гэсэн асар их эрмэлзэл, эрч хүч, тууштай чанар, бас ааваас нь дамжиж ирсэн хүнлэг чанарыг түүнд шингээгээд өгчихсөн учраас үзэгч догдлон байж Сүлдийн дараа дараагийн үйлдэл, хазгай гишгэлт алдаа, оноог нь хүлээж, догдлон байж үзсэн.
-“Тусгай салаа” киноны дүрүүд бүгд эерэг. Яагаад?
-Зохиолыг бичиж байхдаа би “Миний одоо бичиж буй зохиолд эсрэг дүр байхгүй” гэхээр хүмүүсийн нүд орой дээрээ гарч гайхаад “Чи шууд сүйрнэ! Ямар ч зөрчилгүй зохиол гэж юу байдаг юм? Чиний киног хэн ч үзэхгүй, дампуурна” гэж байлаа. “Хэцүү анги”-ийг асар том зөрчлийг гаргаж тавьсан болохоор нь хүмүүс үзсэн гэцгээсэн. Гэхдээ Монголын ард түмэн гэгээлэг юмыг ямар их хүлээж байсан бэ гэдэг харагдаж байгаа юм. Компанийн захирал Даваа ямар гоё хүн билээ. Ээж нь бас хэдий хөрөнгө мөнгөтэй сэхлүүн байрын хүн боловч хүнийг ялгаварладаггүй хөдөөний хүү ороод ирэхэд “Миний хүүгийн найз Дэндэв чинь энэ үү?” гээд л сайхан угтдана.
-Тэгэхээр хүлээлтээр төрсөн дүрүүд гэж үү?
-Тийм. Улс орон маань хүнд хэцүү эгзэгтэй үед байна. Хэвлэл мэдээллээр дандаа хар бараан зүйл, “Аллаа, хядлаа, сүйрлээ, сөнөлөө” гэсэн мэдээ. Гэтэл яахаараа бид ард түмнээ гэрэл гэгээтэй зүйл рүү хөтөлж болохгүй гэж? гэсэн асуултыг өөрсдөдөө тавьж байж ийм шийдлийг гаргасан. Ард түмний сэтгэл зүйг гэрэлтэй гэгээтэй болгоход бага ч болов хувь нэмэр оруулахын төлөө л ийм бодлого баримталсан. Манай кино бидний бодлого зөв байсан, Монголын үзэгчид гэгээлэг гэрэлтэй зүйлээр цангачихсан байсан гэдгийг харуулсан.
-Хоёрдугаар ангид ч энэ бодлого үргэлжлэх үү?
-Нэгдүгээр ангид хүн чанар? хүн чанартай чанартай байхын утга учрыг өгүүлэхийг зорьсон. Баян айлын сэхүүн хүүхэд ч, хөдөөний эгэл бор залуугийн хүн чанар ямар юман дээр ямархуу байдлаар илрээд байна вэ гэдэг зүйлийг гаргаж тавихыг хичээсэн. Хоёрдугаар анги дээр Дэндэв чинь бас л хүн чанараа тавиагүй л явж байгаа . Хүний хүн чанар цусанд нь шингэчихсэн зүйл байдаг юмаа. Дэндэв хүний өмнөөс өөрийнхөө толгойг тасдуулах гээд зүтгээд, найз Сүлд нь “Хүний төлөө тэнэг юм уу чи?” гэж уурлаад л. Хотод өссөн залуугийн найзынхаа төлөө гэх сэтгэл нь үүн дээр гарч ирнэ.
-Харин Сүлд ямаршуу болсон байх бол?
-Буурь суучихсан байна. ОХУ-ын Рязань хотын Команд десантын дээд сургууль төгсөөд ирчихсэн залуухан дэслэгч дайчин шаргуу, тууштай зан чанар нь хэвээрээ. Сүлд ард түмний хайртай баатар шүү дээ. Дайчин шаргуу болохоор нь хүмүүс түүнийг их хайрласан. Санасандаа хүрнэ гээд зүтгэчихдэг. Бүх зүйлийг санаснаараа болгож байж л санаа нь амардаг хүн. Алдаж эндэх зүйл байдаг ч цаана нь хүн чанар яваад л байдаг. “Тусгай салаа 2”-т баатруудын маань таван жилийн дараах амьдрал гарч байгаа юм.
-Энэ ангид бас эсрэг дүр байхгүй юу?
-Нэг ангит кино өөр шүү дээ. Өмнөх ангийг бид хүүхэд залуучуудын эх оронч сэтгэлгээг өргөхийг бодож хийсэн. Хар бараан зүйл оруулаагүй. Тэгвэл бид эх орноосоо урвасан болчих гээд байсан. Эхний анги маань армийн нэр хүндийг өндөр өсгөчихлөө, хоёрдугаар ангид зөрчилтэй зүйлийг оруулаад өгөхөд буруудахгүй болов уу гэж бодоод. Дүрүүдийг маань хүмүүс мэддэг, хайрладаг болчихсон болохоор эсрэг дүр оруулаад ирэхэд гэмгүй гэж бодов. Нэгдүгээр ангид огт зөрчилгүй гэвэл бас худлаа шүү дээ. Дэндэв Сүлд хоёрын биеэ үл ойлголцсоноос гарсан бяцхан зөрчлүүд, Түвшин биеийн хүчний бэлтгэл сургуулиа хүчрэхгүй шантрах, Тамираагйин хардалт гэх мэт олон жижиг зөрчлүүд яваад л байсан.
-“Тусгай салаа-2” хэр сайн кино болсон бэ? Өөрийн дүгнэлтийг сонсъё?
-Хүмүүс намайг их айлгасан “За, Амараа юмыг үргэлжлүүлэхээр эхнийхийгээ унагаачих гээд байдаг шүү” гэж их айлгасан. Бид бодож нэлээд тунгааж ярилцсаны эцэст багаараа шийдвэр гаргасан. Үзэгчдийн хүлээлтийг хүндэтгэе, зориглоод киногоо хийе гэж шийдсэн. “Тусгай салаа 2”-ын зохиолыг би бараг л арван удаа задалж, өөрчилж бичсэн. Бүгдээрээ зохиол дээрээ ажилласан гэхэд болно. Ерөнхий продюсер Ц.Оюундарь, ерөнхий найруулагч Ж.Батбаяр, ерөнхий редактор Д.Эрдэнэцэцэг, найруулагч Л.Ариунжаргал гээд л бүгдээрээ сууж зохиолоо шүүрэн шанага болтол хэлэлцээд, “Ингэвэл яасан юм? Тэгвэл яасан юм?” гээд л зөвлөж байсан. Долоо дахь удаагаа өөрчилж бичээд байж байтал дахин хэлэлцээд зохиолыг бүр орвонгоор нь өөрчлөх болдог юм байна. Хэлэлцэж байхдаа болмоор юм шиг санагдаад, хүрч ирээд дахин бичих гэсэн чинь Дэндэв маань кино эхлэхээс дуусах хүртэл ажилгүй “лааз өшиглөж” явсаар байгаад хамгийн сүүлд нь арай гэж албандаа буцаж орж байгаагаар төгсөх шугам болчихсон байдаг. Тэгээд л би өөрийнхөө шугамыг хамгаалж зүтгээд л, “Арай ч дээ бид чинь цэргийн кино хийж байна, миний шугамаар явахгүй бол болохгүй нь!” гэж зүтгээд, найруулагчийнхаа оновчтой гэсэн зүйлсийг оруулъя, энэ шугамаа би өөрчлөхгүй гэсэн. Ингэж л найм дахин бичсэний дараа зохиолоо хүлээлгэж өгсөн дөө. Ингэж олон хүний санаа тусч, олон тархи ажилласан болохоор зохиол сайн болсон, өмнөхөө унагаана гэж айх зүйлгүй гэж бодож байгаа.
-Энэ удаа судалгаа хэр хийсэн бэ?
-Эхлээд БХЯ-н дээр генерал М.Борбаатар тэргүүтэй хүмүүстэй уулзаж ярилцаж яг ямар үйл явдал оруулах вэ гэдгээ зөвлөлдсөн. Олон ч удаа уулзалт хийж, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг авч байлаа. Гэрээт цэрэг, жинхэнэ тусгай бүлгийн дайчид гэж хэн юм бэ гэдгийг кинондоо гаргах гол зорилгоо ярилцаж тогтоосон. 016-р ангид судалгаагаар очиж, хэд хоног байрлаж, танкийн офицер, ахлагч, байлдагчидтай уулзаж, хичээл сургалтыг нь ажигласан. Аз болоход ангийн захирагч хурандаа Д.Батбаатар хуучин 084 дүгээр ангийн захирагч байсан болж таарч миний ажлыг хөнгөвчилж өгсөн. Тэр өөрөө шүхрийн хоббитой дэлхийн бараг л бүх улсын шүхэр десантын таних тэмдгийг цуглуулсан, ханаараа дүүрэн тэмдгийн цуглуулгатай хүн байсан. Хурандаагаас их зүйлийг сонсож мэдсэн. Гэрээт цэргүүдтэй хамт нэг байранд амьдарч ямаршуу бодолтой явдгийг нь ярилцаж мэдэж авсан даа.
-Зохиолыг хэдий хугацаанд бичсэн бэ?
-Цагаан сарын шинийн нэгний өглөө хүмүүс баярын уур амьсгал орсон байхад би зохиолоо нухаад л, “Дүү нар оройтож ирж золгоосой” гэж дотроо бодоод л notebook-ээ тэврээд сууж байлаа. Олон удаа зохиолоо задалж бичсээр байтал бүтэн сар өнгөрсөн байсан. Өмнөх 60 ангийнхаа зохиолыг хоёр сарын хугацаанд бичиж байсантай харьцуулахад их хугацаа орсон доо. Олон ангит киноны зохиолыг долоо хоногт арван ангийн зохиолыг бэлэн болгоод мэйлээр илгээдэг. Багийнхан маань телевизийн өдөр тутмын ажилтай учраас бараг л уншиж амжаагүй байхад нь дараагийн арван анги хүрээд ирдэг. Тийм болохоор нэг их засвар оруулах хугацаа байдаггүй. Тэгээд ч засвар хийх цаг хугацааны боломж бараг л үгүй шүү дээ. Харин тэгтэл сая бичсэн бүрэн хэмжээний уран сайхны киноны 30 гаруй хуудас зохиолыг маань хүн болгон уншиж амжаад “зад” хэлэлцээд, дахин дахин бичүүлсээр байтал сар болчихлоо доо. /инээв/
-Ямар ч гэсэн шинэ дүр нэмэгдэж орсон юм байна уу?
-Дэндэвийн найз охин Чимгээ Герман явчихсан. Дэндэв гадаадад очиж галууны мах зулгаахгүй гэж зөрүүдлээд. Гурван жил өнгөрөхөд Чимэг өөр хүнтэй суучихна. Ингээд Дэндэв маань өөр шинэ хайртай учирч, Сарангоо гээд зураач бүсгүй гарч ирнэ дээ. Бас Батхуяг гэж албан тушаал хөөцөлддөг, атаач жөтөөч, хүн муутай залуу бий. Хуучин гэр бүлүүд маань овоо бүл нэмсэн байгаа. Хурцынх хоёр хүүхэдтэй. Таван жилд хоёр хүүхэд гаралгүй яахав. Сүлдийнх нэг охинтой. Охин нь дандаа байлдаж тоглодог учраас Сүлд, Номин хоёр надаас, чамаас болж байгаа гээд хоорондоо маргаад л “Тусгай ангийн ахлагч ээжтэй юм чинь ингэж тоглохгүй яадаг юм бэ?”, “Үгүй чи өөрөө 084-ын тусгай ангийн дэслэгч юм чинь чамайг дуурайж байгаа юм” гээд л. “Хоёр улаан туг биеийнхээ улааныг гайхав” гээд ярилцаад байж байх жишээтэй. Түвшин яамны ахлах мэргэжилтэн хүртэл дэвшээд ажиллаж байна.
-Яагаад өвлийн цагт зураг авалтаа хийв? Үзэгчид хүлээж байгаа гээд яаравчлав, эсвэл?
-Миний яг ярья гэж бодож байсан зүйлийг асуулаа. Армийн генерал Б.Дорж гэдэг хүн төрсөн нутагтаа эрчүүдийн чөмгийг царцаам “Хүйтний хөндий” гэдэг хүйтэн газар 016 гэдэг цэргийн анги байгуулсан. Монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ийм газар алба хааж байж хат сууна гэж хэлээд тэнд цэргийн анги байгуулсан юм билээ. Манай багийнхан тэнд зураг авалт хийлээ шүү дээ. Гараад ороод ирэхийн хооронд л хөлдчих гээд, зураг авалтын үед камер, батерей царцаад л. Тэр камерууд мэдээж Монголын “Хүйтний хөндий”-д зориулагдааагүй учраас /инээв/ Монголын кинонууд зуны дэлгэр цагт зураг авдаг, өвлийн зураг авалт бараг л байгаагүй. Монгол цэрэг эрсийг монголын өвлийн жаваргүйгээр яаж төсөөлөх вэ? Тиймээс л өвөл зураг авалт хийсэн маань маш их чухал хэрэгтэй зүйл болсон.
-Киноны дуу хэрхэн төрсөн түүхээс сонирхуулахгүй юу?
-Дууны үгээ би өөрөө хийж, Б.Бат-Эрдэнэ /Аранза/ хөгжмийг нь бичсэн. “Чингис хаан” хамтлагийн Д.Жаргалсайхан дуулсан. Дууны үг гэдэг чинь өөр зүйл байдаг юм байна л даа. “Тусгай хорооны дайчид алхана, Тусгаар улсын цэрэг алхана, Тусгал цэцэн зэвсгээ мөрлөөд” гээд л “Тус” гэдгээр мөр ижилсүүлээд бичсэн байсан. Дуулахаар үгийн цохилт нь одоо дуулж буй хувилбарынхаас сүр муутай сонсогдоод ерөөсөө болохгүй байсан. Ингээд л өмнө нь өөрөөр бичсэн хувилбараасаа мөр оруулж дуулуулсан. Аранза инээгээд л “Чиний л бичсэн үг шүү” гээд байдаг. Надад болохоор тусгай, тусгаар, тусгал гээд эхэлж байвал сонсголонтой баймаар. Гэхдээ дуу л бичиж байгаагаас цааш дуулахад аль нь зохимжтойг нь сонгох нь зөв юм билээ. “Алтрах харгуйг ээжүүд харуулдана, Алсрах жагсаалд цэргүүд жигдрэнэ” гэснийг алтрах, алсрах гээд үгнүүд дуулахаар бас л биш сонсогдоод явчихсан. Ийм л байдлаар газар дээр нь үгээ янзалсаар байтал дуу төрсөн дөө. Аранза маань хөгжмөө бичихдээ Жагаа ахыг бодож байгаад хоолойд нь тохируулж хийсэн юм билээ.
-Киноны трэйлерийг нь үзэж байхад нисдэг тэрэг, олон танк, байлдааны машинууд оролцуулж өндөр өртгөөр боссон нь харагдаж байсан.
-Афган, Чечений дайнд ах нар хэрэглэж байсан, дэлхийд алдартай байлдааны нисдэг тэрэг “Ми-24”-ийг бид киноныхоо зураг авалтад хосоор нь нисгэсэн. Бас “Ми-171” нисдэг тэргийг ч оролцуулсан. Ганц хоёрхон удаа нисгэж буулгаад зураг авахгүй нь мэдээж. Тэр олон нислэгүүдэд их хэмжээний зардал гарч таарна. “Ми-24” цагт дунджаар 780 литр шатахуун зарцуулдаг гээд бод. Бас танк 100 километрт 330 литр түлш зарцуулна. Ингээд үзэхээр ямар өндөр зардал гарсан бэ гэдэг ойлгомжтой. БХЯ, ЗХЖШ-ын туслалцаагүйгээр энэ кино босохгүй байлаа. Батлан хамгаалахын сайд Л.Болд, дэслэгч генерал Ц.Бямбажав, “Тусгай салаа-2” киноны ерөнхий зөвлөхөөр ажилласан хошууч генерал М.Борбаатар, хурандаа Д.Батбаатар, хурандаа Б.Дамба нартаа болон Монголын зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд баярласнаа хэлэх ёстой.